УИХ-ын дэд дарга С.Одонтуяа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолыг баталж, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон.
Энэ жил 26 дахь жилдээ хүндэтгэлийн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга Я.Баттогтох, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энх-Амгалан, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар болон нийслэл, дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Сонсголон, Толгойт, Сонгино цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын удирдлагууд, хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Өнөөдрийн байдлаар 31.357 иргэнийг хэлмэгдсэнд тооцож цагаатгаад байна. Үүнээс давхардсан тоогоор 19.434 иргэнд 80 тэрбум 565 сая төгрөгийн нөхөх олговор, бусад дэмжлэгийг үзүүлжээ.
Мөн хэлмэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн, тэдний үр хүүхэдтэй хамтран олон хөшөө дурсгалыг бий болгож, залуус хойч үедээ түүхийн үнэнийг сануулж, учир шалтгаан хор уршиг, үр дагаврыг тодруулсан олон ном товхимол, баримтат бүтээлийг олон нийтэд хүргэжээ.
Түүнчлэн улсын хэмжээнд нийт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай хөшөө, суварга, самбар, дурсгалын багана, музей зэрэг 200 гаруй обьектыг байгуулсан байна.