2012.09.25

Улаанбаатарт дулааны цахилгаан станц барихаар болжээ

Улаанбаатарт Франц, Өмнөд Солонгос болон  Японы хөрөнгө оруулалтаар дулааны цахилгаан станц барихаар болжээ. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1,3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь уул уурхайн салбараас гадна манай улсад орж ирж байгаа дараагийн том гадны хөрөнгө оруулалт болж байгаагаараа ихээхэн онцлогтой ажээ.

Францын “ЖиДиЭф Сүэц” болон Өмнөд Солонгосын “Поско энэржи” компани, Японы “Сожицү”, Монголын “Ньюком”-той хамтран Улаанбаатарт дулааны цахилгаан станц барихаар болсон байна. Дөрвөн орны хамтарсан консерциум дээрх асуудлыг өнгөрсөн долоодугаар сард олон нийтэд зарласан ч хамтын ажиллагааны гэрээг шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа хийхээр товлосон байсан. Харин одоо шинэ Засгийн газар бүрдсэнтэй холбоотойгоор хамтын ажиллагааны сүүлийн шатны гэрээ хэлэлцээрийг хийх аж. Гэрээг энэ ондоо багтааж хийх болсныг Ньюком компаны гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэлжээ.

Түүнчлэн тэрбээр төслийн талаар цааш ярихдаа “Энэхүү шинэ төсөл нь манай улсын хувьд эн тэргүүнд тавигдах чухал асуудал төдийгүй Засгийн газрын зүгээс дээрх төслийг хурдан хугацаанд гүйцэтгэх тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байгаа” хэмээжээ. Шинээр байгуулагдах дулааны цахилгаан станц 2016 онд ашиглалтад орох бөгөөд нийслэл Улаанбаатар хотын тал хувийг дангаараа цахилгаанаар хангах хүчин чадалтай байх юм байна. Монгол улсын хувьд  байгалийн асар их нөөцтэй төдийгүй эдийн засгийн хурдацтай өсөлттэй орнуудын тоонд зүй ёсоор багтдаг. Гэсэн хэдий дэд бүтцийн доголдолтой байдлаас болж эрчим хүчний хэрэглээний хязгаарлагдмал байдал үүсээд байна. Шинэ дулаан цахилгаан станц нь дээрх асуудлыг шийдвэрлэх гол гарцнь болох юм. Цаашлаад ОХУ-аас орж ирэх эрчим хүчний импортыг багасгах зорилго тавин ажиллаж байна. Шинээр байгуулагдах дулааны цахилгаан станцын 90 хувийг гадны хөрөнгө оруулагчид тэгш хувьтай эзэмших бол үлдсэн 10 хувийг монголын Ньюком эзэмших аж. Харин 1,3 тэрбум ам.долларын 400 сая ам.долларыг хувь нийлүүлэгч дөрвөн компани гаргах бол үлдсэн 950 сая ам.долларыг зээлээр авах болсныг Ньюком компаны гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэлжээ. Шинэ Засгийн газрын шийдвэрийн дагуу гадны хөрөнгө оруулалтыг ихээр гаргасан ч эрчим хүчний салбар гадны хөрөнгө оруулалтын тухай хуульд төдийлэн хамаардаггүй нь төслийн явцыг хурдасгах талтай ажээ.

 

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.