Гишүүд хэдий болтол төгөлдөр хуурч хийх вэ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.01.14

Гишүүд хэдий болтол төгөлдөр хуурч хийх вэ

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Орон нутагт танай намын ялалт байгуулсан газруудад Засаг даргын түр орлон гүйцэтгэгчдийг томилж эхлээд байна. Энэ шийдвэрийг та хэрхэн харж байгаа вэ?

-Хэт улстөржилт ард түмнийг талцуулах, төрийн ажлыг гацаах цаашлаад Монгол Улсын эрх ашигт хохиролтой. Байгаль цаг агаарын хүндрэл, цас зудны асуудалтай олон аймаг байна. Ард түмэн сонголтоо хийж сонгуулийн дүн нэгэнт гарчихаад байхад ийм үйлдэл гаргаж байгаа нь хэн ч харсан хууль бус. Ард түмний шийдвэр эцсийнх байж түүнийг Ерөнхий сайд баталгаажуулах ёстой. Гэтэл АН ялсан 12 аймагт Засаг дарга нарыг маш хурдан баталгаажуулсан хэрнээ МАН ялсан есөн аймгийн зургааг нь одоо болтол батламжлахгүй байна. Хэлж байгаа шалтгаан нь төрийн алба хаагаагүй, илээр санал хураасан гэнэ. Тэгсэн хэрнээ АН-аас томилогдсон Засаг дарга нарт энэ шаардлага үйлчлэхгүй байгаа юм. Тус намаас томилогдоод байгаа Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатар аймгуудын Засаг дарга нар мөн л төрийн алба хаагаагүй, саналаа илээр хураалгасан хүмүүс. МАН-ын гишүүдэд хууль үйлчилдэг, АН-ынханд үйлчилдэггүй байж болохгүй биз дээ. МАН ялсан газрын ажил гацаж ард түмэн хохирдог, АН ялсан газрын ажил саадгүй явдаг байж таарахгүй.

-Хууль бус үйлдэл болж байгааг танай намын зүгээс ярихаас өөр алхам хийж чадахгүй юм. Сөрөг хүчин дэндүү сул ажиллаад байгаа юм биш үү?

-Цөөнх   хяналтаа   тавьж,    сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгээд л явна. Хуулийн хүрээнд хийж болох акц юу байна тэр бүхнийг л хийнэ дээ. Хийж ч байгаа. Хэлээд суугаад байна гэж хэлж болохгүй л дээ. Хэлж байж л асуудал шийдэгдэнэ. Хэлэхгүй хэрэлдэж маргалдаад байлтай биш. Барьж аваад зодох юм бол хууль зөрчинө шүү дээ.

-Төрийн албаны зөвлөлийн дарга болон гишүүдийг сольж байгаа нь цаанаа орон нутагт болон яам агентлагуудад томилсон түр орлон гүйцэтгэгч нараа жинхлэх гэсэн санаа гэж үзэх хэсэг байна.

-Өчигдрийн Төрийн албаны зөвлөлийн даргыг томилох чуулганы хуралдаан дээр Г.Баярсайхан гишүүн "1996 оноос эхтэй төрийн албан хаагч нарыг хоморголон ажлаас нь халдаг хэлмэгдүүлэлтийг цаашид үргэлжлүүлэхгүй байх ёстой шүү" гэж хэлж байна билээ. Үүнийг би маш зөв үг хэллээ гэж бодож байгаа. Анх 1996 онд АН ялалт байгуулаад төрийн албан хаагчдыг хоморголон халж байсан. 2000 онд МАН ялахдаа бас тэгсэн. 2004,2008 онуудад энэ үйл ажилдагаа харьцангуй зогссон. 2008 онд төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн албан хаагчдыг намын харьяаллаас нь ангид болгосон. Төрийн албыг тогтвортой, тасралтгүй, чадвартай ажиллуулах, Монгол төр чадвартай, хүчтэй байх асуудлыг бид шийдсэн. Харамсалтай нь 2012 оноос төрд тогтвортой ажиллах боломжгүй болж, төрийн хүч суларлаа. Төрийн албан хаагчдад шахалт үзуүлж өргөдөл бичүүлж байна. Энэ байдал даамжирвал улсын үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулна.

-Өмнө нь танай нам олонхи байхдаа түр орлон гүйцэтгэгч томилж байсан уу?

-МАН эрх барьж байх үед алдаа байсан уу гэвэл байсан. Бид түүнийгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ ингэж хүч түрж, хууль зөрчиж байсангүй. Аливаа асуудалд авах гээхийн ухаанаар хандаж байсан. Олонхи нь цөөнхдөө хүндэтгэлтэй хандаж байсан. Өнгөрсөн дөрвөн жилд МАН 45 суудалтай олонхи болсон мөртлөө 25 суудалтай АН-тай хамтарч Засгийн газраа байгуулж байсан. Гэтэл өнөөдөр 31 суудалтай АН, 27 суудалтай цөөнхдөө хүч түрсэн байдлаар хандаж буйг харж байгаа биз дээ. Аливаа асуудлыг хууль зөрчин шийдэж, дээрэнгүй хандаж байна. Ингэхгүйгээр бид асуудлыг харилцан ярьж, ойлголцож хүлээцтэй хандах ёстой. Ярилцаж зөвшилцөж ойлголцож байж асуудлыг шийддэг байх ёстой. Парламент гэдэг ерөөсөө мэтгэлцээний талбар. Мэтгэлцэнэ гэдэг хэрэлдэнэ гэсэн үг бшл. Харилцан ярилцана, зөвшилцөнө, ойлголцоно гэсэн үг. Энэ зарчмыг л барьж ажилламаар байгаа юм. Тэгэхгүйгээр муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг энэ бол дайсан өрсөлдөгч гэсэн байдлаар хандах нь буруу. Үзэн ядах сэтгэлээр хандаж болохгүй. Аль болохоор ойлголцох хэрэгтэй. Үүнийг эрх барьж байгаа намын гишүүд ойлгож ажиллаасай. Ингэх нь Монгол төр тогтвортой, ард түмэнд хэрэгтэй байна.

-"Монголын төмөр зам" компанийн захирал М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Үүнийг өнөөх л бондын асуудалтай холбож тайлбарлаад байна. Магадгүй энэ нь Засгийн газрын тогтвортой байдалд ч нөлөөлөхийг үгүйсгэхгүй. М.Энхсайханыг халсан шалтгааныг та юу гэж бодож байна?

-Үгүй яахав дээ. Асуудалд хариуцлагатай хандаж, улс орны том бодлогоо нэгдүгээрт тавих гэж байгаа бол зөв л байх. Гэхдээ яг тодорхой мэдээлэлгүй болохоор хэлж мэдэхгүй юм. М.Энхсайхан дарга бол улс орны хэмжээний удирдагч хүн. Ерөнхий сайд байсан хүн асуудлыг том л харна. Монгол Улсын төмөр замыг бодлогоороо аваад явсан бол хэрэггэй л байсан байх. Чухам яагаад ингээд халчихав, сольчихов мэдэхгүй байна. Эрх баригчдын дотоодод юу болдгийг би мэдэхгүй.

-УИХ дахь МАН-ын гишүүд саяхан бүлгээ байгуулсан. Харин өнөөдрөөс Байнгын хороодод харьяалагдаж эхэллээ. Байнгын хорооны хуваарилалтгай санал нийлж байгаа юу?

-Биднийг Байнгын хороодод хуваарилж байгаа нь өнөөх л хүч түрдэг байдалтай байна.

Дээрэнгүй байдлаар ханддаг нь хэвээрээ. МАН-ын гишүүд өнөөдөр арай гэж нэг юм ганц ганц Байнгын хороонд хуваарилагдлаа.

Гэтэл АН-аас сонгогдсон гишүүд гурван байнгын хороонд харьяалагдаж байна шүү дээ. Уг нь УИХ-ын гишүүд ижил эрх, үүрэгтэй, бүгд ард түмнээс сонгогдсон. Тэгсэн хэрнээ олонхийн гишүүн гэхээрээ гурван Байнгын хороонд харьяалагдаж, цөөнхийн гишүүд нь нүд үзүурлэгдэж байгаа нь шударга биш биз дээ. Үүнийг УИХ-ын удирдлагууд залруулах ёстой. Тэгэхгүй бол бид цаашид улс төрийн дараагийн акцуудаа хийнэ.

-Танай бүлгийн даргын зүгээс чуулганы хуралдаанд оролцохгүй байгаагаа УИХ, Байнгын хорооны сахилга бат, дэг журмыг сайжруулах алхам хийх гэж байгаатай холбон тайлбарлаж байсан?

-УИХ-ын гишүүдийг Байнгын хорооны хуралдаанд тэгш эрх үүрэгтэй болгон, хариуцлага сахилгыг чангатгах үүднээс МАН-ын бүлэг шийдвэртэй алхам хийж байгаа. УИХ-ын нэр бүхий гишүүд үүнтэй холбоотой хуулийн төсөл өргөн барилаа. Ж.Батзандан Г.Уянга, Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ болон миний бие хамтран УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ төсөлд УИХ болон Байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлэхдээ хурууны хээгээр бүртгэхээр тусгаад байгаа. Саналаа ч мөн хурууны хээгээрээ өгч байх юм. Монгол Улсын 2.7 сая иргэн хурууныхаа хээгээр саналаа өгөөд сурчихлаа. Ажилтан албан хаагчид өглөө бүр хурууны хээгээрээ ирцээ бүртгүулж байна. УИХ-ын гишүүд яагаад ингэж болдоггүй юм бэ.

Яагаад гишүүд нэг нэгэндээ хариуцлагатай ажиллах талаар шаардлага тавьж болохгүй гэж. Бусдаар ирцээ бүртгүүлүүлчихээд, өөрөө гэртээ унтаж байж болохгүй шүү дээ. Бодлого, хариуцлага ярьж байгаа бол хууль тогтоогчид хэрэгжилтийг өөрсдөөсөө эхлэх ёстой. Өөрсдөдөө зарчимч шаардлага тавьж, хариуцлага тооцдоггүй мөртлөө ард түмнээсээ хариуцлага нэхэх утгагүй гэж үзэж байна. Яг үнэндээ 40 гишүүн саналаа өгсөн хуралд 15 нь л сууж байдаг. Бүр бидэнд "төгөлдөр хуурч" гэдэг нэр өгчихсөн байгаа шүү дээ. Гишүүд хэдий болтол төгөлдөр хуурч хийж суух вэ. Үүнийг одоо халах хэрэгтэй. Нэг хэсэг нь гэртээ унтаад, нөгөө хэсэг нь гадаадад зугаалж байдаг, үлдсэн нь хуралдаа ирчихсэн бусдынхаа картыг шургуулж, өмнөөс нь санал өгөөд явж байдаг. Үүнийг л өөрчлөхийн тулд энэ хуулийн төслийг өргөн барилаа. З.Энхболд дарга маань хариуцпагатай хүн учраас дэмжих байх.