Ардын намыг үгүйсгэх нь Монгол Улсыг, тусгаар тогтнолоо, эцэг, эхээ үгүйсгэж байгаатай адил
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ж.Энхбаяр.
2012.12.13

Ардын намыг үгүйсгэх нь Монгол Улсыг, тусгаар тогтнолоо, эцэг, эхээ үгүйсгэж байгаатай адил

-Ардын намын гишүүд өнөөдөр (өчигдөр) хуралдлаа. Юу хэлэлцсэн юм бол?

-Намын бүлэг улс төрийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар авч хэлэлцсэн. Тэр дундаа парламент дахь зөвшилцлийг бэхжүүлэх тухай ярилаа. Үүний төлөө Ардын нам санаачилгатай ажиллах хэрэгтэй гэж үзсэн. Зөвшилцөх шаардлагатай болчихсон хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, манай нам бүлэгтэй болох хэрэгтэй байна. Өвөрхангайн асуудал бий. Дээрээс нь сая Засгийн газар бонд гаргалаа. Үүний үрашиг, хор хохирлыг тооцох нь чухал байна.

-Энэ асуудлууд дээр танай нам ямар байр суурьтай байгаа юм бэ?

Ямар ч нөхцөлд аливаа асуудлыг улс төрийн намууд зөвшилцөх хэлбэрээр шийдэх ёстой гэдэг ууднээс хандаж байгаа.

-Танай нам АН-тай зовшилцөж, Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Г.Батхүү, С.Чинзориг хоёрыг УИХ-д оруулах саналтай байгаа гэж сонссон. Үнэн юм болов уу?

-Энэ бол улс төрийн хүрээнд шийдэх асуудал биш шүү дээ. Шүүхийн шийдвэрүүд гараагүй байна. Асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа юм билээ.

-УИХ-ын Дэгийн хуульд өөрчлөлт оруулахаар байнгын хороогоор хэлэлцэж байна. Энэ хууль батлагдвал МАН бүлэгтэй болох байх. Тэгэхээр бүлэгтэй болох гэж ингэтлээ яарах хэрэг байна уу?

-Байлгүй яах вэ. Бүлэг гэдэг өөрөө УИХ-ын амин сүнс нь. УИХ ажиллахын тулд намуудын бүлгээр дамжуулж үйлажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр парламентад суудалтай нэгнам бүлэггүй байгаа нь УИХ-ын ажлыг доголдуулна гэсэн үг. Манай нам бүлэггүй байгаа нь Ардчилсан намд ашиг хонжоо авчирч болно. Гэхдээ Монгол Улсын засаглалд сөргөөр нөлөөлнө. Тийм болохоор бүлгийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Сонгуулиар олонхийн санал авсан нам парламентад бүлэг байгуулах нь Үндсэн хуулиар олгогдсон. Даанч АН-ынхан улс төрийн ашиг хонжоо хайж асуудлыг удаашруулж байна. Тэд Засгийн газрын бондын асуудлыг ямар ч хяналтгүйгээр батлаад авлаа. Дотоодын үнэт цаас гаргах замаар өрийг хоёр их наяд төгрөгт хүргээд байна шүү дээ. МАН-ыг бүлэггүй байлгаж, хяналтыг сулруулсны дараа ийм зүйлүүдийг хийж байгаа байхгүй юу.

-Уг нь Ардын намынхан хуулиа дагасан бол аль хэдийнэ бүлэгтэй болчих байсан гэж та боддог уу?

-Манайх анхнаасаа хуулийн дагуу явсан.

-Бүлгээ байгуулах боломжийг олгох хуулийг хүлээлгүй наана нь МАХН-ын өвөр рүү гүйгээд орох хэрэг үү?

-Үгүй ээ. Ардын намыг ойлгох хэрэгтэй. МАН бол Монголын ард түмний сэтгэл зүрхэнд байдаг нам. Ийм намыг тийм хөнгөнөөр бодож болохгүй. Сая болсон Орон нутгийн сонгуульч Ардын намын хэр үнэ цэнэтэйг батлаад өглөө шүү дээ. Ардын намыг тийм ч амар үгүйсгэж чадахгүй шүү. Ер нь гэхдээ бид улс Төрийн соёлтой. Харин энэ төр засгийг бид сайн хянана. Ард түмэнд ийм л эрхийг бидэнд олгосон. Ардын намыг үгүйсгэх нь үгүйсгэж байгаатай адил. Энэ намын гүйцэтгэсэн түүхэн үүргийг хэн ч үгүйсгэх эрхгүй.

-Ардын нам МАХН руу гүйж очтолоо жижгэрэхгүй гэж үү?

-Тийм зүйл байхгүй ээ.

-Гэхдээ энэ асуултыг танай хоер намыг нэг нам болно гэсэн утгаар биш, парламентад хамтарч бүдүүн бүлэг байгуулах уу гэдэг талаас нь сонирхсон юм л даа?

-Аан. Улс төрийн намууд хамтарч бүлэг байгуулан ажиллаж болно. Хүмүүс мартаагүй байх аа. АН манай намын бүлэгт нэгдэж, АН-ын дарга нь бүлгийн орлогч даргаар ажиллаж явсан цаг үе бий. Ардын намын бүлэгтэй хамтарч ажиллах бусад намуудын хүсэл сонирхлыг бид ойлгоно. Тэгснээрээ намууд нэгдэж нийлнэ гэж ойлгож болохгүй. МАХН-МҮАН хоёр нэг эвсэл байгуулаад ажиллаж болж байхад яагаад МАН-тай хамтраад ажиллаж болохгүй гэж.

-Бүдүүн бүлэг байгуулж байгаагийн эрх ашиг нь юунд байгаа юм бэ?
-"Шударга ёс" эвсэл УИХ-д 11 суудалтай, Ардын нам хууль номоороо явбал 28, 29 суудалтай, Энэ хоёр нийлэхэд парламентын олонхи болно.

Ийм бололцоо бий. Уг нь бид АН-ыг олигтойхон байгаад засаг төрөө аваад яваасай гэдэг боломж олгосон. Тиймээс ч Засгийн газар байгуулах бүх боломжоор нь хангаж, ирцийг нь хангалттай бүрдүүлж өгсөн.

-Тэгвэл АН ямар буруу зүйл хийчихсэн юм бол?

-Сүүлийн үед гаргаж байгаа увайгүй үйлдлүүд нь хэтэрлээ. Хяналтаас зайлсхийж, мөнгөний төлөө улайрч байна. Бүр сүүлдээ Монгол Улсаа барьцаанд өгөөд өр тавьж байна. Энэ мөнгөөр юу хийх нь тодорхой бус. Эдийн засгийн үр өгөөжтэй төсөл боловсруулж чадаагүй. Бид өдөрт 400 орчим сая төгрөгийн хүүтэй өр төлөхөөр болчихоод байна шүүдээ. Энэ мөнгөөр нэг сумын төвд цэцэрлэг барина. Ийм л мөнгийг бид өрөнд өгөхөөр болчихлоо.

-Тэгвэл "Шударга ёс" эвсэлтэй нэгдэж бүдүүн бүлэг байгуулах гээд байгаа шалтгаан нь засгийн эрхийг авах гэснийх юм уу?

-АН ийм увайгүй байвал бид яагаад авч болохгүй гэж. Үүнийг үгүйсгэх арга байхгүй.

-Бүдүүн бүлэг байгуулаад явах хуулийн нөхцөл боломж байгаа юу?

-Боломж бий. Гэхдээ манай намынхан улс төрийн соёлтой. Тиймээс төр засгийг сайн хянана. Ард түмэн бидэнд ийм л эрхийг олгосон.

-Ардын нам Засгийн газрыгтогтворгүй байлгах эрхийг ард түмнээс аваагүй байх гэж бодож байна...

-Хариуцлагагүй ажиллаад ард түмний баялгийг дур зоргоороо худалдаад байвал Засгийн газрыг огцруулах асуудлыг тавихаас өөр гарцгүй. Энэ бол хяналтын нэг эд анги мөн шүү дээ.

-Гэхдээ Ардын нам "Шударга ёс" эвслийн бүлэгт нэгдэж орох асуудал яригдахаас биш дан ганц МАХН-тай хамтрах боломж байхгүй байх аа?

-Тийм л дээ. Бид "Шударга ёс" эвсэлтэй хамтарч бүлэг байгуулж болно.

-Энэ тохиолдолд МҮАН-ынхан дэмжих болов уу?

-Мэдэхгүй юм. Эвслээрээ шийдээд манайхтай хамтраад ажиллая гэвэл болно. УИХ-ын сонгуульд нэг субьект болж ажилласан учраас бид эвсэлтэй л хамтрах боломжтой.

-Хэрэв МҮАН танайхтай нэг бүлэг болохыг дэмжихгүй бол "Шударга ёс" эвсэл задарч таараа. Тэгвэл танай хоёрын төлөвлөгөө нурах нь ээ?

-Эвсэл задарвал жагсаалтаар орж ирсэн долоон хүний нэр татагдана. Тэгэхээр тэр долоон суудлыг АН, МАН хоёрт хувааж өгнө гэсэн үг. Энэ тохиолдолд ч манай суудлын тоо нэмэгдэнэ. Гэхдээ өнгөрсөн хавар баталсан Сонгуулийн хуулиар сонгуульд хамтарч орсон эвсэл задрахгүй байх нөхцөлийг тусгаад өгчихсөн байгаа. Тэгэхээр "Шударга ёс" эвсэл задрахгүй байх.

-Та нар ийм улс төр хийвэл засаг тогтворгүй болно. Үүний хохирлыг ард түмэн л үүрэх байх даа?

-Тэгэлгүй яахав. Засаг төр тогтворгүй болбол хохирол нь ард түмний нуруун дээр бууна.   Тиймээс бид аль боггох засгийг тогтвортой байлгах үүднээс Ардын намд хяналт тавих эрхийг нь түргэн олгооч ээ гээд байгаа юм. Яагаад олон түмний хяналтаас зугтаж, улс орны хувь заяаг шийдэх чухал асуудлыг далдуур шийдээд байгаа юм бэ. Энэ нь ноцтой байдал руу оруулж байна.

-Гэхдээ Засгийн газрын ажлыг сайн, муу гэж дүгнэх хугацаа болоогүй байх аа. Засгийн газар ажлаа эхлээд дөнгөж 100 гаруйхан л хонож байна?

-Харин бид ажлаа хийхийг нь хүлээгээд байна. Тэдэнд ажиллах бүх нөхцөлийг нь хангаж өгөөд байхад бидэнд хяналт тавих эрх өгөхгүй байна шүү дээ. Хяналтаас гадуур хийсэн энэ их өрийг манай үеийнхэн төлж барагдуулах болчихоод байна. Тиймээс ийм их өрөнд унаж байгаа Монголынхоо ирээдүйд санаа зовж байна. АН-ынхан сүүлдээ бүх зүйлийг өр тавьж шийдэж байна шүү дээ. Хүүхдийн мөнгө өгөхийн тулд өрийн бичиг гаргаж байна. Төмөр зам тавихдаа өрийн бичиг гаргаж байна. Гэтэл өмнө нь улс үүнийг яаж зохицуулдаг байсан юм. Татвар нэмэгдүүлж энэ бүхнийг шийддэг байсан байхгүй юу. Ингэж өргүй амьдрах бололцоог хайдаг байсан. Гэтэл өнөөдөр татвар төлөлт тасалдсан байна. Төр ингэж ажлаа хийж чадахгүй байж баахан өрийн бичиг гаргаад сууж байна.

Өр тавихаас өөр аргагүй ийм хэцүү болчихсон улсыг АН хүлээж авсан юм болов уу?

-Яагаад Ардын намын Засгийн газрын үед эдийн засаг өсч, татвар цуглардаг юм. Яагаад АН төрийн эрх авахаар л хамаг юм хямраад байдаг юм бэ. Төмөр замыг өр тавьж босгох гэж байгаа нь хамгийн буруу. Тэндээс хэзээ ашгаа хүртэх юм бэ. Таван толгойн хувьцаагаараа төмөр замаа тавь лдаа.

-Таван толгойн төсөл гацчихсан болохоор өөр аргагүй байх л даа?

-Зөвхөн Монголын баялгийг зөөх зорилгоор төмөр зам тавьж болохгүй шүүдээ. Төмөр замын төслүүд цөм хувийн бизнес. Энэ төмөр замаар хэний баялгийг зөөж, хэнийг баяжуулах гээд байгаа юм. Цөөхөн бизнесийн бүлэглэл баяжихын тулд энэ төмөр замыг тавьж, баялаг зөөх гэж байгаа нь нууц биш. Энэ Засгийн газрын шоу үнэндээ ихдэж байна. Дээрээс нь өр замбараагаа барлаа.

-Бизнесийн цөөхөн бүлэглэл ноёрхож байна гэдэг яриа өмнөх Засгийн газрын үед ч яригддаг байсан л даа...

-Харин ч бид энэ асуудлыг ямар хязгаартай барьж тогтоож байсныг одоо ойлгож байгаа биз дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.