Шаардсан бүгдэд тусламж үзүүлэх боломжгүй
ҮХАА-н дэд сайд Ц.Туваан
2013.01.07

Шаардсан бүгдэд тусламж үзүүлэх боломжгүй

Хоёр ес дундаа оржээ. Идэр гурван есийн тачигнасан хүйтэн арай эхлээгүй байна гэж бодохоор жихүүцмээр. Тэгсэн атал Монгол Улсын газар нутгийн 80 гаруй хувь нь 20-80 см цасанд дарагдаж, 12 аймгийн 55 суманд зуд хэдийнэ нүүрлэжээ.

Хаа сайгүй малчдад туслах хөдөлгөөн өрнөж, лаа, шүдэнз, дулаан хувцас цуглуулан, нэмнээ хийж эхэлжээ. Тэр ч бүү хэл, зарим байгууллага ажилтныхаа цалингаас хүчээр суутгаж, зудын «эсрэг» тэмцэл жигдэрч байна. Яагаад гэвэл зуд нүүрлэсэн газруудын малчид намар базаасан «чимх» өвс, тэжээлээ барсан аж.

«Чимх», энэ үгийг яагаад ингэтэл тодотгов гэвэл малчид өвөл хүйтэрнэ гэдгийг мартсан ч юм уу, үнэндээ чимхийн төдий хадлан авчээ. Эцэст нь махны үнийн өсөлтөөс болж цагаан хоолтон болох шахаж байгаа хотынхон л тэдэнд санаа тавьж, чадлынхаа хэрээр туслах гэж хичээж байна. Мэдээж хариу нэхэхгүй. Тэрнээс биш нүүрсний үнэ нэмэгдлээ гээд хотынхон малчдаас тусламж хэзээ ч гуйдаггүй. Малтайгаа байхад монгол хүн алзахгүй гэсэн итгэл, нэгнээ хайрлах сэтгэл «хүнээ байсан» гэх хотынхны өрийг өвтгөж байгаа.

Өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулан Улсын онцгой комисс, Засгийн газар холбогдох арга хэмжээг авч байгаа. Нэлээд хэд хоногийн өмнө хөдөө орон нутгийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн байна. Үүний дагуу хөдөө орон нутагт гамшгаас хамгаалах арга хэмжээ авсан бөгөөд Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу өвжилт хүндэрсэн дээрх аймгуудаас Увс, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймагт улсын нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлийг худалдан борлуулах шийдвэр гарсан аж.

Зарим нь залхуугаасаа болж гал алдаж байгаа нь үнэн

Зуд турхан, 100 жилд ганц тохиолддог аюул биш. Гэтэл идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн хотоо харлуулахгүй гэсэн малчид төр засгаас тусламж шаардан, зовлон тоочдог. Тэр ч жишгээрээ одоо улсын нөөцийн, өвс, тэжээлээс нэхэж байгаа. Энэ талаар ҮХАА-н дэд сайд Ц.Туваанаас тодрууллаа.

-Цаг агаар цаашид улам хүндэрнэ гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн /УЦУОШХ/-гээс мэдээлсэн. ҮХААЯ-ны зүгээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ хангалттай авч чадаж байна уу?

-Нийт нутгийн дийлэнх нь цасан бүрхүүлтэй, олон суманд өвөлжилт хүндэрч, зуд нүүрлэсэн. Цаг уурынхны өгч буй мэдээллээс харахад, нэг, хоёрдугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орж, 1-2 хэмээр хүйтэн байх төлөвтэй байгаа.

Өвөлжилт хүндэрсэн нутгаар цасны зузаан 20-60, хунгарлаж шуурсан газартаа 60-130 см зузаан нягтарч цасан бүрхүүл тогтсон.
-Цаашид цас нэмж орж хүйтэрвэл 16 аймгийн 83 суманд малын бэлчээрлэлт хүндрэх шинжтэй байна.

-Одоогоор аймгуудын авто замын компаниудтай гэрээ байгуулж, тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, зам, даваа цэвэрлэж, онгойлгох арга хэмжээ авч байна. Улсын онцгой комисс баруун аймгуудад ажиллаж байгаа. Манай яамнаас ажлын хэсэг томилж, энэ долоо хоногтоо өвөлжилт хүндэрсэн аймгуудад очиж, байдалтай танилцана.

-ОБЕГ-аас өвс, тэжээлийн цуваа гаргана гэсэн. Тусламж хаана эхэлж хүрэх вэ?

-Байдал хамгийн хүндэрсэн газарт эхэлж тусална. Ирэх долоо хоногийн эхээс энэ ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Яамны зүгээс байдал бүр хүндрэхээс өмнө арга хэмжээ авахаар ажиллаж байна. Гэхдээ улсын нөөцийн өвс, тэжээлийг цаг агаар хүндэрсэн аймгуудад худалдаж эхэлсэн.

-Нөөцийн өвс олдохгүй байна гэсэн. Улсын нөөцийн өвс, тэжээл хангалттай юу, ямар үнээр борлуулж байгаа вэ?

-Засгийн газрын тогтоол, ҮХАА-н сайдын тушаалаар аймаг, сум бүрт аюулгүйн нөөц бэлтгэх албан даалгавар өгсөн. Үүнээс гадна хувь хүмүүс өвс, тэжээл базаасан. Манайхан нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нөөцийн өвсийг үнэхээр хүндрэл тохиолдсон үед зарцуулдаг. Тэрнээс биш, бүгдийг нь хангах өвс, тэжээл гаргана гэдэг боломжгүй. Хамгийн гол нь онц хүнд үед л улсын нөөцөөс гаргах ёстой. Нөөцийн өвсний үнийн хувьд орон нутгийн байдал, тээврийн зардал зэргээс шалтгаалж газар бүрт харилцан адилгүй хэмжээгээр тогтоосон. Нэг боодол өвсийг дунджаар 2400-2500 төгрөгөөр борлуулж байгаа.

-Аймгуудын аюулгүйн нөөц дууссан учраас улсынх руу орж байна гэж ойлгож болох уу?

-Өвөлжилт хүндэрсэн газруудад малчдын нөөц дуусч байгаа. Мөн сум, аймгийн аюулгүйн нөөцийн 70-80 хувийг зарцуулсан газрууд ч байна.

-Байдлаас харахад малчид болон тухайн орон нутаг хангалттай нөөц базаагаагүй гэж ойлгогдож байна?

-Шууд тэгж хэлж болохгүй. Тухайлбал, говийн аймгуудад хадлан хангалттай базаах боломжгүй. Гэтэл зарим нь залхуугаасаа болж гал алдаж байгаа нь үнэн.

-Мал тооллогын дүн эцсийнхээр гарсан уу?

-Өнгөрсөн жил 39.3 сая мал тоолсон. Энэ жил малын тоо, толгой өсчээ. Эцсийн дүнгээр улсын хэмжээнд 40.4 сая толгой мал тоолсон байна.

-Нөөцийн мах бэлтгэх ажил хэр ахицтай байгаа вэ?

-Энэ ажил орон даяар хэвийн үргэлжилж, нэрлэгдсэн агуулахуудад мах авч байгаа. Өнөөдрийн байдлаар төлөвлөсөн махны 60 хувийг бэлтгэсэн гэх дүн гарсан.