МАН-ынхан 2.9 сая төгрөгийн хандив цуглуулж, малчдад тусламж үзүүлэх гэнэ
Зарим аймагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Сауле, Намын байгуулалтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөгийн байдлаар 15 аймгийн 80 гаруй суманд 20-60 см зузаан цастай байгаа учир мал бэлчих газаргүй, зам хаагдаж, зуд болох аюултай байгаа аж.
Манай улсад мал маллаж буй 140 мянган өрх байдаг юм байна. Тиймээс МАН-ынхан төр засгаас өвөлжилт хүндэрсэн аймгуудад хохирол амсуулалгүйгээр тусламж үзүүлэхийг уриаллаа. Мөн МАН-аас өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэхээр 2.9 сая төгрөгийн хандив цуглуулж, Онцгой байдлын газрын данс руу шилжүүлэхээр болжээ.
Ерөнхий сайдын мэдэлд улсын нөөцөд малчдад тусламж үзүүлэх 90-ээд тэрбум төгрөг байдаг аж.
Энэ хөрөнгөөс өвөлжилт хүндэрсэн аймгуудад нэн даруй түргэн тусламж үзүүлэхгүй бол зуд нүүрлэсний дараа тусламж хүргэх хүндрэлтэй байдгийг тэд дуулгалаа.
Улсын Онцгой байдлын газраас 2009 онд малчдад туслах аяныг санаачилж, Элчин сайдуудад хандан, олон улсын байгууллагуудаас тусламж хүсч байсан аж. Энэхүү аянд олон улсын байгууллагууд маш идэвхтэй оролцсон байна. Тиймээс тэдний зүгээс “Төр засаг энэ зарчмаар ажиллах шаардлагатай” гэдгийг хэлж байв.
Арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөнө гэх цуурхлаар айлууд лаа, шүдэнз цуглуулсан. Тиймээс МАН-ынхан тэрхүү цуглуулсан зүйлүүдийг малчдад хүргэх чиглэлээр ажиллах боломжтой эсэхийг лавлахад УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл “Түүнийг зохион байгуулж болно. Гэхдээ лаа, шүдэнз цуглуулсан хүмүүс өөрсдийн сайн дураар өгөх эсэхээ шийднэ” гэлээ. МАН-аас зохион байгуулж буй ажлыг дэмжиж буй хүмүүс “1921” утсаар холбогдож, хамтарч ажиллах боломжтой юм байна. Тэндээс цугласан мөнгийг Онцгой байдлын газарт шилжүүлэх гэнэ.