Ёс зүйн дэд хороо дүрмээ шинэчлэв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2013.02.06./ хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хүргэе.
Анх 1990 оны үеэс л Парламентад УИХ-ын гишүүдийн ёс зүйн тухай болон Ёс зүйн дэд хорооны асуудал яригдаж ирсэн хэмээн УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг онцолж байлаа. Түүнээс хойш 2000 он хүргэж, мөн цааш арваад жил яригдаж явсаар 2010 онд УИХ-ын Ёс зүйн дэд хороо дүрэмтэй болсон түүхийг тэрээр сөхсөн юм. Гэхдээ 2000 оноос хойш энэ дэд хороо тодорхой дүрэмгүй байсан, мөн арван жилийн хугацаанд гуравхан удаа хуралдсан гээд зарим баримтыг судалгааны явцад олж харсан гэж тэрээр хэллээ.
Ёс зүйн дэд хорооны шинэчилсэн дүрмийг боловсруулахдаа баримт, судалгаа түшиж ажилласан төдийгүй бусад олон улс орны туршлагаас харж үзсэн, мөн холбогдох хууль тогтоомжтой нарийвчлан танилцсан талаар М.Батчимэг гишүүн өгүүлж байв. Тэрээр ёс зүйн дүрэмд дөрвөн өөрчлөлт оруулсан талаараа хэлж байсан. Тэдгээр нь сонирхлын зөрчил, авилгын асуудал, дүрэмд хяналт тавих, дэд хороог байнгын ажилтантай байлгах зэрэг гэдгийг ч тайлбарласан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт, Х.Тэмүүжин, Р.Бурмаа, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар санал бодлоо илэрхийлж, байр сууриа тодотгосон юм. “Парламентад итгэх олон түмний итгэлийг гишүүдийн өмнөөс хангаж ажиллах” нь Ёс зүйн дэд хорооны гол ажил гэдгийг УИХ-ын дэд дарга С.Баярцогт хэлж байсан. Тэрээр үүнд олон улсын туршлага хэрэгтэй гэдгийг ч мөн дурдсан.
Харин УИХ-ын дэд дарга М.Энхболд, уг дүрмийн шинэчлэлийг ерөнхийд нь дэмжиж буйгаа хэлээд, өмнөх парламентуудын үед Ёс зүйн дэд хороог голчлон цөөнхийн зүгээс удирдаж ажилласан юм байна. Тэгэхээр энэ уламжлалаа дагаж, цөөнхөөс удирдлага сонгож ажиллах тухайд саналаа хэлсэн юм. Харин энэ зарчмын зөрүүтэй саналаар байнгын хорооны гишүүд санал хураалгахад дэмжигдсэнгүй. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл мөн зарчмын зөрүүтэй гурван санал гаргасны хоёр нь унаж, нэг нь дэмжигдсэн. Тэр нь ёс зүйн дэд хорооны хуралдаан нээлттэй явагдах тухай бөгөөд хаалттай болох тухайд олонхийн саналаар шийднэ гэсэн найруулгын шинж чанартай санал байв.
Ингээд Ёс зүйн дэд хорооны дүрмийг шинэчилсэн найруулгаар нь батлах тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолын төслийг гишүүд дэмжсэн юм. Ёс зүйн дэд хорооны дүрэм нь УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасны дагуу Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг зохицуулахад оршиж буй юм.