Бид цаазаар авах ялыг үүрд нэгэн мөр халах үүднээс ажиллаж байна
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Ардчилалд шилжих явцад Монгол Улсын дэвшүүлсэн эрхэм зорилтуудын нэг нь нийгэмдээ хуулийн засаглалыг цогцлооход оршиж байсан билээ. Ганц ч цонх хагалалгүйгээр өрнөсөн ардчилсан хувьсгалаас хойш хорь гаруй жилийн дараа ч бид хуулийн засаглалыг эрхэмлэн дээдэлдэгээ би өнөөдөр итгэлтэйгэээр нотолж байна.
Ардчиллын үнэт зүйлс, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн аль алины үндэс суурь болсон хуулийн засаглалыг бэхжүүлэх үйлсэд манлайлан оролцож байгаад нь Ерөнхий нарийн бичгийн даргад талархлаа илэрхийлж байна.
Хүний эрх, хууль дээдлэх ёс өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй билээ. Эдгээр нь хүн төрөлхтний түгээмэл, салшгүй үнэт зүйлс, баримтлах үндсэн зарчмууд юм. Хуулийн засаглал тогтоогүй байхад хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлүүлэх боломжгүй. Иймээс ч хуулийн засаглал нь төр, иргэд хоорондын нийгмийн гэрээний үндэс суурь, амин судас нь юм. Хуулийн эрхэм дээд чанар, хуулийн өмнө эрх тэгш байх, хуулийн өмнө хариуцлага хүлээх, түүнийг шударгаар хэрэглэх зарчмуудыг дагаж мөрдөхөд чиглэсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хуулийн засаглал биднээс шаардана.
Ноён дарга аа,
Хуулийн засаглал, авлига хоёр зэрэгцэн орших боломжгүй. Эрх чөлөө, хүний эрх, хуулийн засаглалын талаар наймаалцаж хэлэлцэх ёсгүйн адил авлигатай тэмцэхэд ч буулт хийх ёсгүй. Хууль бүх хүмүүст тэгш үйлчлэх ёстой. Ардчиллын үндсэн зарчим бол хуулиас дээр хэн ч үгүй, хэн ч байх ёсгүй. Энэ зарчим төрийн өндөр албан тушаалтнаас эгэл жирийн иргэн хүртэл бүгдэд нь үйлчлэх учиртай.
Түүхийнхээ туршид монголчууд төрдөө хуулийн засаглал тогтоон улс орноо удирдаж ирсэн билээ. Авлигатай холбоотой хэнийг ч гэсэн хатуу цээрлүүлсээр ирсэн. Хөгжиж буй орнуудын хувьд авлига нь ардчиллын хамгийн аюулт дайсан нь юм. Авлига нь халдварт өвчний нян лугаа адил тул түүний өөдөөс урьдчилан довтолж, таслан зогсоох ёстой бөгөөд энэ нь нэн тэргүүний зорилт байх учиртай юм.
Авлига гээч гэмт хэргийг жирийн иргэн бус харин төрийн албан хаагчид л үйлддэг. Авлигатай тэмцэх явдал нь бүх удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчдын хувьд нэгэн төрлийн шалгуур юм. Авлига нь эрх мэдэл, эд баялгийг хууль бусаар бий болгодог ноцтой гэмт хэрэг тул түүнийг үйлдэгсэд нь хууль ёсны шүүхээс зайлсхийхийн тулд түүний эсрэг олон нийтийн үзэл санааг өөртөө ашигтайгаар ашиглахыг оролддог.
Нийгэм, эдийн засгийн хөгжил болон авлигын хооронд нягт харилцаа холбоо бий. Хаана их авлига байна, тэнд хөгжил сул дорой байна. Тиймээс хуулийн засаглалыг төлөвшүүлэхийн төлөөх тэмцэл нь эдийн засгаа илүү тунгалаг болгон, амжилттай хөгжүүлэхийн төлөө тэмцэл юм.
Авлигатай тэмцэхэд боловсрол чухал үүрэгтэй. Иргэд нь эрхээ мэддэг, боловсролтой байх аваас удирдах хүмүүст албан тушаалаа урвуулан ашиглах боломж олгохгүй. Монгол Улс бол ардчиллын замаар замнаж буй залуу орон. Бид улс төр, эдийн засгийн салбарт төдийгүй хууль эрх зүйн салбарт ч дэвшил гаргах учиртай юм. Бидэнд бие даасан шүүхийн байгууллага хэрэгтэй бөгөөд улс төрийн дарамт, нөлөөөллөөс ангид шүүхийн тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа билээ. Эдүгээ бид хуулийн тогтолцоондоо бүтцийн өөрчлөлт хийхээр 20 гаруй хууль эрх зүйн баримт бичгийг шинээр баталж гаргаад байна.
Ноён дарга аа,
Хуулийн засаглал нь хүний үндсэн эрх, эрх чөлөөний баталгаа гэж бид үздэг. Төрийг ард иргэд байгуулдаг бөгөөд төр нь ард иргэдэд үйлчлэх ёстой. Төр нь хүний эрхийг дээдлэн хүндэтгэх ёстой, хүний амийг золиослох ёсгүй. Цаазаар авах нь хувь хүний нэр төрийг гутаасан буруу шийтгэл гэдэгт би итгэдэг. Энэ нь нийгэмд энх тунх байдлыг авчрахгүй. Энэ нь гэмт хэргийг устгахгүй, хүн төрөлхтнийг ч өөд нь татахгүй.
Монгол Улс цаазаар авах ялыг 2009 оны 6 дугаар сараас зогсоогоод байгаа билээ. Ерөнхийлөгчийн хувьд би үүнд хориг тавьсан юм. Эдүгээ бид цаазаар авах ялыг үүрд нэгэн мөр халах үүднээс холбогдох хууль гаргахаар ажиллаж байна.
Ноён дарга аа,
Өнгөрсөн жил Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын үүргийг хүлээн авсан.
Хуулийн засаглалыг дэлгэрүүлэх нь бидний хувьд тэргүүлэх ач холбогдолтой зорилт байх бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бид талархан дэмжиж байна. НҮБ, ялангуяа Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн хуулийн засаглалыг тэргүүлэх зорилтоо болгосонд би талархаж байна. Энэ нь миний хувьд ч, Монгол Улсын хувьд ч эрхэм зорилт юм. Учир нь үүнээс манай ардчиллын хөгжил дэвшил, эдийн засгийн амжилт шалтгаална.
Та бүхэнд талархлаа.