Эрчим хүчний үнийг иргэдэд дарамт болохоор нэмэхгүй
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Т.Цэрэнпүрэвтэй ярилцлаа.
-Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хооронд хорооны ажилд тань ямар өөрчлөлт гарав?
-Эрчим хүчний тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Эрчим хүчний зохицуулах газрыг Эрчим хүчний зохицуулах хороо болгон өөрчлөн зохион байгуулсан. Бидний зүгээс ойрын хугацаанд салбараа алдагдалгүй болгох чиглэлээр тодорхой зорилт, хөтөлбөр гаргаад эхний ажлуудаа Эрчим хүчний яам болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхлээд байна.
-Сүүлийн үед нийслэл хот эрчим хүчний дутагдалд орсон, тэр байтугай хямрал нүүрлэхэд бэлэн боллоо гэж бичиж, ярих боллоо. Нөхцөл байдал үнэхээр аюулын түвшинд хүрсэн юм уу?
-Төвийн эрчим хүчний систем өнгөрсөн оны өвлөөс үндсэн тоноглолуудаа 80-аас дээш хувиар ачааллаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард төвийн эрчим хүчний оргил ачаалал 802 МВт, тэгвэл энэ сард бүр өсч 840 МВт хүрсэн байна лээ.
Энэ бол нэг талаас эрчим хүчний салбарын хамт олонд маань маш өндөр хариуцлага ирж байгаа хэрэг, нөгөө талаас бидэнд нөөц чадал алга байгаа нь үнэн бөгөөд эрсдлийг бүрэн хаах чадамжгүй байна гэсэн үг.
Дутагдаж буй цахилгаанаа ОХУ-аас гэрээний маш хатуу нөхцөлтэйгөөр ганц шугамаар авдгийг манай хэрэглэгчид төдийлөн сайн мэдэхгүй байх. Өвлийн их ачааллын үед бэлтгэл тоноглолгүй удаан явдаг дулааны цахилгаан станцууд болон ОХУ-тай холбогдсон өндөр хүчдэлийн шугаманд гэмтэл саатал гарвал үнэхээр асуудал гарна, гэхдээ тийм зүйл болохгүй гэж найдаж байна.
Дулаан хангамжийн хувьд ч ялгаагүй. Ялангуяа нийслэлд шинээр барих барилга, үйлдвэр, болон орон сууцнууд төвлөрсөн эх үүсвэрт холбогдох нөөц үндсэндээ шавхагдсан. Цахилгаан, дулааны эх үүсгүүрийн хомсдолыг хэрхэн хаах талаар гаргасан нарийн судалгаа, тооцоо байгаа, энэ чиглэлээр ЭХЯ-наас хийж буй ажил нэлээд бий.
-V цахилгаан станцын асуудал гурван парламент, Засгийн газар дамжин яригдлаа. Одоо ч ярьсаар байна, удаан дуншсан энэ станц хэзээ ашиглалтад орох бол?
-Энэ төсөл бол ёстой удааширч, цаг алдаж болохгүй ажил байгаа юм, энэ талаар аль аль шатандаа ойлгож, ярьж байгаа болохоор надад илүү олон юм ярих шаардлага алга. Бэлтгэл ажлууд нь хийгдсэн тул шинэчлэлийн Засгийн газар эхний ээлжийг нь ойрын хугацаанд ашиглалтад оруулна гэж найдаж байна.
-Танай салбарын нөөц бүрэн шавхагдлаа гэж үү. V цахилгаан станц ашиглалтад ортол барьж буй үйлдвэр, орон сууцуудаа зогсоох уу?
-Зогсоох тухай яриа мэдээж байхгүй. Харин ЭХЯ, холбогдох газрууд одоо ярьж байгаа төслүүд дээрээ шуурхай ажиллаж, түргэн хэрэгжүүлэх л гарц байна. Манай салбар бүхий л дотоод нөөцөө дайчилж байна. Дөрөвдүгээр цахилгаан станц болон Дарханы цахилгаан станц өргөтгөх төслөө эхлүүлэн идэвхтэй ажиллаж байна.
Бас Эрдэнэтийн цахилгаан станц, Дорнодын цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх боломж байгаа. Өөр бас хэд хэдэн хувийн хэвшлийн компани өөрсдийн хөрөнгөөр цахилгаан станц барина гээд тусгай зөвшөөрлөө авсан, бэлтгэл ажилдаа ороод явж байгаа.
Хувийн хөрөнгө оруулалтаар барьсан станц богино хугацаанд баригдаж, хэвийн ажиллаж байгаагийн жишээ бол Ухаа худагийн дулааны цахилгаан станц байна.
Дээр нь том чадлын усан цахилгаан станцын төслүүд, сэргээгдэх эрчим хүчний төслүүд бий. Гэхдээ энэ нь ойрын хугацааны гал унтраах төдий арга хэмжээ болно гэж бодож байна.
-Танай салбарын хөрөнгө санхүүгийн байдал ямархуу байна?
-Салбарын санхүүгийн байдал хүнд байгаа. Ер нь эрчим хүчний салбарын сүүлийн 20 гаруй жилийн түүхийг сөхөж үзэхэд хөрөнгө мөнгөөр хангалттай байсан удаа байдаггүй. Энэ салбарын хөгжлийг чөдөрлөж байсан гол шалтгаан бол олон жилийн турш төрөөс тогтоосон хатуу үнэ.
Сүүлийн жилүүдэд эрчим хүчний үнийг хэлбэрийн төдий нэмж байсан боловч ашигтай ажиллах нь байтугай зардлаа нөхөж чадахгүй, жил бүр олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, өрийн сүлжээнд торлогдсон байдалтай байдаг байсан. Энэ хугацаанд нүүрс, төмөр замын тээвэр, сэлбэг материалын үнийн өсөлт, түүнчлэн мөнгөний ханш, зээл, зээлийн хүү мэтийн олон хүчин зүйл үйлдвэрлэлийн зардал өсөхөд нөлөөлсөөр ирсэн. Энэ онд гэхэд 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарах тойм тооцоо байна.
-Эрчим хүчний компаниуд байнга л алдагдалтай ажиллаж байна гэдэг. Тэд өөрсдөө бүсээ чангалж, үрэлгэн зардлаа багасгаж болохгүй юу?
-Эрчим хүчний салбарын нийт зардлын 80 гаруй хувийг зөвхөн түлш, үндсэн хөрөнгийн элэгдэл, цалин гэсэн гурван төрлийн зардал эзэлдэг. Түлшний үнийн өсөлт, үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг бүрэн хэмжээгээр тарифт тусгаж чадахгүй байгаагаас алдагдал өсч байна, шинэчлэл бүрэн хийгдэхгүй байна.
Манай салбарынхан гар хумхин зүгээр суугаад байсангүй. Дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэсэн цахилгааныхаа 22 хувийг өөртөө хэрэглэж байсан бол одоо 15.1 хувь болсон, мөн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулж чадсан. Зөвхөн энэ хоёр үзүүлэлтээс гэхэд нийт 26,2 тэрбум төгрөгийн үр ашгийг сүүлийн 10 жилд бий болголоо. Цаашдаа "Эрчим хүчний салбарын үр ашгийн хөтөлбөр"-ийг бид 2013-2018 онд хэрэгжүүлнэ.
-Түлш, эрчим хүчний үнэ тарифыг зайлшгүй нэмэх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Ингэж үнэ нэмэх бодит шаардлага ер нь юу байна?
-Үндэслэл тодорхой. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим компани 2011 оны арванхоёрдугаар сараас эхлэн тариф нэмэгдүүлэх саналаа манай хороонд ирүүлж эхэлсэн. Мөн зүй ёсны монополь компаниуд үнэ нэмэгдүүлэх саналаа 2012 оны эхнээс эхлэн Өрсөлдөөний хуулийн дагуу ШӨХТГазарт хүргүүлсэн байсан.
Алдагдалтай ажиллаж байгаа Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Адуунчулууны уурхайнууд мөн нүүрсний үнээ нэмэх санал, тооцоог 2012 оны тавдугаар сард ирүүлж шийдэж өгөхийг хүссэн. Тэдний алдагдал оны эцэст 15 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байна.
Мөн Монгол-Оросын хамтарсан нийгэмлэг УБТЗ нүүрс тээвэрлэлтээс 2012 оны эхний есөн сард 10.1 тэрбум тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн, өөрсдийн нүүрс тээвэрлэлтийн тарифыг нэмэгдүүлэхээ бүр 2011 оны арванхоёрдугаар сараас эхлэн мэдэгдээд байгаа. Цаашид үнийн зохицуулалт хийхгүй бол салбарын санхүүгийн байдал улам доройтох хандлагатай байна.
-Цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр аргагүй юм байна гэж бодъё. Үнэ, тарифын өөрчлөлт хэрэглэгчдэд хэр дарамт үзүүлэх бол. Урьдчилсан тооцоо байгаа юу?
-Өнгөрсөн оноос тариф нэмэгдүүлэх үндэслэл, тооцоог нь нарийвчлан хянаж санал, дүгнэлтээ гаргасан.
Бидний тооцоогоор айл, өрхийн хэрэглэгчдийн цахилгаан, дулааны үнэ тухайн өрхөд төдийлөн хүнд дарамт учруулахгүй. УИХ-ын 72 дугаар тогтоолын хүрээнд ахуйн хэрэглэгчийн нэг сарын 150 кВт.ц хүртэлх хэрэглээний цахилгааны тарифыг 79.80 төгрөгөөс нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталж байна.
Үндэсний статистикийн хороо 2011 оны байдлаар нэг өрхийн сарын дундаж орлогыг нийслэлд 573,541 төгрөг гэж гаргасан байдаг. Бид нийслэл хотын 49 ам метр халаалтын талбай бүхий 2 хоёр өрөө байранд амьдардаг, сард 200 кВт.ц цахилгаан хэрэглэдэг, дөрвөн ам бүлтэй дундаж айл өрхийг төлөөлөл болгон авч нөлөөллийг тооцож үзсэн.
Төлөвлөж буй тарифаар тооцвол дээрх айлд сард цахилгааны төлбөр 1100 төгрөг, дулааны төлбөр халаалттай үед 4864 төгрөг, халаалтгүй үед 1698 төгрөгөөр тус тус нэмэгдэнэ. Тэгвэл нэг сард 200 кВт.ц цахилгаан хэрэглэдэг гэр хорооллын өрх одоо мөрдөж байгаа үнээр сард 16,720.0 төгрөг, шинэ тарифаар 18480 төгрөг төлдөг болж төлбөр нь 1760 төгрөгөөр нэмэгдэн өрхийн төсөвт эзлэх эрчим хүчний зардлын хувийн жин 0.4 нэгжээр өсөх жишээтэй. Энэ бол бүтэн сарын хэрэглээнд тулгуурлан хийсэн тооцоо. Ер нь аль ч өрхийн орлогод жинтэй нөлөөлөхгүй гэж үзэж байгаа.