УИХ-н гишүүн, МАН-н дарга Ө.Энхтүвшин
2013.02.14

УИХ-н гишүүн, МАН-н дарга Ө.Энхтүвшин Монголын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Миний сайхан эх орны элгэн дотно ахан дүүс, ард иргэд, Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчид ээ

Та бүхэндээ морилон айсуй арван долдугаар жарны “Тийн ялагч” хэмээх усан могой жилийн сар шинийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

            Монголчууд Та бидний олон баярын дотроос хэдэн  мянган жилийн тэртээгээс үндэсний хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн, хамгийн хүндтэй, гүнзгий агуулгатай нь цагаан сарын шинийн нэгний баяр билээ.

Өнгөрч буй луу жил эх орны маань байгаль  дэлхий хишиг буянаа харамгүй хайрлаж, улсын сан хөмрөг урьд байгаагүй хэмжээгээр арвижлаа.

Монгол мал хөтөлбөр, малчдын маань нөр их хөдөлмөрийн үр дүнд 15,3 сая төл хүлээн авлаа. Тариаланчдын  шаргуу зүтгэл Атрын III  аяны үр дүнд сүүлийн 23 жил аваагүй буюу 479,3 тн үр тариа хураан авлаа.  Эдийн засаг маань 10 давсан хувиар өсч улс орны хөгжилд асар өргөн боломж нээлээ. Улиран одож буй “Баясгалант” хэмээх луу жил Ардын Нам, түүний мянга мянган гишүүд, дэмжигчдийн хувьд нэн амаргүй бөгөөд улс төрийн том сорилтын он байлаа.Эрх барих байр сууринаас сөрөг хүчин болж шилжлээ. Улс төрийн сонгуульд ард түмний тавьсан дүн, өгсөн үнэлгээ, алдаа онооноосоо сургамж авч ялангуяа өөртөө бодитой, оновчтой дүгнэлт хийж байгаа, нэг ёсондоо сургамж, ухаарлын жил гэж хэлж болно. Сонгуулийн дүнг бид үзэхдээ ард түмэн манай намд хамгийн их итгэдэг, хүнд цаг ирэхэд Ардын Нам л хэрэг болно гэж найддаг учраас бидэнд илүү хатуу шаардлага тавьж сануулга өгч байгаа хэрэг хэмээн ойлгож ажиллаж байна.

Тийм учраас  Манай нам бүтээлч, цэгцтэй, үйл явдлыг идэвхгүй дагагч биш угтан мэдрэгч алсыг харсан бодлоготой, зохион байгуулалттай, дайчин сөрөг хүчин байхын тулд ямагт ард түмнийхээ эрх ашгийн манаанд халаагүй зогсож эрх баригчдын үйл ажиллагааг хянаж, зөвийг дэмжиж, бурууг засч залруулахын төлөө тууштай ажиллах болно. Бид зөвхөн шүүмжлэх бус монголын хөгжлийн томоохон бодлогын асуудлаар байнга дүн шинжилгээ хийж оновчтой хувилбаруудыг дэвшүүлэн тавьж ажиллаж байх болно. Ийм ч зорилгын үүднээс эрх баригчдын үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлөх Хяналтын танхимыг байгуулахаар шийдвэрлэж, ажлаа эхлээд байна. Ард иргэд ээ! 2013 онд Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох ээлжит сонгууль болно. Улс төрийн энэхүү том өрсөлдөөнд манай нам онцгой ач холбогдол өгч, бэлтгэл сайтай хариуцлагатай оролцохын тулд ямар хүмүүсийг, ямар шалгуураар Ардын Намаас нэр дэвшүүлбэл зүйтэй болох талаар гишүүд, дэмжигчдийнхээ саналыг авч түүнд тулгуурлан нам шийдвэрээ гаргах зарчмыг саяхан дэвшүүлсэнийг та бүхэн мэдэж байгаа. Өмнө нь ингэж ажиллаж чадаагүйгээс алдаж байсандаа дүгнэлт хийж ард олноосоо асууж тэдэнтэй зөвлөлдөж байж шийдвэрээ гаргаж байх, өөрөөр хэлбэл ард түмэн нэгэнт шийдвэр гаргасан бол түүнд захирагдаж байх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Та бүхэн бидний энэ санал санаачлагыг дэмжиж  идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. Ардын Нам ард түмэнтэйгээ хэзээд хамт байх болно. Морилон ирж буй “Тийн ялагч” хэмээх усан могой жилд өмнө олсон бүхнээ арвижуулан бататгаж, айл хотол, ард нийтээрээ эрүүл энх, элбэг дэлбэг амьдралтай байж Монгол хүн бүрийн юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэхийн өлзий дэмбэрэлийг ерөөе.

МАН-ын дарга, УИХ-ын гишүүн:  Өлзийсайханы Энхтүвшин