Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих тухай олон улсын жишигт нийцсэн хууль баталлаа
УИХ-ын намрын чуулган шинэ оны анхны хуралдаан
2016.10.03

Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих тухай олон улсын жишигт нийцсэн хууль баталлаа

УИХ-ын ээлжит чуулганы шинэ оны анхны нэгдсэн хуралдаан 15 цагт эхэлж, хүн амын эрүүл мэнд, эрхзүйн салбарт чухал ач холбогдол бүхий  хэд хэдэн  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ өдрийн хуралдааны эхэнд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн батлав. Эдгээр төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан гишүүдэд сонордуулсан юм.

Түүний өгүүлснээр бол тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн санал авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад тусгаж, хэл, найруулгын чанартай зарим өөрчлөлт оруулсан бөгөөд эцсийн хэлэлцүүлэгт санал хураалгах зарчмын болон найруулгын чанартай саналын томьёолол гараагүй байна.

Дээрх төслүүдтэй холбогдуулан асуулттай гишүүн байгаагүй, зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэгэнт гараагүй тул гишүүдийн саналыг шууд хураахад хуралдаанд оролцсон 51 гишүүний 78 хувийн саналаар, УИХ-ын дарга З.Энхболдын хэлснээр “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих олон улсын жишигт нийцсэн” хууль батлагдлаа. Хууль батлагдсантай холбогдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг гишүүдийн 80 хувийн саналаар мөн баталсан юм.  

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга

Оршил

2000 онд батлагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 10 гаруй жилийн хугацаанд хүн амын дунд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалт буурахгүй байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн зорилт, хамрах хүрээг өргөжүүлж, хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжсэн орчин, нөхцөлийг бий болгох замаар сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нийгэм, орчны сөрөг хүчин зүйлийг бууруулах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, энэ ажилд эрүүл мэндийн байгууллага төдийгүй бусад байгууллага, аж ахуйн нэгж, хамт олны оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг боловсронгуй болгох, сэтгэцийн эмгэгтэй хүний эрх ашиг, аюулгүй байдлыг хангах, түүний асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүрэг болон эмнэлгийн мэргэжилтний үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг дээшлүүлэх чиглэлээр Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг зайлшгүй шинэчлэн найруулах шаардлагатай болсон байна.

Иймд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж, 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж, 2013 оны 01 дүгээр сарын 03- ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа батлан гаргалаа.

Хуулийн агуулга

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 6 бүлэг, 15 зүйлтэй.

Хуулийн Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, төрөөс хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, зарчмыг тусгасан бөгөөд хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад 5 төрлийн нэр томьёог шинээр нэмж орууллаа.

Хоёрдугаар бүлэгт сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаарх төрийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдийн үүрэг тусгагдлаа.

Гуравдугаар бүлэгт сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, санхүүжилт, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчим, эмнэлгийн мэргэжилтний үүрэг тусгагдсан бөгөөд хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед энэ бүлгийн 9 дүгээр зүйлд “Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн сэтгэл засалч эмчийн эмчлүүлэгчид өгсөн зөвлөгөө нь даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцад хамаарна.” гэсэн 9.5 дахь хэсэг шинээр нэмлээ.

Дөрөвдүгээр бүлэгт сэтгэцийн эмгэгтэй хүний эрх, сэтгэцийн эмгэгтэй хүний хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүргийн талаар орууллаа.

Тавдугаар бүлэгт сэтгэцийн эмгэгтэй хүнийг албадан эмчлэх, сэтгэцийн эмгэгтэй хүний аюулгүй байдлыг хангах болон сэтгэцийн эмгэгтэй хүнд үзүүлэх нийгмийн халамжтай холбогдсон харилцааны асуудлыг зохицууллаа.

Зургадугаар бүлэгт сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар заасан бөгөөд 2000 онд батлагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд заагдсан захиргааны шийтгэлийг чангатгаж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн захиргааны шийтгэл ногдуулах, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн болон мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд Эрүүл мэндийн тухай хуулийн 26.3-т заасан хариуцлагыг хүлээлгэхээр тус тус тогтоолоо.

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан 2000 онд батлагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцлоо.

Хуулийн ач холбогдол

Энэ хууль батлагдан хэрэгжсэнээр нийгэм, хамт олны дотор сэтгэл зүйн таатай орчин бий болж, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр нөллөө дээшлэн сэтгэцийн эмгэгтэй хүний асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүрэг, хариуцлага нэмэгдэж, сэтгэцийн эмгэгтэй хүний эрх ашиг, амьдралын баталгаа сайжирна.


Сэтгэцийн эмгэгтэй хүнд үзүүлэх нийгэм, хамт олныг түшиглэсэн тусламж, үйлчилгээ, тэдний амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар сайжиран сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагын орчин нөхцөл, тусламж, үйлчилгээ нь сэтгэцийн эмгэгтэй хүний хууль ёсны эрх ашиг, хэрэгцээ шаардлага, аюулгүй байдлыг боломжийн түвшинд хангадаг болно.

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тусламж, үйлчилгээнд зарцуулах санхүүжилтийн хэмжээ нэмэгдсэнээр эдгээр ажлын цар хүрээ, үр нөлөө дээшлэнэ.

Ингэснээр сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нийгэм, орчны сөрөг хүчин зүйл багасч, улмаар хүн амын дунд сэтгэцийн эмгэгийн тархалт буурах, амьдралын чанар нь дээшлэх, Монгол Улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэх нэг нөхцөл бүрдэх юм.