Ж.Дамдинсүрэн: Таван автобус гарахгүй бол 500 хүн хохирно
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн
2013.05.20

Ж.Дамдинсүрэн: Таван автобус гарахгүй бол 500 хүн хохирно

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэнтэй том оврын автобусны жолооч, кондукторын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ярилцлаа.  

-Том оврын автобусны компаниуд хөдөлмөр аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа гэж та үздэг вэ?

Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдэд хамгийн тулгамдаж буй асуудал нь хөдөлмөрийн аюулгүй байдал болчихоод байна.

- Чухам ямар учраас асуудал үүсгэж байна гэсэн үг вэ?

Манай жолооч, кондукторууд уртасгасан цагаар ажиллаж байгаа нь тэр асуудал юм. Онолын үүднээс кондуктор, жолооч хоёр шугаманд долоон цаг ажиллах ёстой, нэг цаг нь ажлын бэлтгэл, буух, суух цаг байдаг.

Нэг автобус өдөрт шугаманд хуваарийн дагуу 14 цаг явах ёстой. Үүнд компаниуд хоёр ээлж гаргах ёстой. Гэтэл ээлжгүйгээс болоод жолооч уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Өглөө 6,30 цагт ажилдаа ирэхийн тулд өглөө 4 цагт босч гэрээсээ гараад, орой 22.30 минутанд бууна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ингээд бодохоор бараг 17 цаг ажиллаж байна. Гурван ээлжтэй байх шаардлага тулгарч байна. Ганц, хоёр ээлжээр явах нь хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчиж байгаа хэрэг. Гэтэл ингэж явуулчихаад илүү цагийн мөнгийг нь өгдөггүй дутагдал их байдаг.

-Өнгөрсөн жил нэг автобусны жолооч ээлжгүй ажилласнаас болж Энхтайваны гүүр давах шахсан тохиолдол гарсан. Энэ мэт хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөнөөс болж олон хүний амь нас хохирох шахсан. Нэг асуудал цаанаа олон үр дагаврыг авчирдаг. Нийтийн тээврийн салбар хувьд шилжсэн нь зардлаа хэмнэж, цөөн хүн ажиллуулах бодлогоос олон зүйл шалтгаалж байх шиг?

Мэргэжлийн хүн байхгүй учраас уртаар ажиллаж байнаа. Компаниуд хоёр ээлжээр ажиллуулж чадахгүйд хүрч байна. Автобус1, 3 гэсэн газрууд л 60-70 хувиар ээлж сольж байна.

өдөрт нийслэлийн 11 чиглэлд 88-100 автобус гардаг

1999 оноос төр тарифыг нь хатуу тогтоогоод барьчихсан учраас хувийн газрууд өөрийгөө санхүүжүүлээд явчихсан. Хүндээ хангалттай цалин өгч чадахгүйд хүрч, нийгмийн асуудлыг нь шийдэж чадахгүй байна. Энэ салбарт тогтвор суурьшилтай ажиллах хүн олдохгүй байгаа юм.

-Энэ байдлаас болж эргээд иргэд л хохирно шүү дээ. Тэгэхээр яах ёстой вэ?

Тийм ээ. Жолооч, кондукторыг хүмүүс соёлгүй, эргэлт гүйцэх гэж жолоогоо мушгиж, хурдан явж уралддаг гэж шүүмжилдэг. Хамаг мууг нь тэр хоёр луу чихээд байгаа ч яг нарийндаа төр өөрөө аюулгүй ажиллагааг нь алдагдуулсан. Мөн нийтийн тээвэр графикийг нь буруу гаргаж өгч байгаа юм. Сунгахаа л бодоод байх биш, тэнд ажиллаж байгаа хүмүүсийг бодохгүй байна.

Үнэндээ автобусныхан ТҮК-ийнхэнтэй адилхан өглөө үүр цүүрээр босдог. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг нь шалгаад өнөөдөр ажиллах боломжгүй гэж хэлж болдоггүй. Хэлсэн байсан ч тэнд толгойтын эцэст 50-60 хүн автобус хүлээгээд хөлдөж үхэх гээд зогсч байхад ажиллахгүй гэх эрх байхгүй. Ерөнхийдөө жолооч, кондуктор хүнд хортой нөхцөлд ажилладаг. Кондуктор өдөржингөө сэгсчүүлж, сэгсэргээтэй явдаг, байнгын хөдөлгөөнтэй явдаг эмэгтэй хүний эрүүл мэндэд маш муу. Эмэгтэй 45 нас, эрэгтэй 50 настай тэтгэвэрт гарах эрхтэй байдгийг бодоод үзэхээр хортой нөхцөл нь үнэн шүү. Дизель түлш бас их хортой. Кондукторыг ааштай гэдэг ч өглөө 4.30 цагт босч ирчихээд өдөржингээ сэгсрээтэй юман дотор, босоогоороо явж байгаа ш дээ. нэг минут ч суух зав байхгүй.

-Танайхаас нийтийн тээврийнхний эрүүл мэндийн байдлыг судалсан судалгаа байгаа юу?

Том компаниуд жилд нэг удаа ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Гэхдээ тэднийг хамруулах их хэцүү. Өглөө 9 цагаас үзлэгт оруулья гэхээр тавин хувь нь шугаманд, орой хэсгийг нь үзэж амждаггүй.

- Кондуктор, жолооч хоёр өглөө ажилдаа ирээд хөдөлмөр хамгааллын зүгээс бэлтгэлээ хангаж, хэрвээ ээлжгүй нойр дутуу явсан бол  ажиллахгүй гэж хэлэх эрх байгаа юу?

Байхгүй. Яагаад гэхээр өөрөө жолооч ажиллахгүй бол орбитын эцэст 50,60 хүн осгож үхэх гэж байгаа ш дээ.  Тэнд хүн байгаа. Өөрийнх нь бие муу байсан ч тийшээ явдаг.

-Нийтийн тээврийн салбарыг улс орнууд төрөөсөө санхүүжүүлдэг. Харин манайд хувьд байдаг учраас олон асуудал гарч байна гэж харагддаг?

Бид сүүлийн үед нэг л зүйлийг ярьж байна. Нийтийн тээврээр 600 мянган хүн л үйлчлүүлдэг. Тэдний 300 мянга нь төрөөс даалгадаг. Үлдсэн хүмүүс нь дандаа орлого багатай, ажилгүй иргэд байдаг. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цагдаа, оюутан хүмүүс үнэгүй зорчихын хажуугаар өөр олон халамжийн мөнгө авдаг. Гэтэл нийгмийг нуруундаа үүрч яваа ажилтай иргэдэд ямар ч хөнгөлөлт, чөлөөлөлт байдаггүй. Ийм ялгавартай байж болохгүй.

Нийтийн тээврээр 600 мянган хүн л үйлчлүүлдэг.

Нарийн яривал үндсэн хууль зөрчиж, ард иргэдээ нас хүйс, боловсрол мэргэжлээр нь ялгаж байгаа юм. Гадуурхахаа болиод бүгдийг нь үнэгүй болгох хэрэгтэй. Ингэхдээ автобусаа уртын зайд нэг эцсээс нөгөө эцэс хүртэл явуулах бус богино рейс/тойрог/ хийлгэдэг болгоод ирвэл хотын төвд түгжрэл үүсэхгүй. Жолооч, кондуктор ч уурлаж, бухимдаж, хурдтай давхих хэрэггүй болно. Автобус кондукторгүй болж, кондуктор нь эмч, хөдөлмөр хамгаалагч болно.