ҮХАА-н сайд Х.Баттулга малын эм, бэлдмэлийн үйлдвэр Биокомбинатад ажиллав
ҮХАА-н сайд Х.Баттулга, дэд сайд Ц.Туваан, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нарын албаны хүмүүс Биокомбинатад ажиллах үеэрээ.
2012.12.24

ҮХАА-н сайд Х.Баттулга малын эм, бэлдмэлийн үйлдвэр Биокомбинатад ажиллав

Хөдөө аж ахуйн, мал аж ахуйн орон гэж монголчууд өөрсдийгөө тодотгодог. Гэтэл манайх  малаа эрүүлжүүлэх, халдваргүйжүүлэх тал дээр анхаарлаа муу хандуулдаг. Үүнээс үүдээд эрүүл хүнс, мах экспортлох гэх мэт олон чухал асуудал орхигдож байна. Ийм олон тооны малтай орон манайхаас өөр байхгүй бас манайх шиг цор малын эмийн цор ганцхан үйлдвэртэй улс ч байхгүй байх. Бас болоогүй ээ байгаа ганц үйлдвэртээ 1973 оноос хойш технологийн шинэчлэл хийгээгүй, байр байшин нь балгас мэт болсон, боловсон хүчний хувьд ч мөн л хоцрогдож эхэлжээ.  

1923 онд Биокомбинат байгуулагдсан бөгөөд 1938 оноос одоогийн нэрээр нэрлэсэн байна.

1973 онд БНУУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар бүрэн шинэчлэгдэж 1990 он хүртэл Унгар-Монголын хамтарсан үйлдвэрийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад түүнээс хойш зөвхөн үндэсний ажиллагсад ажиллаж  байгаа аж.

Тус үйлдвэр нь мал амьтанд тохиолддог гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох зориулалттай вакцин, оношлогооны бэлдмэл зэрэг 70 нэр төрлийн бүтээгдэхүүнийг ҮХААЯ-ны захиалгын дагуу үйлдвэрлэдэг бөгөөд дотоодынхоо хэрэгцээний 90 гаруй хувийг хангадаг үндэсний цорын ганц үйлдвэр юм.

Өнгөрсөн бямба гаригт ҮХАА-н сайд Х.Баттулга, дэд сайд Ц.Туваан, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нарын албаны хүмүүс тус үйлдвэрт ажиллах үеэрээ мал аж ахуйн гэгддэг манай улсын хувьд малаа эрүүлжүүлж байж эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байгааг онцоллоо. Манайд түгээмэл тохиолддог шүлхий өвчийн вакциныг л гэхэд уг үйлдвэрт хийдэггүй юм байна. Тус үйлдвэрийн захирал  доктор Б.Баттогтох  хэлэхдээ “Манай малд шүлхийн халдварт өвчин их гардаг. Яваандаа тусад нь үйлдвэр бариад, шүлхийгээс сэргийлэх чиглэлээр боловсон хүчин шинээр бэлтгээд явбал болохгүй зүйл байхгүй шүлхий өвчний вакциныг монголдоо хийх хэрэгтэй” гэж хэлж байлаа. Үндсэн хуульд ч, Малын удмын сангийн хуульд ч малын халдварт өвчнийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрөөс санхүүжүүлж хамгаална гэж заасан байдаг. Иймд төрийн хатуу захиалгад захирагддаг байна.