АН 17, МАН 13 тойрогт ялжээ
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн орон нутгийн сонгуулийн нийслэлийн дүнг танилцууллаа.
2012.12.04

АН 17, МАН 13 тойрогт ялжээ

http://resources.newsresources.info/politics/photo/2012/12/2da4e9fba44fbbe4/45a243bc7d6b2255original.jpg

Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн нийслэлийн дүнг танилцууллаа. Өмнө нь аймгуудын сонгуулийн дүнг танилцуусан учир 2012 оны орон нутгийн сонгуулийн дүн эцэслэж гарлаа хэмээн үзэж болох юм.

Орон нутгийн сонгуулийн эцсийн дүнгээр Ардчилсан нам 17, Ардын нам 13 тойрогт ялалт байгуулжээ.

Нийслэлийн зургаан дүүрэг болон зарим аймгийн цөөн хэдэн багт ирц хүрээгүй учраас дахин  санал  хураалт явуулсан. Хачирхалтай нь дахин санал хураалтын ирцэд хувиар доод хязгаар тогтоогоогүй учир хэдэн ч хүн оролцсон хүчинтэй хэмээн үзэж байна. Нийслэлийн таван дүүрэгт Ардчилсан нам, дөрөвт нь Ардын нам ялалт байгуулсныг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн албан ёсоор мэдэгдэв.

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Дахин санал хураалтад хэчнээн сонгогч саналаа өгсөн бэ. Ирцийн дүнг гаргасан уу?

-Хуульд дахин санал хураалтын ирцийг харгалзана гэж заагаагүй, ирцээр нь тооцно гэсэн заалттай тул албан ёсны ирцийн мэдээ гаргаагүй.

Орон нутгийн сонгуультай холбоотой маргаан, гомдол санал ямар байв?

-Сүхбаатар дүүргээс нэг гомдол ирсэн. Автомат машины цагны батерей дууссан тул санал хураалтыг хүчингүй болгосон гэсэн гомдол ирсэн. Сүхбаатар дүүргийн Сонтуулийн хороо ийм шийдвэр гаргасан юм билээ. Хуульд автомат машины цагны батерей дууссан нөхцөлд санал хураалтыг хүчингүйд тооцох тухай заалт байхгүй. Автомат машины дүн нь сонгуулийн дүн байна гэж заасан. Саналыг хүчингүйд тооцох хэд, хэдэн үндэслэл бий. Энэ нь сонгогчийн ирц хүрээгүй, хуурамч саналын хуудсаар санал өгөх гэж оролдсон тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцдог.

-Хөвсгөл аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт ардчилсан намынхан гомдол гаргасан. Энэ тухай гомдол СБХ-нд албан ёсоор ирсэн үү. Маргаантай байгаа энэ хоёр тойргийн дүнг яаж тооцсон бэ?

-Хөвсгөл аймаг, Сонгинохайрхан дүүрэг дэх Ардчилсан намынхан аймаг болон дүүргийнхээ Сонгуулийн хороонд гомдол гаргасан. Энэ гомдлыг эхлээд цагдаагаар шалгаад шүүх хянан шийдвэрлэх ёстой. Хэрэв цагдаа гомдлыг нь тогтоохгүй, шүүх шийдвэрлэхгүй бол тухайн шатны тойргийн хорооны тогтоол нь хүчин төгөлдөр болно.