Төрийг төлөөлөх ёстой улстөрчдийн “БИ” ихдэж, нийгмийг бүхэлд нь айдаст автуулж байна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.02.14

Төрийг төлөөлөх ёстой улстөрчдийн “БИ” ихдэж, нийгмийг бүхэлд нь айдаст автуулж байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Тантай урьд нь уулзаж байхад Засгийн газар бай­гуулагдаад 100 хоносны дараа дүгнэлт өгнө гэж бай­сан. Намрын чуулган өндөр­лөсний хойно Засгийн газар болон парламент хэр үр дүнтэй ажилласан гэж бодож байна вэ?

-Одоогоор Засгийн газарт үнэлгээ өгөх болоогүй байна. Өнгөрсөн хугацаанд АН-ын Засгийн газар МАН-ын Засгийн газрын хийсэн ажлыг гүйцээхээр зүтгэлээ. Шинэ он гарсан учраас шинэчлэлийн Засгийн газрын шинэ төсөв орж ирж байна. Өөрөөр хэлбэл, 2013 оноос үндсэн ажил нь эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй. Хууль эрх зүйн хүрээнд бодлогын нэлээд олон ажил хийгдсэн.

Эрх баригчид маань МАН-ын гарыг маш сайн хүлж байгаад улс­төрийн томилгоонуудаа хий­лээ, төсвөө баталлаа, гад­наас зээлээ авлаа. Нийгмийн чанартай хуулийн төслүүдийг УИХ-аар хэ­лэл­цүүлж баталлуулаа, за­римыг нь батлуулах гэж оролдлоо. Гэхдээ парламент гэдэг ардчиллын амин сүнс, үнэт зүйл учраас тэд үнэнд гүйцэгдлээ.

-Үнэнд гүйцэгдлээ гэдэг нь хүчээр батлуулах гэсэн хуулийн төслүүд буцсаныг хэлээд байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Эрх ба­ригчид ардчиллын үнэт зүйлд туйлын хортой, мөн чанараасаа ухарсан том хуу­лийн төслүүд оруулж ир­сэн. Газрын тухай хуу­лийн төсөл л гэхэд газар болон өвөлжөө, хаваржааны газрын хувьчлал, иргэдийн газрыг алба­дан чөлөөлөх зэрэг асуудал орж ирснээ намрын чуулганы хаалтын хуралдааны үеэр албан ёсоор буцаан татаж авлаа.  

Мөн хэвлэл, мэдээллийг боомилох гэж оруулж ирсэн Хэвлэл мэдээллийн эрх чө­лөө­ний тухай хуулийн төслөө бас л буцаан татсан. Иргэдийн мэдээллийг тө­рийн хамгаалалтаас гар­гах  ту­хай хуулийн төсөл, 1х100.000 нарийвчлалтай онц чухал нууцад ордог газрын зургийг ил болгох тухай асуудал нь мөн л уналаа. Өөрөөр хэлбэл, олон жил ярьсан үнэт зүйлийнхээ эсрэг хуулийн төсөл оруулж ирэхээр нийгмийн болон УИХ дахь улстөрийн хүч­нүүдийн дэмжлэг авахгүй унаж байгаа юм.   

-Гэсэн ч МАН бүлэгтэй болсон шүү дээ?

-Цөөнх бүлэггүй байна гэдэг нь Монгол Улсын ардчилал ямар хуурамч юм бэ гэдгийг харуулсан. Олон улсаас  дарамт шахалт үүс­сэн. Үүний хүчинд бид бүлэгтэй болж, байнгын хо­роодод орж ажилласан. Гэх­дээ хөл тушаатай хэвээрээ шүү дээ. АН-ын бүлгийн гишүүд гурван байнгын хороонд, МАН-ын гишүүн нэг байнгын хороонд орж байгаа.

Энэ нь УИХ-ын гишүү­дийг ялгаварлан гадуурхаж буй хэрэг. Үндсэн хуульд пар­ламентын гишүүн бай­тугай иргэдээ  ялгаварлан  гадуурхахыг хориг­лосон бай­даг. Гэтэл хууль тог­тоогчдыг гадуурхаж байна. Энэ нь хаврын чуулганаар за­сагдах болов уу гэж бодож байгаа. Хэрвээ  анзаарч  байгаа бол бид бүлэгтэй болсноор сөрөг хүчнийхээ үүргийг идэвх­тэй гүйцэтгэж, сүү­лийн сарын хугацаанд улс­­тө­рийн нөхцөл байдал эр­чим­жиж, асуудлыг олон талаас нь харж, хөндсөн үйл явц өрнөсөн.

-Ингэхэд та Засгийн га­зар МАН-ын ажлыг гүй­цээсэн гээд байх юм. Гэтэл шинэч­лэлийн Засгийн газ­рын­хан тэгж үздэггүй юм биш үү. Хийж, бүтээж буй нь тэднээр “овоглогдоод” байгаа?

-Тэгж л байг. Энэ хэм­жээ­ний үгүйсгэлийг олон түмэн ажиглаж байгаа. “Би” гэдэг нь ихдээд, “бүгдийг мэднэ” гэх нь ахадлаа. Энэ нь туйлын ноцтой асуудал.

Тэр тусмаа АН-ын улстөрчдөөс “би мэднэ, шийднэ, зогсооно, хураана” гэдэг дуу хоолой гарч буй нь аймшигтай.

Бид үүнээс гарахын тулд 20 жил тэмцсэн шүү дээ. Гэтэл буцаж ухраад тө­рийн оролцоог хэт тэлж, эдийн засаг, нийгмийн бү­хий л салбар руу асар бүдүүлгээр оролцож байна.

Өөр өнцгөөс нь харвал бүхий л харилцааг төр зо­хи­цуулах гээд байдаг уур амьс­галтай болсон. Төрийг төлөөлөх ёстой улстөрчдийн “БИ” нь ихдэж, цээжээ дэлдэн, юун түрүүнд шүүх, цагдаа, барина хорино гэдэг асуудлыг тэргүүнд тавьж, нийгмийг бүхэлд нь айдас, хүйдэст автуулж, цөөхөн мон­гол­­чуудаа хагаралдуулж, эвд­рэлцүүлсэн  уур  амьс­галыг бүрдүүлсэн.

-Мэдээж энэ уур амьсгал гадаад ертөнцөд ч нөлөөлж байгаа байх?

-Сүүлийн 10 гаруй жи­лийн хөдөлмөрийн үр дүнд арайхийн бий болгосон га­даад хөрөнгө оруулалтын урсгал, Монголын  гадаадад олсон үнэлэмжийг үгүй хийлээ. Өнөөдөр хөрөнгө оруу­­лалт тойрч, оруулсан нь зогсч, байсныгаа татаж байна. Гадаадад гаргасан үнэт цаас сонгуулиас хойш 200-300 ху­вийн алдагдал хүлээж, үнэ ханш нь унаж байгаа. Хувь­цаанууд чанар­гүй, муу гэсэн ангилалд шилжиж байна.

Энэ нь бизнесийн орчинд маш сор­гогоор мэдрэгддэг. Хавар энэ мэдрэмж анзаарагдана. Аргаа бараад хөрөнгө оруу­­­лалт хүссэн бүхий л аж­лаа зээ­лээр явуулж байна. Монгол­банкнаас Засгийн газар тавьж, бондоор санхүү­жүүлж, гадаадад өр тавьж эхэллээ. Дотоодоос бий болгох ажил үндсэндээ хүндэрч, бизнес орчин буюу үнээнээс гарах сүү татарч байгаа хэрэг. Уг нь ахиухан сүү өгч байвал улс, орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.

Гэтэл эсрэгээрээ байхаар тат­варын бааз суурь хумигдаад ирнэ. Энэ нь хэт бүдүүлэг, эрээ, цээргүйгээр хувийн хэвшил рүү халдсаны дохио. Монгол Улсад хөрөнгө оруу­лалт хийсэн гадаад, до­­­­тоо­дын аль ч аж ахуйн нэгжид болгоомжлол төрсөн нь дамжиггүй. Яагаад гэвэл, эдийн засаг гэдэг итгэл дээр тогтож, ирээдүй рүү тэмүүлдэг. Тэгтэл 10 жилийн тогтвортой засаглалын үр дүнд “Монголд хөрөнгө оруу­лалт хийж болно, улс­төрийн хувьд тогтвортой” гэж дүг­нэсэн уур амьсгал үгүй бол­сон. Энэ нь эргээд олон нийтэд хортой гэдгийг дахин, дахин хэлмээр байна.

-Хүчтэй сөрөг хүчин бай­на гэсэн амлалтаа МАН бас л биелүүлж чадсангүй гэж ойл­гож болох уу. Хав­рын чуул­ганаар үнэхээр хэлж, яриад байгаа шигээ сөрөг хүчин байж чадах уу?

-Сүүлийн сард бид дотоод зохион байгуулалт, үйл ажил­лагааныхаа хуваа­рилалтыг хий­­гээд үндсэндээ дууссан. МАН ард түмний тө­лөөлөл болж, тэднийхээ өм­нөөс хяналт тавьж, цөөн­хийн үүргээ илүү эрч хүчтэй гүйцэтгэнэ. Бид хамгийн муу түв­шинд унасан. Үүнээс цааш унахгүй, харин ч улам сайжирна, идэвх­жинэ.

-Өнгөрсөн жилийн уналт МАН-д сургамж болжээ?

-Тэгэлгүй яах вэ. Бидэнд төдийгүй Монголын нийгэмд өгч буй сургамж байлаа.