Н.Алгаа: Хаана ч, хэзээ ч нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал байх ёстой
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал зарим газар хангалтгүй байгаагаас осол зөрчил нилээд гарсан. Гэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ярьж, хийж байгаа ажлууд харьцангуй бага байх шиг?
-2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль гарсанаас хойш аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулах болж, энэ чиглэлээр багагүй ажил хийж байна. Гэсэн ч уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны нэгдсэн бодлого, удирдлага хангалтгүй, аюулгүй ажиллагааны шинэ, дэвшилтэт онол, үзэл баримтлал, арга зүй, техник, технологийн талаарх мэдээлэл дутмаг, энэ чиглэлээр амжилттай ажиллаж буй нэгнийхээ туршлагаас суралцах, харилцан мэдлэгээ солилцох боломж бололцоо дутмаг байна.
Тиймээс Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хэвшүүлэхийн төлөө бодлого, үйл ажиллагаагаа явуулж байгаа манай ассоциаци эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулах боломжийг хамтдаа хайх, бие биенийхээ тэргүүн туршлагаас суралцах боломжийг нээх үүднээс
"Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал" бага хурал, үзэсгэлэнг хоёр дахь жилдээ өнгөрсөн хоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулсан.
-Компани байгууллагууд хэр ач холбогдол өгч оролцсон бэ?
-Бага хуралд төр, геологи, уул уурхай, эрчим хүч, барилгын салбарын төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл 320 гаруй төлөөлөгч оролцсон бол 22 аж ахуйн нэгж үзэсгэлэнгийн танхимд өөрийн үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны багаж хэрэгсэл, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан танилцууллаа. Өнгөрсөн 2012 оны бага хуралд 250 төлөөлөгч оролцож байсан.
-Энэ бага хурал, үзэсгэлэн зохион байгуулах зорилго нь юу байсан бэ?
-Уул уурхай болон хүнд үйлдвэрлэл хөгжихийн хэрээр сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн осол эндэгдэл буурахгүй байна. Манай уншигчид өнгөрсөн намар барилгууд дээр гарсан ослыг мэдэж байгаа. Тиймээс энэ хурал, үзэсгэлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг шийдэх арга замыг эрэлхийлэх, аюулгүй байдлыг хангахад тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрхшээлийг даван туулах боломжийг хамтдаа хайх, бие биенийхээ тэргүүн туршлагаас суралцах зорилготой байсан. Нэрнээсээ зорилго нь шууд мэдэгдэх байх.
-Энэ томоохон ажлын үр дүн ямар байна вэ? Аюулгүй байдал гэдэг нэг удаа яриад өнгөрөх зүйл биш байх л даа.
-Анхдугаар хурлаар хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байддын удирдлагын тогтолцооны нэгдсэн стандарттай болох асуудлыг чухалчлан үзэж хэлэлцсэн бөгөөд үр дүн нь MNS OHSAS 18001 стандартыг батлуулсан явдал юм.
Энэ жилийн хурал дээрх стандартыг яаж хэрэгжүүлэх, хэвшүүлэх тухай асуудалд түлхүү анхаарсан гэхэд болно.
Үнэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал бол нэг удаа яриад өнгөрөх зүйл биш. Үйл ажиллагаандаа мөрдөх ёстой "хууль" л даа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзлэх болсон эрдэс баялгийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулах боломжийг хамтдаа хайх, бие биенийхээ тэргүүн туршлагаас суралцах боломжийг нээх зорилготой уг арга хэмжээний цар хүрээ, ач холбогдол өсөн нэмэгдэж байна.
-Манай улсад бусдад жишээ болохоор эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хэрэгжүүлдэг компани олон байдаг уу?
- “Эрдэнэт үйлдвэр”, "Оюу толгой", "Энержи ресурс", "Бороо гоулд" гээд олон компани байна. "Эрдэнэт үйлдвэр" ХХК энэхүү бага хурлыг анх санаачилсан бөгөөд "Оюу толгой" ХХК уг арга хэмжээг эхнээс нь талархан дэмжиж, энэ жил ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны тэргүүн туршлагаасаа харамгүй хуваалцсан. Дэлхийд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаагаараа тэргүүлдэг "Рио Тинто" компани өөрийн олон жил мөрдөж, бий болгосон стандарт, дүрэм журам, соёлыг Оюу толгой төселд нэвтрүүлэн нутагшуулах талаар хийж буй ажлын туршлага, дэлхийн жишиг болсон удирдлагын тогтолцооныхоо тухай танилцуулсан нь бусад компаниудад ихээхэн ач холбогдолтой явдал боллоо. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарч ажиллах нь тухайн байгууллагын бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх үндэс суурь боддог.
-Бага хурлын материалтай танилцаж болох уу?
- www.safetyfirst.mn сайтаас танилцах боломжтой.