Оюутолгой дахь Монголчууд “зэрлэг капитализм”-д дарлуулж байна
УИХ-ын гишүүн, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатарыг энэ удаагийн “Ярилцах танхим ” буландаа урилаа. Түүнтэй “Оюутолгой” компанийн удирдлагуудад Шаардлага хүргүүлснийхээ төлөө ажлаас халагдсан түүний дүү С.Гантуяагийн асуудал болон сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Оюутолгой "-н гэрээний талаар ярилцсан юм.
-Сүүлийн үед “Оюутолгой”-н гэрээний асуудал улам хурцдаж эхэллээ. Гэтэл энэ үеэр бас нэг олны анхаарал татсан зүйл болов. “Оюутолгой” компанид төслийн мэргэжилтнээр ажилладаг байсан таны төрсөн дүү С.Гантуяа удирдлагууддаа гадаад, Монгол ажилчдын цалинг тэнцвэртэй байлгах талаар шаардлага хүргүүлснийхээ төлөө ажлаас халагдсан байгаа. Дүү тань ажлаас халагдахад таны гэрээний заалтыг өөрчлөх тэмцэл нөлөөлсөн байж болох уу?
-Миний дүү Англи, Голландад өндөр боловсрол эзэмшсэн хүн. Дүү минь “Рио Тинто” компанийн шугамаар ажилладаг байсан л даа. Түүнээс биш ах нь гэрээнийх нь эсрэг тэмцдэг нэг нөхрийн дүү “Оюутолгой” компанид ажилд орно гэвэл үнэндээ үлгэр шүү дээ. Харин С.Гантуяа гэдэг эмэгтэй яагаад ажлаас халагдчихав гэж та асуулаа. Үг нь өөрийнх нь далин бусад монголчуудаа бодвол харьцангуй гайгүй буюу 2500 ам.доллар авдаг байсан. Гэтэл уг компанид шударга бус зүйл маш их байгаа. Наанадаж яг адилхан ажил хийдэг австралй, монгол хүн ижил тэнцүү цалин авах ёстой гэж удирдлагуудад нь санал тавьсныхаа төлөө ажлаас халагдлаа. Тодруулбал Монгол ажилтан дунджаар 1500 орчим, ихдлээ гэхэд 2500 ам.долларын цалин авч байна. Харин гадаад ажилчид бол түүнээс хэд дахин илүү цалин авдгийг өөрөө ч гэсэн хэвлэлээр хэлж байсан.
-Ер нь дүүгийн тань байдал цаашид хүндэрвэл та туслах уу. Та хоёрын хувьд мэдээж ах дүүс учраас ярилцаж, тохиролцсон зүйл байгаа байх. Түүнчлэн таны дүү өмгөөлөгч олдохгүй байна гэж байсан?
-Миний дүү зөв юмны төлөө тэмцэж байгаа. “Оюутолгой”-д буцаж орж чадахгүй юмаа гэхэд хаана ч очоод өөрийгөө тэжээж чадна. Миний хувьд ажил хэрэг, нэр төрөө гэр бүлийн ч юмуу ямар нэгэн танил талын хувийн хэрэгцээнд зориулахыг хүсдэггүй. Мэдээж хэрэг туслах зүйл гарвал байдалд өөрөөр хандах л байх. Өмгөөлөгч олоод өгчих боломж байгаа ч үнэндээ С.Ганбаатар дүүгийнхээ эрх ашгийн төлөө тэмцээд байна гэх хардлага гарч ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ.
-Түүнээс гадна “Оюутолгойи-н гэрээг нэг үед Үйлдвэрчний С.Ганбаатар ганцаараа шахам тэмцэж, эсэргүүцдэг байсан бол өнөөдөр Ерөнхийлөгч, Засгийн газар нь хүртэл дэмжсэн өнгө аясаар дуугарах боллоо. Та өөрийнхөө тэмцлийн үр дүнг эргээд харахад ямар санагдаж байна вэ?
-Тэр гэрээг сайн болгохын төлөө зүтгэж байсныг минь ард хүргэсэн сэтгүүл зүйн салбарт талархах ёстой. Үүн дотроос үргэлж хүчтэй нийтлэл, олны анхаарлыг татаж хүмүүсийн ярилцлагыг уншигчдад хүргэдэг “Улс төрийн тойм сонин” МҮОНТ-ийн хамт олонд баярлаж буйгаа илэрхийлмээр байна. Нөгөөтэйгүүр зөв гарцыг харж улстөрчид нэгдэн нийлж бай- гаа нь үнэхээр олзуурхууштай зүйл болж байна. Гэхдээ бидний ингэж нэгдэж буй хэрэг бол ард түмний ухаалаг шийдвэр гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний энэ хийж буй ажлыг дэмжиж, байр сууриа маш хүчтэй илэрхийллээ. Энэ бол эхний үр дүн. Харин хоёр дахь нь “Оюутолгой” компанийн удирдлагуудтай ам хэлээ ололцож өшөө илүү зөвшилцөлд хүрэх асуудал юм.
-Төр засгийн удирдлагууд хүртэл “Оюутолгой”-н гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гээд байна. Гэхдээ ард түмэнд тодорхой биш нэг зүйл байгаа. Учир нь тухайн гэрээний яг ямар заалтыг нь яаж өөрчлөх гээд байгаа юм гэдэг асүүлт гарч ирж байна?
-Би хамгийн эхний заалтыг хэлье. Тэгэхээр гэрээний наймын дөрөвт “Оюутолгой компанид ажиллаж байгаа нийт ажилчдын 90 хувь нь монголд хүн байна” гэж заасан. Мөн наймын тавдугаарт “Уурхай анх баригдаж байх үед барилын нийт ажилчдын 60 хувь нь монголчууд байх ёстой” гэж бий. Гэтэл бас инээдтэй заалт байгаа юм. Тус гэрээний наймын есөд “8.4, 8.5 дугаар заалтыг зөрчсөн тохиолдолд гэрээ зөрчсөн гэж үзэхгүй” хэмээж байгаа. Үүнийг юу гэж ойлгох вэ. Өөрөөр хэлбэл заалт ёсоор 90 хувьд нь монгол биш гадаад ажилчид байвал талуудын эрх ашигт ямар ч өөрчлөлт гарахгүй гэсэнтэй утга нэг. Тэгвэл бид монголчуудаа ажилтай, амьдралтай болгохын төлөө 90 хувьд нь монгол хүн ажиллуулах заалтыг оруулаад байгаа биздээ. Тиймээс уг заалтыг өөрчлөхөөс өөр арга байхгүй.
-Нөгөөтэйгүүр “Оюутолгой” компанийхнийг Монгол Улсын банк, санхүүгийн тухай хуулийг зөрчиж байгаа гэдэг. Үүнийг тодруулаач?
- Өнөөдөр уг компани ашиг олоод хамаг орлогоо гадаадад ихэнхийг нь байршуулж байна. Өөрөөр хэлбэл тэд манай улсын банк санхүүгийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. Тодруулбал “Оюутолгой” компанийнхан мөнгөө гадаадад дуртай үедээ гаргаж, дуртай үедээ оруулж ирж байгаа. Тэгвэл Монгол гэдэг чинь тусгаар тогтносон, өөрийн гэсэн хууль, эрх зүйтэй орон. Тэдний олборлосон грамм алт нь хүртэл Монгол банкаар дамжих ёстой.
-Талуудын гэрээнд “Оюутолгой” компани өөрсдийн мөнгөө Монгол банкинд байршуулах талаар заалт байгаагүй юмуу?
-Холбогдох хуульд бол гадны компаниуд ашиг, орлогын мөнгөө заавал Монголд байршуулна гэсэн заалт бий. Гэтэл гэрээнд ямар ч тийм заалт байхгүй. Түүнийг заавал оруулах ёстой. Мөн тус компанийн менежментийн багийнхны зардал гэж нийт орлогын зургаан хувийг авч байгаа юм. Ийм тэгш бус, тооцоогүй байдал байж болохгүй биздээ. Дүгнээд хэлбэл энэ гэрээ “Гайхамшигтай биш гамшигтай” гэрээ болчихоод байна.
-Та монголчуудыг 2031 он хүртэл “Оюутолгой”-оос ямар ч ногдол ашиг авахгүй гээд байсан?
-Би мэтгэлцээний үеэр ч хэлж байсан. Учир нь тус компаниас манай Засгийн газар зээлдсэн мөнгөний хүүг 7.6 хувиар бодоход монголчууд 31 жил ямар ч ногдол ашиг авахгүй болж байгаа юм. Тэгтэл саяхан Засгийн газрын байр суурьнаас сонсоход “Рио Тинто” компани жилийн найман хувийн хүүтэй зээлд зуучилсан байна билээ.
Тэр компани бидэнд зээл олж өгсний төлөө 66 хувийг тэр чигээр нь авч байна. Тэгэхээр газар нутаг маань ийм үнэ цэнэгүй болчихсон юм гэж үү. Тодруулбал уг гэрээ 30 жилийн хугацаатай. 2039 онд гэрээ эцэслэнэ.
Тэгвэл бид ард нь зургаан жилийн ноогдол ашиг авах уу үгүй юу гэдэг нь бас л асуудал болж буй. Яагаад гэвэл манай улс тус компанид найман жилийн татварын хөнгөлөлт үзүүлчихсэн. Үүнийгээ тэд хамгийн ашигтай ажилласан жилээ өөрсдөө сонгоод хөнгөлүүлчихнэ. Ийм аймшигтай гэрээ гэж байж болох уу.
-Таны хувьд одоо Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн ерөнхийлөгч хүн. Тиймээс Монгол Улсад үйлажиллагаа явуулж буй бүх үйлдвэрчний эвлэлүүд танд хамаатай болно. Гэтэл “Оюутолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийнхнийг худалдагдсан учраас ажилчдынхаа эрх ашгийг төдийлөн их хамгаалдаггүй гэдэг. Үүнийг юу гэх вэ?
-Тус компанийн Үйлдвэрчний холбоо бол манайд бүртгэлтэй байгаа холбоодын л нэг. Харин компани нь олон улсын 100 дугаар конвенци буюу “Ажилчид нь ижил тэгш цалинтай байна” гэдгийг зөрчөөд байхад ажилчдынхаа эрх, ашгийг хамгаалах холбоо нь яагаад таг дуугүй суугаад байна вэ. Гэхдээ тэдний ялзрал нь арай гайгүй байх гэж би боддог. Хамгийн гол нь өөрсдийнх нь төлөө явсан нэг анд нөхрөө яагаад хамгаалахгүй байна, хумсаа нуусан муур шиг байдаг юм болов оо. Ийм арчаагүй, аминчхан байгаагаас болж тэнд ажиллаж буй монголчууд “зэрлэг капитализм”-д дээрэлхүүлж байгаа биз дээ.
-Мөн монголчууд “Оюутолгой” компанийнхнаас бас нэг зүйл хүсэж буй. Энэ юу гэвэл алт, зэс олборлож байгаа тэр орчимд нь эсвэл Өмнөговь аймгийн Ханбогд суманд ч юмуу Эрдэнэт, Дархан шиг хот байгуулахыг хүсэх хүн олон тааралддаг. Хот байгуулах талаар гэрээнд байдаг юм уу?
-Үнэндээ Оюутолгойн баялгийг бид гадныханд өгч л байгаа юм бол тэднээс хот байтугай юм хүсэх ёстой.
Би нэг ноцтой жишээ хэлье. Анх тус компани тэр орчимдоо хот байгуулах талаар 21 сая ам.долларын өртөгтэй судалгаа хийсэн гэх мэдээлэл надад бий. Тэгвэл энэ их ам.доллараар хэчнээн сургууль цэцэрлэг барьж болох вэ. Түүнээс гадна “Рио Тинто” компани Монголын ард түмэн, улстөрчдийг гартаа оруулах санаархалтай байсан. Харин одоо байдал яаж өөрчлөгдөж байгааг тэд анзаарч буй байх.
-Гэрээний заалтыг төрийн тэргүүн нь хүртэл өөрчилөх тухай санал, бодлоо илэрхийлээд эхэллээ гэждээрдурьдсан Мэдээжхэрэгэнэ бүхний үр дүнд гэрээг таны хэлж, бодож байснаар өөрчилчихвөл анх гэрээг байгуулсан хүмүүсийг яах вэ?
-Би мэтгэлцсэн өрсөлдөгчдөө хүртэл тухайн үед маш их хүлээцтэй хандаж байсан. Яагаад гэвэл тэмцэгч хүн гэдэг бол өрсөлдөгчийнхөө дайралтыг өнгөрүүлэх чадвартай байх ёстой. Би хэн нэгнийг миний эсрэг янз бүрээр дайрсных нь төлөө өс, хонзон санаад байвал ажил минь бүтэхээ байна. Ёр нь С.Баярцогтын үр удамд хүртэл энэ гэрээ хамааралтай. Харин гагцхүү түүний цаана буй шар толгойтой хүмүүсийн шийдвэрийг өөрсдийнхөө талд хувиргах нь бидний гол зорилго байх нь чухал шүү. Энэ дашрамд дэг зүйл дурьдахад УИХ-ын гишүүн гэдэг бол том байх ёстой. Нэг жижиг компанийн үйлдвэрийн даргатай очиж уулзаж өөрийгөө доош нь хийх хэрэггүй. Тиймээс “Гишүүд, сайдууд та бүхэн далдуур “Рио Тинто”-ийн удирдлагуудтай уулзаж савсаганахаа боль гэж хэлмээр байна. Зөвхөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг л уулзах ёстой. Хэрэв улстөрчид ил далд тэдэнтэй, уулзаад явж байгаа бол өөрсдийнхөө барааг шахаж байгаатай агаар нэг гэсэн үг.
-Ер “Оюутолгой’’-н гэрээг ярихын хажуугаар удирдах зөвлөлд байгаа гурван ТУЗ-ийн гурван гишүүнийг нэлээд муу ажиллаж байгааг хэлэх хүн олон болсон. Таны хувьд тэднийг солих талаар бодож үзэв үү?
-Би хувь хүн, намын үйл ажиллагаа руу нэг ороод байдаггүйг та бүхэн мэдэх байх. Тэдэн дунд сайн ажилладаг нь ч бий, саар ажилладаг нь ч бий. Тиймээс төлөөлөн удирдах зөвлөлийг өөрчлөх үгүйг шийддэг Хүмүүс нь шийдэг. Харин тэр гурав өөрсдийгөө элит гэж бодоод гольф тоглоод яваад байхын оронд болсон, олсон мэдээллийг гишүүдэд хэлж байх нь чухал байна.
-Түүнчлэн олон нийт таныг нэлээд ганцаардаад байна гэх яриа их гардаг. Цаашид ямар нэгэн намын харъяалалд орох бодол бий юу?
-Анх гудманд ганцаардаад, тэмцээд явж байхад маш их доромжлол, дайралт ирдэг л байлаа. Гэхдээ тэмцэл маань үр дүнд хүрдэг байсан. Надад хамгийн их тус, дэм болсон нэг зүйл бол үйлдвэрчний хамт олон, энэ нэр. Юу гэх гээд байна вэ гэвэл Үйлдвэрчний эвлэлүүдийн ерөнхийлөгч байсан цагт би ямар нэгэн намын харъяалалд орохгүй гэдгээ хэлье. Нөгөөтэйгүүр намайг намд орох үгүйг Дархан-Уул аймгийн сонгогчид маань л мэдэг.