Хэд хэдэн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ
Төрийн байгуулалтын байнгын хороо
2013.02.19

Хэд хэдэн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр намрын ээлжит чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагнав. Тус байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, давхардсан тоогоор нийт 60 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнээс байнгын хорооны хуралдаанаар 34 хуулийн төсөл, 24 УИХ-ын тогтоолын төсөл, тайлан, мэдээлэл тус бүр нэгийг хэлэлцэж, 35 санал, дүгнэлт гаргажээ.
Тус байнгын хорооноос УИХ-ын болон УИХын дэгийн тухай хуулийн төслүүд дээр Р.Гончигдорж гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. Энэхүү ажлын хэсэг нь УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нийт дөрвөн хуулийн төслийг нэгтгэх юм байна. Тус байнгын хорооны дарга А.Бакей байнгын хорооноос хууль, тогтоолын төсөл дээр ажилласан талаар мэдээлсэн. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хяналт шалгалтын талаар тодруулан, бусад ажлынхаа талаар ч тодорхой тайлбар хийсэн юм.
Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг дэд хорооноос хийсэн ажлынхаа тухай мэдээлсэн. Ёс зүйн дэд хорооны дүрмийг шинэчлэн баталсан нь эхний ээлжийн ажил байжээ. Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлуулах асуудалд анхаарч байгаа гэнэ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 17 хууль баталсан байна.

Одоогийн байдлаар батлагдаагүй, хэлэлцүүлгийн шатанд таван хуулийн төсөл бий аж. Мөн УИХ-ын Тамгын газрын бүтцийг боловсронгуй болгох талаар УИХ-ын даргад зөвлөмж өгсөн байна. УИХ-ын хаврын чуулган эхлэх хүртэлх хугацаанд нэлээд хэдэн ажлын хэсэг байгуулж ажиллаж эхэлжээ.
Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж УИХ дахь бүх нам, бие даагчдын төлөөллийг оруулжээ. Түүнчлэн улстөрийн нам, түүний санхүүжилтийн талаар ажлын хэсэг байгуулж С.Баярцогт гишүүн ахлахаар болсон байна. Эдгээр ажлын хэсгүүд асуудлаа цэгцэлж ирэх дөрөвдүгээр сард эхлэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх аж.