"Би"-гээр өвчилсөн буюу байнга зарга хийдэг хүмүүс сэтгэцийн өөрчлөлттэй байдаг
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2013.01.08

"Би"-гээр өвчилсөн буюу байнга зарга хийдэг хүмүүс сэтгэцийн өөрчлөлттэй байдаг

Саяхан УИХ-ын чуулганаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулийн талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа. Тэрбээр хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.

-Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн баталлаа. Чухам юу нь анхаарал татаж, бас шинэчлэхээс аргагүйд хүрсэн юм бэ?

-Сэтгэцийн эрүүл мэнд бол улс үндэстний эрүүл байх суурь юм. Хамгийн энгийнээр тайлбарлавал хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм, хүрээлэн буй гадаад орчинтойгоо дасан зохицож, хэвийн ажиллаж, амьдрах чадвар шүү дээ. Уг нь, өндөр хөгжилтэй орнуудад сэтгэцийн эмгэгтэй хүний тоо манай улсаас 6-8 дахин их байдаг. Гэтэл өнөөдөр Монгол Улсад ийм хүний тоо статистик судалгаагаар бусад хөгжилтэй орны адил нэмэгдэж байгаа нь тогтоогдсон. Аливаа улс хөгжих тусам, түүнчлэн нийгэм эдийн засгийн нэг байдлаас нөгөө рүү шилжих үед сэтгэцийн эмгэгтэй хүн олширдог. Түүнээс улбаалан манай улсад ч энэ байдал газар авч байна.
Тухайлбал сүүлийн үед сэтгэл гутрал, айдас түгшүүр, архинд донтох эмгэг, амиа хорлолт ихэсч байна. Тиймээс Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг  зайлшгүй  шинэчлэн  найруулах   хэрэгтэй
болсон. Бүр тодруулбал эрх зүйн орчныг нь боловсронгуй болголоо.

-Үндсэндээ хүн гэдэг амьтан нийгмээсээ шалтгаалж сэтгэхүй нь өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, нийгмийн бухимдлыг хуваалцах мэргэжилтэн, орчин байхгүйгээс бухимдал, гомдол нь сэтгэцэд нөлөөлдөг байх л даа?

-Тэгэлгүй яах вэ. Энгийнээр тайлбарлахад нийгэм эрүүл байснаар сэтгэц эруүл байна. Нийгмийн  харилцаанаас шалтгаалан содон шинжтэй хүмүүс олширдог. Тухайлбал, 1990-ээд оны үед харь гарагийнхантай харьцдаг хүн маш олноор бий болсон. Түүн шиг өнөөдөр маш олон бөөтэй болчихлоо.

1980-аад оны үед бас баахан бөө бий болж байсан. Гэтэл өдгөө түүх давтагдана гэдэг шиг дахиад л бөөгийн үе гаарч байна. 

Мөн өнгөрсөн оны сүүлээр дэлхий сүйрэх тухай нийгмийг хамарсан үзэгдэл гарсан. Энэ мэтийн зүйлд сэтгэл зүйн хувьд тогтворгүй, боловсрол нимгэнтэй хүмүүс илүү өртөмтгий байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, хэн ч хандаж болохуйц байгууллага    байдаггүй нь сэтгэцийн эрүүл мэндиин талаар авах арга хэмжээ үгүйлэгдэж буйн илэрхийлэл юм.

-Сэтгэлзүйн төв гэхээсээ илүү иргэд лам, бөө рүү л хошуурдаг шүү дээ?

-Мэдээж, иргэд сэтгэл нь хямрахаар лам, бөөд очдог. Түүнийг хориглох ямар ч эрхгүй. Гэхдээ аливаа асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хэрэгтэй. Манайхан сэтгэцийн эмч гэдэгт уягдаад байдаг. Уг нь, сэтгэцийн эмч, сэтгэлзүйч, сэтгэл засалч гэдэг нь өөр юм. Их, дээд сургууль төгссөн сэтгэцийн эмч цаашдаа эмнэлзүйн сэтгэлзүйч, сэтгэл засалчид болж мэргэшин хувь хүн, хамт олон байгууллагуудад урьдчилан сэргийлэх зорил-гоор заавар зөвлөгөө өгч, тусламж үзүүлэх боломжтой болох юм.

Түүнчлэн сэтгэл зүйн төвүүдийг нэмэгдүүлэх зорилгоор магадлан итгэмжлэгдсэн хувийн эмнэлгийн байгууллагын сэтгэлзүйч, сэтгэл засалчдаас зөвлөгөө авсан бол даатгалын хуулиараа зохицуулах боломжтой болж байгаа.

-Сэтгэцийн эмгэг гэхээр бид шууд л «галзуу, солиотой» гээд дүгнэчихдэг. Тиймдээ ч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг байршлаар нь «Шархадны» гэж нэрлэдэг. Ойшоохгүй байгаагийн л илрэл байх. Нэгэнт хуулиа шинэчилсэн болохоор уялдаатай асуудлуудыг улам тодотгосон гэж найдаж байна?

-Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлэн эмчилдэг. Ингэхдээ эмчилгээний зардал, ор, байр сав зэргээсээ шалтгаалаад хязгаарлагдмал асуудал ихтэй. Тиймээс сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг аль болох нийгэмшүүлж, хамт олных нь дунд эмчлэх шаардлагатай гэдэг зорилт бий болсон. Тэр ч утгаараа шинэ хуулиар үүнийг хэрэгжүүлэхийг зорьсон.

Сэтгэцийн болон зан үйлийн 10 бүлэг эмгэг байдаг. Үүнд архинд донтох эмгэг, архаг ядаргаа, стрессийн эмгэгүүд, сэтгэл гутрал, бие хүний зан үйлийн эмгэг, мансуурах дон, оюуны хомсдол, нойрны эмгэг, айдас түгшүүр, хооллох дурын эмгэгүүд бүгд багтдаг. Тэдгээрээс хурц илэрч буй үед нь эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлээд, бусад тохиолдолд сэтгэл заслын аргаар мэргэжлийн, мэргэшсэн эмч нар эмчилж, нийгэмшүүлэн эдгэрүүлэх болно.

-Нийгэмшүүлнэ гэхээр олон нийт хэр хүлээж авах бол. Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийг гэр бүлийнхэн нь ч хайхрахгүй, бусдаас нууж, хүний эрхийг нь зөрчих тохиолдол бишгүй л гардаг?

-Асран хамгаалагчийн болон сэтгэцийн эмгэгтэй хүний эрх, үүргийг маш тодорхой зааж өгсөн. Түүнчлэн «Монгол Улсын иргэн сэтгэцийн эмгэгтэй хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох зэргийг цээрлэнэ» гэх зэргээр нарийвчлан оруулсан. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамт олныхоо сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор арга хэмжээ зохион байгуулж, тайван ажиллах орчин бүрдүүлнэ, дэргэдээ сэтгэлзүйч, сэтгэл засалчтай байх гэхчилэн тусгаж өгсөн. Мөн сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан асрамжийн газрын талаар хуульчилсан.

-Сэтгэцийн өөрчлөлттэй хүний эрх, үүрэг гэхээр сонин байна. Гэтэл хэрэг үйлдчихээд шүүхээс эрх зүйн чадамжгүй гэгдэн эмнэлэгт очигсод ч цөөнгүй бий. Шулуухан хэлэхэд хурцын тасаг хуулийн тасагтай хамт байх нь хэр зохистой үзэгдэл вэ?

-Мэдээж, тухайн эмгэгтэй хүнийг эрх зүйн чадамжтай, чадамжгүй гэдгээр асуудалд хандана. Хэдий сэтгэцийн эмгэгтэй ч тухайн хүн Монгол Улсын иргэн. Тиймээс үндсэн эрхээ эдэлнэ. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 43.1.3-т заасанчлан өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах, 43.1.4-ийн дагуу халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношилгоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах эрхтэй. Мөн иргэний эрх зүйн чадамжтай сэтгэцийн эмгэгтэй хүн иргэний, улстөр, эдийн засаг, нийгэм, соёлын бүх эрхийг эдэлнэ гээд заагаад өгчихсөн.

Хууль шинээр батлагдлаа гээд бүх зүйл төгс болчихож байгаа юм биш. Анхаарах зүйлуүд бий. Тэнд тоглоомд донтсон эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд байгаа. Гэтэл тэдний өрөө, тасалгааг тусгаарлах зэргээс шалтгаалан хөрөнгө мөнгөний асуудал үүсдэг. Тэгэхээр тэдгээр хүүхдийг заавал хэвтүүлэн эмчилж байхаар нийгэмшүүлэх арга хэлбэрээр сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэл засал хийж, амбулаториор эмчлэх бололцоотой.

-Нийгмээс шалтгаалан сэтгэцийн эмгэгтэй болсон хүнийг нийгэмд нь эмчлэх боломж хэр байдаг юм бол?

-Дээр дурдсан сэтгэцийн 10 бүлэг эмгэгийг бид огт анзаардаггүй. Тухайлбал, «би»-гээр өвчлөх буюу агуу дэмийрэл гэж байдаг. Эсвэл байнга зарга хийж явдаг хүмүүс ч бий. Гэтэл тэд үнэн хэрэгтээ сэтгэцийн өөрчлөлттэй болчихсон байдаг. Яатаад гэвэл тухайн хүн нийгэмтэйгээ эрүүлээр дасан зохицож чадахгүй байгаа болохоор эмгэгтэй байна аа л гэсэн үг шүү дээ. Тиймээс л энэ хуулийг шинэчилж, тодорхой болгон, нийгэм рүү чиглүүлсэн.
Бүгдээрээ хөл нийлэн алхах явцдаа бухимдал, гомдол, элдвийн ядаргаа, сульдаа мэтийн энгийн зүйлээс болж нэгнийгээ сэтгэцийн өөрчлөлттэй гээд эмнэлэгт барьж аваачин хэвтүүлэхдээ бус. Хоорондоо сэтгэлээсээ ярилцаж, биесээ ойлгодог, сэтгэлзүйч, сэтгэл засалчдад итгэдэг болох хэрэгтэй. Тэр цагт үр дүн нь гарна.

-Ард түмэн УИХ-ын зарим гишүүдийг агуу ихийн дэмийрэлтэй гэдэг шүү дээ?

-Парламентад тийм гишүүн хэд хэд бий.