Д.Очирбат: Эрүүл мэндийн даатгалыг бие даалгана
2010.03.19

Д.Очирбат: Эрүүл мэндийн даатгалыг бие даалгана

УИХ-ын гишүүн Д.Очирбаттай уулзаж ярилцлаа.
Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийн зарим хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа гэж сонслоо. Эрүүл мэндийн салбарын уналтыг даатгалын тогтолцоотой холбон тайлбарладаг. Энэ хэр үнэний ортой вэ?

-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.
Сүүлийн үед эрүүл мэндийн салбарын асуудал хариулт нь яах аргагүй чухал болж байна. Эрүүл мэндийн салбарын талаар дутуу дулимаг ойлголттой, тэртэй тэргүй төсвөөс санхүүжээд явж л байдаг, цалингаа өгч л байдаг гэдэг ойлголт энэ салбарыг унтаа байдалд оруулжээ. Бусад салбарыг харахад зах зээлийнхээ гольдролоор явж, зовлон жаргалаа амсаад өнгөрчихсөн байна.
Гэтэл эрүүл мэндийн салбар социализмын үед ямар байсан, яг тэр чигээрээ үлдсэн. Сум, дүүргийн эмнэлгүүд нийлээд 360 гаруй орчим байдаг.
Тэд эдүгээ 20-30 жилийн өмнөх байдлаараа л байж байна. Нэг л түвшиндээ хэвтээ байдалтай, төсвөөс авдаг хэдэн төгрөгөөр цалингаа өгчихөөд, яг үндсэн зорилго болох иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах буюу бодлогын салбарын чиглэл нь алдагдсан. Үүний нэг жишээ нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоо. Даатгал гэдэг эрүүл мэндийн салбарын нэгхэн хэсэг нь. Даатгалын тогтолцоог боловсронгуй болгосноор эрүүл мэндийн салбар, түүний бодлого сайжирчихна гэвэл өрөөсгөл.
Тиймээс эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бодлогын хүрээнд даатгалын тогтолцоог өөрчлөх асуудал нь нэгээхэн хэсэг нь юм.
Сүүлийн үед эрүүл мэндийн салбарынхантайгаа нэлээд ярилцаж байна.
Тэд энэ салбарт юу хийх бол, УИХ-д ямар асуудлууд орох гэж байгаа бол хэмээн нэлээд хүлээлттэй байна. Үүнийгээ ч би энэ салбарт хийх ёстой үүрэг хэмээн бодож яваа.
Сүүлийн үед эрүүл мэндийн салбарын өөрчлөлтийн талаар хуулийн цогц бодлогын бэлтгэл ажлыг хийж байна. Намрын чуулганы төгсгөл хавьд Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл орж ирсэн. Хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцээд, дараа нь Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны тухай хууль орж ирнэ. Ингэснээр эрүүл мэндийн салбартаа хууль эрх зүйн хэмжээнд тодорхой өөрчлөлт хийх бодол байна.

-Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны тулгамдсан асуудал нь яг юу вэ?

Эргүүлээд би чамаас асууя. Чи эрүүл мэндийн даатгалын шимтгэл мэдээж төлж байгаа байх. Үүнийгээ чи ашиглаж чаддаг уу?
-Үгүй ээ. Яаж ашиглах юм?
-Гол асуудал энэ байна л даа. Ер нь ихэнх хүн үүнийгээ ашиглаж чадахгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалд төлдөг мөнгөөр таны эрүүл мэндийн төлөө юу хийж байна гэдгийг хэн ч мэдэхгүй явж байна.
Шимтгэл төлж байгаа хэсэг ч байна, төлж чадахгүй нь ч байна. Эрүүл мэндийн даатгалын сан бүрдчихвэл эргээд хүний эрүүл мэндийн төлөө бодитойгоор үйлчилдэг тогтолцоо бий болох юм. Харин энэ санд бүрдсэн мөнгөөр барилга байшин барих буюу эрүүл мэндийн бус үйлчилгээ үзүүлдэг тийм зүйлийг хааж өгөх зорилгыг агуулж байгаа. Хэд хэдэн улс оронд явж туршлага судаллаа. Эрүүл мэндийн яамныхантай уулзаж саналыг нь сонсч байна.
Иргэдийн эрүүл мэндийн даатгалыг төрөөс даадаг болъё, эрүүл мэндийн салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 8-10 хувийг, магадгүй 15 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг болъё гэж ярилцаж байна. Өнөөдөр бид Оюу толгой, Таван толгой гэх мэт газрын баялгийн тухай ярьж байна. Үүнтэй зэрэгцээд Монгол Улсын иргэний эрүүл мэндийг хамгаалах, газрын баялгаас орж байгаа мөнгөний тодорхой хувь энэ салбарт зарцуулагдах ёстой. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар хувийг иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, эрүүл мэндийн салбарт зарцуулдаг байх хэрэгтэй. Ямар хөнгөлөлтэдлэх ёстой юм, биөэ зөв авч яваад өвдөхгүй мөртлөө даатгал төлөөд байдаг ийм иргэнд тэр мөнгө бас зарцуулагдах ёстой л доо. Амралт чөлөөт цагаа аятай өнгөрүулэх, дасгал сургууль хийх зэрэгт нь тодорхой хувь нь энэ хүнд хүрдэг байх ёстой юм. Өөрөөр хэлбэл өвдөхийн тулд эрүүл мэндийн даатгал төлөхгүй гэсэн үг.
Үүнээс гадна гэр бүлийн даатгал байж болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл таны аав, ээж болон нөхөр чинь магадгүй хүнд өвчин тусаад эмнэлэгт очоод эмчлүүлэхэд түүний даатгалын мөнгө хүрэхгүй байвал та төлж байсан шимтгэлээсээ өгч болно. Уян хатан чиглэлээр тэр хүндээ шилжүүлж болно.
Ингэхгүй бол нэг сан руу ороод тэр мөнгө нь юунд зарцуулагдаж байгаа тэр зүйлийг ойлгомжтой болгохоор ажиллаж байна. Иргэн хүнийхээ эрүүл мэндийг хамгаалдаг ийм тогтолцоо байх юм.
-Яг ийм төсөл явж байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Хуулийн төсөл явж байна. Ажлын хэсгүүд байгуулагдсан.
-Эрүүл мэндийн даатгалыг бие даалгаснаар өөр ямар шинэчлэл авчрах вэ?
-Энэ асуудал хоёр яамны дунд маргаантай явж ирсэн. Одоогийн бидний ярьж буй төслөөр энэ даатгалыг бие даалгая гэж ярьж байна. Хэн нэгэн сайдаас хараат бус, Засгийн газрын агентлаг хэлбэрээр байгуулагдаж, тэндээсээ иргэдтэйгээ, эрүүл мэндийн байгууллагатай шууд тулж ажилладаг, эрүүл мэндийн чанартай үйлчилгээг шууд худалдаж авдаг ийм бие даасан байгууллага байх юм.

-Өвдөхгүй бол тэр иргэнийг хэрхэн урамшуулах вэ?

-Эрүүл мэндийн сан нь өвдсөн хүндээ биш өвдүүлэхгүй байх, иргэнээ эрүүл байлгахын төлөө урьдчилан сэргийлэх тал дээр анхаарах ёстой юм. Бас нэг гол ажил бол энэ. Тиймээс чөлөөт цагаа зөв өнгөрөөх, бодибилдинг, фитнесс, амралт сувиллын газарт эрүүл мэндийн даатгалаас мөнгө төлж урьдчилан сэргийлэх чиглэлийг барьдаг байх ёстой.

-Энэ хууль хэдийгээр батлагдах вэ?

-Энэ хаврын чуулганаар амжвал оруулна. Бэлтгэл ажлуудыг нэлээд сайн базааж байна. Хэт яарч байгаад гоомой хийвэл маш алдагдалтай. Дутуу дулимаг шийдвэр гарчихвал бараг хийгээгүй байсан нь дээр.

-Даатгалын тогтолцооны хөгжлийн стратеги нь юу вэ?

-Дэлхийн маш олон орны туршлагыг харж энэ хууль дээр ажиллаж байна. Эстони, Тайланд, Филиппин, БНСУ зэрэг улсад эрүүл мэндийн даатгалыг яаж хийж байсан, хуучин соц орнууд энэ даатгалаа яаж авч явж байна гэдэг чиглэлээр туршлага судлуулж, ажлын хэсэг байгуулсан. Бас тухайн иргэний эрүүл мэндийн болон иргэний   бүх мэдээллийг цэгцэлж авах шаардлагатай байна.