М.Сономпил: Эх орноосоо урвасан хүнийг л урвагч гэдэг
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил
2012.08.28

М.Сономпил: Эх орноосоо урвасан хүнийг л урвагч гэдэг

-Та өмнө нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Харин одоо Эрчим хүчний сайд боллоо. Энэ хоёр салбар хоорондоо нэлээд ялгаатай. Ер нь хариуцаж авсан салбарынхаа үйл ажиллагаатай хэр танилцаж байна вэ?

-Би танилцаж байгаа. Энэ бол миний хувьд шинэ салбар. Би цэргийн хүн. Өмнө нь Батлан хамгаалахын сайд байсан учраас салбар нь хол гэж ойлгож байгаа байх. Би Цэргийн нэгдсэн дээд сур­гуулийн хуягт машины ашиглалтын инженер мэргэжилтэй. Тиймээс инженер хүний хувьд эрчим хүчний салбарт ажиллахад ойр дөхөм юм. Түүнээс гадна би бол УИХ-ын гишүүн, өмнө нь Засгийн газрын сайдаар ажиллаж байсныхаа хувьд яамыг яаж удирдах, ажлаа яаж зохион байгуулах вэ гэдэг дээр туршлагатай гэж хэлж болно. Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг дотор нь салгаж, манай яамыг шинээр байгуулсан. Эрчим хүчний удирдах газрыг татан буулгасан. Үүнээс үүдээд одоогоор бүтцээ шинээр бүрдүүлэх чухал шаард­лагатай болоод байгаа.

-Ер нь Монголын эрчим хүчний салбарт ямар асуудал хамгийн их тулгамдаж байна гэж та бодож байна вэ?

-Монголын эдийн засаг өнгөрсөн онд 17 хувиар өссөн. Үүнийг дагаад эрчим хүчний хэрэглээ ч бас өсч байна. Хэрэглээ нь ойролцоогоор жил бүр 10 хувиар нэмэгддэг. Одоогийн байдлаар манай улс эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь хангаж чадахгүй байгаа.

-Ер нь Монголын эрчим хүчний салбарт ямар асуудал хамгийн их тулгамдаж байна гэж та бодож байна вэ?

-Монголын эдийн засаг өнгөрсөн онд 17 хувиар өссөн. Үүнийг дагаад эрчим хүчний хэрэглээ ч бас өсч байна. Хэрэглээ нь ойролцоогоор жил бүр 10 хувиар нэмэгддэг. Одоогийн байдлаар манай улс эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь хангаж чадахгүй байгаа. Үүнээс үүдээд эрчим хүчний дутагдалд орж байгаа гэж ойлгож болно. Тиймээс хамгийн түрүүнд эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох шаардлагатай байна. Өнөөдөр Монгол Улс гаднаас хараат болчихож. Гэтэл нүүрсний асар их нөөцөө гадагш нь зөөхийн оронд дотооддоо боловсруулж станцууд байгуулж, эрчим хүч үйлдвэрлэн түүнийгээ экспортлох, иргэдэд хямд үнээр үйлчлэх бүрэн бололцоотой.

Түүнээс гадна шинээр баригдаж байгаа орон сууц, барилгуудыг дулаанаар хангах асуудал хүндрэлтэй байна. Тэгэхээр дулааны эрчим хүч үйлдвэрлэх станц байгуулах зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Одоо ажиллаж байгаа эрчим хүчний станцуудын техник нь хуучирсан, 25-30 жил “насалсан”.  Жил бүр тэнд засвар хийдэг болохоос биш эдэлгээний хугацаа нь дуусах дөхөж байгаа гэсэн үг. Хамгийн сүүлд ТЭЦ-4-ийг 1984 онд байгуулсан. Бусад нь бүгд түүнээс хуучин. Энэ бүхнээс үүдээд эрчим хүчний салбарт маш их хүндрэл бий болж байгааг бид соргогоор анзаарах ёстой. Тиймээс эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох тал дээр маш хурдтай ажиллах шаардлагатай болоод байна.

-Тэгэхээр ТЭЦ-5-ыг байгуулах ажлыг яаравчилна гэсэн үг үү?

-Ер нь ТЭЦ-5-ыг барих асуудал олон жил яригдаж байгаа. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монголд эрчим хүчний шинэ станц бий болсонгүй. Харин өнгөрсөн хавар ТЭЦ-5-ын техник эдийн засгийн үндэслэлийг баталж, тендерийн эхний шалгаруулалт явагдсан. Гэх­дээ бас дээрх үндэслэлийн дагуу ажиллана гэхээр болохгүй бай­гаа юм. Нэгнийхээ хийсэн ажлыг муулж, ажлыг нь гутаах нь гол биш. Миний хувьд үүнийг цааш нь үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Гэхдээ мэргэжилтнүүд үүн дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, утаагаа багасгах гэж ядаж байхад ТЭЦ-5-ыг хотоос жаахан зайдуу барьж болохгүй юм уу гэх шүүмжлэл гардаг. Мөн 1.8 сая тонн нүүрсийг Багануураас авчирч, шатаана. Гэтэл үүнийг тээвэрлэх бололцоо хомс. Төмөр зам хэт ачаалалтай ажиллах шаардлагатай болно. Гэх мэтчилэн зовлонтой асуудал олон яригддаг. ТЭЦ-3 бол байрлах талбайн хувьд их жижиг. Харин тээвэрлэж авчирсан нүүрсээ хаана байрлуулах, хаягдал нүүрсээ хаана хадгалах вэ гэх зэргээр асуудал ундарна. Миний хувьд энэ бүхнийг яаж богино хугацаанд зохион байгуулах вэ гэдэгт анхаарч, мэргэжилтнүүдтэй ойрын хугацаанд зөвлөлдөнө.

-Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох хэрэгтэй гэж та хэлсэн. Одоо Төв аймагт салхин цахилгаан станц байгуулах ажил ид өрнөж байгаа. Ер нь иймэрхүү байдлаар байгалийн шавхагдашгүй нөөцийг ашиглаж, эрчим хүч гаргахад хэр их анхаарах вэ?

-Төв аймагт Салхитын хөндийд “Ньюком” компанийн салхин цахилгаан станц баригдаж байгаа. Ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Миний өмнөө тавьж байгаа ажлуудын нэг бол сэргээгдэх нөөц ашиглан эрчим хүч гаргах. Монголын нөхцөлд энэ нь хамгийн тохиромжтой. Тиймээс Сэргээгдэх эрчим хүчний газар гэж байгуулж байгаа. Салхинаас гадна нарны энергийг ашиглах бололцоотой. Мөн олон жил яригдаж байгаа Эгийн голын цахилгаан станцын төсөл байна. Сүүлийн үед судалгаа нь хийгдэж байгаа. Эгийн голын сав газарт усан цахилгаан станц барих бүрэн бололцоотой. Бид өмнө нь Дөргөний цахилгаан станцыг байгуулсан, энэ салбарт туршлагатай хүмүүс. Тиймээс Эгийн голын төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж би хувьдаа боддог.

-Гэхдээ Эгийн голын цахилгаан станцтай холбоотойгоор байгаль орчны асуудал сөхөгддөг шүү дээ?

-Үүнийг янз бүрээр л ярьдаг. Гэхдээ байгаль бохирдохгүй. Алтны үйлдвэрээс л арай дээр байх. Том далан босгочихоод л эрчим хүчээ үйлдвэрлэнэ шүү дээ. Түүнээс биш бохирдуулах асуудал байхгүй. Цахилгаан станц барих явцад ногоон байгууламж сүйдэх асуудал гарна. Түүнээс биш ус нь бохирдох, багасна гэж байхгүй.

-Өмнөх Засгийн газрын үед станц, үйлдвэрүүдэд улсаас татаас өгөхөөр болсон. Тэгээд байхад эрчим хүчний үнэ буурахгүй хэвээр байна. Энэ нь ер нь хэр оновчтой алхам болсон юм бол?

-Улсаас нийт 7.3 тэрбум төгрөгийн татаас нүүрсний уурхайнуудад өгсөн байна лээ. Одоогийн байдлаар станцуудын нүүрсний нөөц есөн хувьтай байгаа. Улсын татаасыг яаж хуваарилж зарцуулж байгааг шалгаж үзэх шаардлагатай. Зарим мэдээллээр бол зөвхөн үйлдвэрийн бараа, материал шахчихаад мөнгөө гаргаж авсан гэж байгаа. Энэ бүгдийг би шалгаж үзнэ. Энэхүү 7.5 тэрбум төгрөг өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулсан хөрөнгө.

-Одоо өвөлжилтийн бэлтгэл ажил ямархуу байгаа вэ?

-Наймдугаар сарын 20-ны байдлаар их засвар 70 хувь, туслах тоног­лолын засвар 80 хувь, хөрөнгө оруулалтын ажил 66 хувь, дулааны станцуудын нүүрсний нөөцлөлт 69 хувьтай байна. Ерөнхийдөө эрчим хүчний салбарынхаа өвлийн бэлтгэл ажлаа амжилттай базааж байгаа гэж ойлгож болно.

-Таны хариуцаж байгаа сал­барын тухайд ийм байж. Харин Засгийн газрын гишүүдийн ажлын хуваарийн тухайд гэвэл тэднийг амралтгүй ажиллуулахаар болсон. Гэхдээ ингэж тоон дээр анхаарахаас илүү ажлын бүтээмжийг нь чухал­чилбал зүгээр байсан юм биш үү. Та юу гэж бодож байна вэ?

-Сайд нар бол ер нь амардаггүй хүмүүс. Ерөнхий сайд 12 цаг ажиллах тухай ярьсан. Гэтэл би тооцоод үзсэн чинь миний ажлын цаг 17, 18 цаг болчихоод байгаа. Угаасаа аль сайд амарч яваад байдаггүй, үргэлж ажиллаж л байдаг. Заавал өрөөндөө сууж ажиллах биш, харин өөрт нь ирээд байгаа бичиг баримтуудаа гэртээ сууж байхдаа ч харж л байдаг. Би өмнө нь Засгийн газарт сайд байсныхаа хувьд үүнийг мэднэ.

-Танай яамны дэд сайд хэн болох вэ. Нэр нь тодорсон уу?

-Дэд сайдын асуудлыг ирэх бямба гарагт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Тэр үед тодорхой болох байх.

-Өмнө нь таныг сайд байх үеийн Засгийн газарт олон нам багтаж байсан. Одоо ч гэсэн мөн л олон ашиг сонирхлын төлөөлөл орж ажиллаж байна. Өмнөхтэйгөө харьцуулахад одоогийн Засгийн газар хэр бат бэх байж чадах бол?

-Би их өөдрөг бодолтой хүн. Тиймээс тогтвортой ажиллаж чадна гэж бодож байгаа. Угаасаа тэгэх чадвартай. Засгийн газрын анхны хуралдааны үеэр би ажиглаад байхад гишүүд нь бүгд туршлагатай хүмүүс байсан. Зарим нь гурав дахь удаагаа Засгийн газарт орж ажиллаж байна. УИХ-д дөрвөн удаа сонгогдсон хүн ч байгаа. Өөрөөр хэлбэл, чадварлаг хүмүүсээс бүрдсэн.

-УИХ-ын чуулган дээр Ц.Нямдорж гишүүн “Дандаа урваж, шарвадаг хүмүүсээс бүрдсэн” гэх агуулгатай зүйл хэлж байсан. Ингэхдээ Ардчилсан намаас гарсан гэдэг утгаар нь таныг ч бас хамруулчих шиг болсон?

-Би түүний үгэнд тухайн үед нь хариулж байсан. Би бол цэргийн хүн. Эх орноосоо урвасан хүнийг л урвагч гэнэ. Харин улс орны эрх ашгийн төлөө үзэл бодлоо урвуулан ярьж, урвуулж ажиллаж байгаа хүнийг тэгж хэлж болохгүй. Хүн эх орныхоо төлөө сэтгэл зүрхээ урвуулж л байх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь өөрийгөө өөрчлөхийг хэлж байгаа юм. “Манай нам ингэж шийдсэн” гээд суугаад байвал хоцрогдоно, ард түмэнд муухай харагдана. Ард түмэн бол ухаалаг хүмүүс. Улс төрийн намууд өнөөдөр ямархуу байна вэ гэдэгт тэд дүнгээ тавьчихсан шүү дээ. Тиймээс тэгж ярьж байгаа хүмүүс үүн дээр дүгнэлт хийгээсэй гэж бодож байна.

-УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАХН, МҮАН хоёрыг нэгтгэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байсан. Тэр одоо юу болсон бэ?

-Ц.Цолмон гишүүн ийм уриалга гаргасан байна билээ. Би харсан. Энэ бол намын бүх шатанд яригдах асуудал. Сонгуульд манай хоёр нам эвсэл болж орсон. Хэрэв хуулийн дагуу нэг нам нь байхгүй болчихвол эвсэл задарсантай адил зүйл болно. Тиймээс процедурын хувьд хугацаа нэлээд шаардлагатай. Ер нь хоёр намын хувьд хамтарч ажиллах гэрээгээ есөн жилийн хугацаатай хийсэн. Тиймээс нэгдэх, нэгдэхгүй тухай би сайн хэлж мэдэхгүй байна. Энэ бол ганц гишүүн юм уу, хоёр дарга нь яриад шийдэх зүйл биш.

-“Шударга ёс” эвслийн дэд дарга М.Энхсайхан Сангийн сайдын суудлаас яагаад татгалзчихав?

-Энэ бол түүний өөрийнх нь шийдвэр. МАХН, МҮАН-ын хувьд 3:1-ийн харьцаатайгаар сайдаа хуваарилсан. Түүнээс биш хэвлэлээр бичээд байгаа шиг сайдын суудал булаацалдаж, маргалдсан зүйл байхгүй. М.Энхсайхан дарга “Манай хамтрагчид ийм шийдвэр гаргаж байгаа бол би Сангийн сайдын суудлаас татгалзъя” гээд шийдвэрээ гаргасан. Ямар ч хэрүүл маргаан гараагүй.

-Ярилцсанд баярлалаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.