Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос мэдэгдэл гаргалаа
2010.01.25

Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос мэдэгдэл гаргалаа

МЭДЭГДЭЛ


Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос ардчиллын үнэт зүйлс-ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, амьд явах эрхийг хүндлэн дээдэлдэг дэлхийн олон орны жишгээр, мөн Монгол Улсын Үндсэн хуулин дахь  “Хүн...амьд явах эрхтэй” гэсэн заалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй санал санаачлагыг бүрэн дэмжиж мэдэгдэл гаргаж байна.

Цаазаар авах ял нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусармаг арга хэрэгслэл, аливаа дарангуйллыг бэхжүүлэх багаж  болж ирснийг Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо хариуцлагатайгаар цохон тэмдэглэж байна.

Монгол Улсын түүхэнд 1937-1940 он хүртэлх 4 жилд 26721 хүн шийтгэгдэж,түүнээс 20660 хүн цаазаар авах ял буюу буудуулсан байна. Шийтгүүлсэн хүмүүс нь тэр үеийн насанд хүрсэн хүмүүсийн 10.9%-ийг эзэлж байсан ба 1000 хүн тутмаас 10-11хүн шийтгэгдэж, 8-9 хүн буудуулж байсан түүхтэй. Шинэ үеийн түүхээс ч гэсэн нэг хүн 5 удаа цаазлах ял шийтгүүлж,хяналтын шатанд үнэн зөв нь тогтоогдож, цаагаатгагдаж байсан баримт олон байна.

Цаазаар авах ял нь хүний эрхийг зөрчин хэлмэгдүүлэх, хууль эрхийн болон гүйцэтгэгч байгууллагын үйлдэл, эс үйлдлээр  хувь хүнийг хилсдүүлэн эрхэм хүмүүний амь насыг хороож, засах боломж олгодоггүй өрөөсгөл үйл ажиллагаа гэдгийг Монголын шинэ болон нэн шинэ түүх нотолсон.

Цаазлах ялыг адал балмад, харгис хэрцгий үйлдэл хийсэн хүмүүст зөвхөн оногддог, тэдгээрээс түр зуурын өс хонзон авах,хохирогч нарын сэтгэл санааны тайвшралын хэрэгсэл болгох явцуу ойлголтоос салж,цаазаар авах ял нь Монголын Улсын хууль эрх зүйн орчинд оршин тогтносноор нийгмийн байгуулалд хичнээн гай зовлон авчирдаг, хүмүүсийн сэтгэл зүйд ямар хохирол учруулдаг болохыг Монголын нийт ард иргэд тунгаан ойлгох ёстой.

Үүний уршгаар олон мянган Монголчууд зөв, буруугаа нотлох хууль эрх зүйн боломж олгогдохгүйгээс хилс хэргээр шийтгэгдэн  хохирч байсныг Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо байгуулагдсан цагаасаа баримтжуулан буруушаасаар ирсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дурьдсан онцлох шалтгаантай  нийцэж байгаа юм.
Аливаа төр, дарангуйлагч, удирдагч, төрийн институци сул дорой байдлаа халхлах хэрэгсэл болгон хуулийн энэ заалтыг ашигласаар ирсэн нь түүхэн эмгэнэл юм. Хууль тогтоох, хянан шалгах,хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах, бүх шатанд эрх мэдэл, хөрөнгө чинээтэй бүлэглэл, хувь хүмүүс нөлөөлж, шударга ёсыг  зөрчиж буй өнөөгийн булингартай цаг үед ялын дээд хэмжээг хэрэглэхгүй, түүнийг оновчтой хувилбараар шийдвэрлэх нь үл засагдах алдаа завхралаас гарахаас сэрэмжлэх найдвартай арга зам гэж үзэн, гашуун сургамжийг биеэрээ туулсан хүмүүсийн  санал санаачилгаар  байгуулагдсан, одоо өөрийн шинэ концепцийн үзэл санаа хүний эрхийн манаанд зогсож байгаа Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо улс төрийн нам хүчнүүд, хууль тогтоогчидод хандаж байна.

Цаазлах ялаас татгалзах хууль,  эрх зүйн хүрээнд Төрийн институцийн үүрэг, хариуцлага өндөр бөгөөд хандах хандлага туйлын чухал байна. Цаазлах ялыг халснаар амьд явах эрхээ баталгаажуулж,хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалж, улмаар энэ цаг үеийн Монголын ард түмний түүхэн боломж, хойч үеийнхний өмнө хүлээсэн хариуцлага мөн.
Хүний эрх, эрх чөлоөг хамгаалан тэмцэгч Монголын ард иргэд та бүхэнд монголын хууль, эрх зүйгээс цаазлах ялыг бүрмөсөн халахад дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.


МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ХОЛБОО

2010 оны 01 дүгээр сарын 22
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.