Ж.Сүхбаатар: Сонгуулийн дүнг эцэслэн гаргахаар алдаа оноогоо дүгнэнэ
Монгол Ардын Намын Нарийн Бичгийн Дарга Ж.Сүхбаатар
2012.11.29

Ж.Сүхбаатар: Сонгуулийн дүнг эцэслэн гаргахаар алдаа оноогоо дүгнэнэ

МАН-ын нарийн бич­гийн дарга Ж.Сүх­баа­тар­тай ярилцлаа.

-Орон нутгийн сон­гуульд танай нам ялаг­дал хүлээлээ. Нарийн бичгийн даргын хувьд ямар дүгнэлт хийж бай­гаа вэ?

-Сонгуулийн дүнг бү­рэн нэгтгэж зарлаагүй бай­хад сонгуулийн ялалт, ялагдлын учир шалт­гаа­ны талаар үнэлэлт дүг­нэлт өгөх нь үнэхээр эрт­дэнэ. Өнөөдөр бидэнд 330 сумаас 200 гаруй сумдын 50 гаруй хувьд нь манай нам ялсан гэсэн мэдээ ирээд байна. Дүүр­гийн тухайд ч ялгаагүй. Одоогийн байдлаар Ба­гануур, Багахангай дүү­рэгт МАН олонх бол­чих­сон мэдээтэй. Түүгээр ч зогсохгүй ирц хүрээгүй Сонгинохайрхан, Чин­гэл­тэй дүүрэгт ч сонгогч­дын санал МАН-ын талд илүүтэй байна. Баянгол, Баянзүрх дүүрэгт тус бүр 17 хороонд гээд нийс­лэлийн сонгуулийн 357 хэсгээс 188 хэсэгт дахин санал хураалт явуулах нөхцөл байдал үүсчихээд байна. Үндсэндээ ажиг­лагчдын хэмжээнд дүн эцэслэгдээгүй байна.

Ха­рин анхаарахгүй байж боломгүй нэг асуудал бол сонгуулийн маргааш өдөр АН-ын дарга Н.Алтанхуяг "Манай нам 14, 15 аймагт ялалт байгууллаа" гэж зарласан. Манай намын дарга энэ асуудалд шүүмж­лэлтэй бас бол­гоомжтой хандаж бай­гаа­гаа хэвлэлээр мэдэгдсэн. Тэр нь ч аргагүй. Ажиг­лагчдын мэдээлснээр есөн аймагт МАН ялалт байгуулчихаад байхад 21 аймагтай улсын хувьд Ардчилсан намын даргын мэдээлэл гайхал төрүү­лэ­хүйц мэдээлэл байна л даа. Нөгөө талаас сон­гогч­дын саналыг гараар тоол­дог байхад л удалгүй урьд­чилсан байдлаар дүн нь гарчихдаг байсан бол автомат машинтай үед долоо хонож байхад орон нутгийн сонгуулийн дүнг зарлахгүй байгаа нь хардлага дагуулах нь ч зүйн хэрэг.

-Гэхдээ ялсан, ялагдсан гэдгээ АН,МАНын удирдлагууд өөрсдөө аль хэдийнэ мэдэгдээд байгаа бусуу?

-Сонгуулийн ирц хү­рээгүй дахин зардал чи­рэгдэл бий болчихоод байгаад санаа зовох учир­тай Ерөнхий сайд маань урьдчилсан байдлаар га­раад байгаа дүнгээс өөр мэдээлэл хийгээд сууж байсан нь хариуцлагагүй хэрэг. Цаашилбал төр барих арга барил нь ч дутуу байна гэж дүгнэхэд хүргэж байна. Одоо дахин санал хураалт хуулийн дагуу хаяанд тулчихаад бодит мэдээлэл юу юу­наас илүү чухал байна.

-Гэхдээ танай нам ирц хүргэхгүй байх тал дээр ажилласан юм бишүү. Ийм мэдээлэл бай­гаа?

-Сонгуулийг зохион байгуулах үүрэг нь хуу­лиараа СЕХ, Засгийн га­зар, Нийслэлийн удирд­лага байхад сонгуулийн ирцийг МАН хүргээгүй гэж ярих нь инээдэмтэй бас хариуцлагаас сугарч үл­дэх гэсэн башир арга гэж дүгнэхээс аргагүй. Ийм мэ­дээллийг  сонгуулийн өмнө зориуд тараасан. Хэрэв МАН сонгуулийн ирц хүргээгүй буруутан юм бол баримтаар гар­гаад тавьчих хэрэгтэй. Харин зарим аймагт ца­хим үнэмлэх очихгүй бай­гаа тул иргэдийн зүгээс гомдол гарсан. Тэр цахим үнэмлэхээ авч чадаагүй хүмүүсийн дийлэнх нь МАН-ын гишүүд байсан шүү. Бид энэ асуудлыг одоо судалж байна. АН бүх эрх мэдлийг төвлө­рүүлье гэсэн уриатай сон­гуульд оролцсон. Тод­руулж хэлбэл, аймгуудын 90 хувийг, нийслэлийг бүхэлд нь авна гэж тооц­сон юм билээ. Сонгуулийн урьдчилсан дүн байдлыг харахад ард иргэд маань эрх мэдлийг төвлөрүүлэх тэдний санаархлыг дэмж­сэнгүй.  21 аймгийн есөд нь, нийслэлийн есөн дүүр­гийн хоёрт нь, дахиад хоёр дүүрэгт МАН ялах магад­лал өндөр байгаа нь АН санасандаа хүрсэнгүй гэсэн дүгнэлт хийхэд хүр­гэж байгаа юм.

-Гэхдээ өмнө нь та­най нам бүх эрх мэдлийг төвлөрүүлж бай­сан шүү дээ?

-Одоо бид 21-р зуунд амьдарч байна. Арав, хо­рин жилийн өмнөх бай­далтай харьцуулах эсвэл барьцаалах нь цаг үетэй­гээ нийцэхгүй. Тиймээс ч 2004 онд эрх мэдлийн төвлөрөл өөрчлөгдсөн. Ард түмний шийдлээр эвслийн Засгийн газар байгуулагдсан. Үүнээс хойших найман жилийг хар л даа. Хэн ч давуу эрх мэдэл эдлээгүй. МАН-ыг 22 жил дангаараа эрх барьсан гээд л УИХ, Орон нутгийн сонгуулийн аль алинд нь АН баахан ухуул­лаа. Сүүлийн 22 жи­лийн ес нь МАН-д, дөрвөн жил нь АН-д, үлдсэн 10-аад жил нь хоёр намд хамтад нь хаяглагдаж бай­гаа. Ард түмнээ ой са­намжгүй мэт басамжилж болохгүй. Хамгийн сүүлд 2008 онд 46 суудал авч дангаараа засаг бай­гуу­лах боломж зуун хувь бай­хад улс эх орны эрх аш­гийн үүднээс 25 суудалтай Ардчилсан намыг хаяан­даа авч хамтарсан Засагт оруулж төрийн ажилд бөө­цийлж сургасан МАН-ын ачийг ардчилагчид маань санаж байх хэрэг­тэй.

-Хэдийгээр сон­гуу­лийн дүн гараагүй, дүг­нэхэд эрт байна гэж бай­гаа боловч МАН ялагд­сан нь нэгэнт тодорхой байгаа. Энэ нь өнгөрсөн хугацаанд МАН төрийг өөрийн юм шиг ашиглаж, намаа нэгдүгээрт тавь­даг байсан учир сонгогчидийн үнэлгээ өглөө гэвэл та санал нийлэхүү?

-МАН өнгөрсөн түүхэн хугацаанд алдаа, оноо аль аль нь байсныг огт үгүйс­гэдэггүй. Орон нут­гийн сонгуулийн дүн эцэс­лэн гаргахаар бид алдаа оноо­гоо дүгнэнэ. Ер нь улс төрийн том намын сонгуульд хэрхэн яаж оролцсон, ямар үр дүн үзүүлэв гэдэг нь ганц хоёр­­хон зүйлээс бус олон хүчин зүйлээс хамаардаг учраас ул суурьтай дүг­нэлт хийх шаардлагатай.

Бүх эрх мэдэл нь төв­лөрчихсөн намтай МАН анх удаа сонгуульд ор­лоо. Хүч тэнцвэргүй өр­сөлдөөнд бид орсон. Хууль шүүхийн бай­гуул­лагаас авахуулаад давхар дарамттай сонгуульд бид хүч үзсэн. Энэ талаас нь аваад үзвэл МАН орон нутгийн сонгуульд муугүй дүн үзүүлсэн гэж би хувь­даа дүгнэж байгаа. Ихэнх аймаг, дүүргийн удирд­лагууд авлигатай тэмцэх газар, шүүх, цагдаа гэсэн дөнгөтэй сонгуульд орсон. Мөнгө санхүү ч муутай, арай сул харагдсан бай­хыг үгүйсгэхгүй. Гэхдээ хүнд үед зангидсан гар шиг байж чаддаг чанар­таа түшиглэж ороод Ард­чилсан намын бүгдийг авна гэсэн аагийг дарж чадлаа.

Товчоор хэлбэл, УИХ-ын сонгуулийн да­раахь үүсч бий болсон улс төрийн таагүй нөхцөл байдлын эсрэг МАН-ын 8000 шахам хүн нэр дэвш­лээ.

Ингээд харахад МАН дараагийн том ялагч нам байх шинэчлэлийн суурь манай нэр дэвшигчдээр дамжин тавигдаж байна.

-Тэгвэл цаашид МАН хэрхэн ажиллах ёстой вэ?

-90 гаруй жилийн түүх­тэй, ард түмэн, улс орныхоо өмнө түүхэн гавь­яатай намыг мань мэтийн залуучууд том үгээр заг­наад байх нь зохисгүй гэж би үздэг. Миний ойлгож байгаагаар бид хэзээ, хаана ямар алдаа гаргас­наа ил тод ярьдаг, алдаа­гаа засдаг, ерөнхий зо­хион байгуулалт, нийг­мийн хөгжилтэй хөл нийл­сэн арга барилаар ажил­лах шаардлагатай. Бид цаашид олон түмэнтэйгээ ойрхон байх гинжин хол­боогоо бэхжүүлэх ёстой. Сум, баг, дүүргийн түв­шинд бүх хаалга үүд нээлт­тэй байх хэрэгтэй. Нэр дэвшүүлэхдээ зөвхөн намын дотоод ардчиллыг гүнзгийрүүлэх үндсэн дээр төдийгүй олон түм­нээр шүүлтүүрээр ордог тогтолцоо руу шилжье гэж байгаа. Намын шинэ удирдлага ажлынхаа га­рааг үүнээс эхэлсэн. 

Цаа­шид энэ чиглэлд ажил явна. Дээрээс нь МАН-ын шинэчлэлийн утга агуулга нь ялагч нам байх зарч­мын томъёоллыг агуул­сан асуудал дэвшүүлсэн намын их хурал ирэх онд болно. Орон нутгийн сон­гуулийг үнэлж дүгнэхийн тулд 2009 оны Ерөн­хий­лөгчийн болон 2012 оны дараалсан хоёр сонгуу­лийн амжилтгүй дүнг авч үзээд тодорхой хугацаанд МАН яавал ялагч нам байж, олон түмнийхээ итгэл дэмжлэгийг илүү их хүлээсэн нам байх вэ гэсэн стратеги, томъёоллоо гар­гаж, түүнийгээ мөрдөж ажиллаж байж бид 2016 оны  сонгуульд амжилт гаргана. Мэдээж наана нь Ерөнхийлөгчийн сонгууль бий.

-Сонгуулийн тухай яриагаа орхиод намын нарийн бичгийн даргын хувьд асуух зүйл байна. УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшиж, ул­маар гишүүн болсон Ч.Хү­рэлбаатар, Б.Чой­жилсүрэн нарыг шүүхээс сонгогчдод мөнгө тараасныг нь тогтоосон. Одоо эдгээр гишүүдийг эргүүлэн татах асуудал яригдана гээд байгаа. Үүнд намын байр суурь ямар байгаа вэ?

-Шүүхийн шийдвэр Увсын тойрогт ялалт бай­гуулсан манай хоёр ги­шүү­ний талд гарсан. Ха­рин яагаад эсрэг мэдээ­лэл яваад байгааг ойл­гохгүй л байна.

-Гэхдээ танай хоёр гишүүнийг буруутайг шүүх тогтоосон гэсэн шүүдээ?

-Бидний авсан мэ­дээл­лээр шүүхийн шийд­вэр манай хоёр гишүү­нийг буруугүй гэж үзсэн байна лээ. Энэ дашрамд хэлэхэд 31 суудалтай улс төрийн хүчин шүүхээр дэмнүүлж суудлаа нэмэх гэж зүтгэх нь цаашид улс төрд ноцтой үр дагавар авчрах аюултай. Хамтарч засаг байгуулсан "Шу­дарга ёс" эвсэлтэйгээ харилцаж буй харьцаа, улс төрийн төлөв байдалд ч тэр жижиг зүйл биш. Дараа дараагийн хоёр, гурван суудлыг ямар нэгэн байдлаар авна гэдэг бол улс төрийн дээрэм луйвар. Иймээс ч хэт улайраад байна. Тэд 39 рүү аль болох дөхөх гээд байна. Олон түмэн тэдэнд гурав­ны нэгээс илүү итгэл үзүү­лээгүй. Гэтэл гишүүдийн 50-иас илүү хувийг ийм байдлаар авах гэх нь олон­хийн хүсэл зоригийн эсрэг зүйл болно.

-УИХ-аар Д.Са­ран­гэ­рэл, Д.Зо­ригт, Г.Батхүү нарын тангараг өргөх асуудлыг хэлэлцэх ёс­той ч хойшилсоор бай­на. Учир нь намууд бие биенийгээ барьцаалж, гишүүдээ тангараг өргүүлэхгүй байгаа гэх юм?

-Д.Сарангэрэлийн хувьд гишүү­нээр хуулийн дагуу нөхөн сонгогдож орж ирэх нь тодорхой бай­гаа. Үүнд асуудал алга. Харин Өвөрхангайн асуу­дал дээр манай байр суурь маш тодорхой бай­гаа. Энэ бол шударга бус зүйл. Манай гишүүд бол сонгогдсон хүмүүс. Танга­раг өргөнө гэдэг бол ажилд орох ёслол үйлдэж байгаа л зүйл. Гэтэл асуу­дал нь өнөөдрийг болтол шийдэг­дэхгүй явсаар л байна. Бидний барьж бай­гаа байр суурь бол манай хоёр гишүүний бү­рэн эрхийг хүлээн зөв­шөөрч, тангаргийг нь өр­гүүлэх. Бид байр суурин дээрээ хатуу байгаа. Тий­мээс бид хууль бус явдлын эсрэг тууштай тэмцэнэ. Д.Сарангэрэлийн хувьд нам ги­шүүнээ тангараг өргүүлэх байр суурьтай байгаа. Харамсалтай нь Д.Сарангэрэлтэй барь­цуу­лаад нө­гөө хоёр ги­шүү­нийг оруулж ирэх гээд уяад байна л даа.

-Та генсек асан У.Хү­­рэлсүх­тэй зодолд­сон гэсэн. Юунаас бол­сон юм бэ?

-Сонгуулийн санал ху­раалт болох өдөр ийм мэдээлэл цацагд­сан бай­на лээ. Би өөрөө ч үзээгүй. Хүний ар гэрт бэрхшээл гарчихсан байхад гар зө­рүүлээд явна гэж байхгүй л дээ. Зүгээр энд нэг асуу­дал байх шиг байгаа юм. Ж.Сүх­баа­тар гэдэг хүн 13 жилийн өмнө тухайн үед УИХ дахь МАХН-ын бүл­гийн ажлын албанд У.Хү­рэлсүхтэй хамт ажиллаж байлаа. Сайн ярих юм бол найз нөхөд. Сүүлд ажил­ласнаа аваад үзвэл ма­най намын ерөнхий на­рийн бичгийн дарга бө­гөөд миний дарга. Өөлж ярья гэвэл би У.Хүрэлсүх даргатай учиргүй шадар­лаж явсангүй. Ганцхан түүн­тэй ч бус ер нь би намынхаа үе үеийн удирд­­лагуудтай ажлын шуга­маар л ойрхон байс­наас найз нөхөр ах дүү гээд гүйгээд байсангүй.

Энэ нь намынхаа удирд­лагатай таарч тохирдоггүй байсан гэсэн үг огтоос биш, зүгээр л хувь хүн миний зан чанарын л илэр­хийлэл. Одоогийн хэллэгээр дарга дагаж далдгана­даг­гүй л гэж ойл­гож болох байх. Тэрнээс ч болдог юмуу зарим хү­мүүс намайг пээдгэр, ардаа баг, бүлэглэл байхгүй гэдгээр өөчилж байдаг юм. Би нэг их ач холбогдол өгдөггүй. Улстөрч хүн бодлого, зарчимд захирагдаж, бус­дыг хүн­дэлж, хүндлүүлж ажиллах ёстой гэдэг л байр суурь баримталдаг.

-Өнгөрөгч даваа га­ригт Тусгаар тогтнолын өдөр боллоо. Тэмдэг­лэлт өдөр болгож анх удаа тэмдэглэлээ. Энэ асуудлыг шийдэх тухай УИХ-ын чуулган дээр МАН нэлээд зөрүүтэй байр суурьтай байсан л даа?

-Манайхан тусгаар тогтнолын өдөр болон Бүгд найрамдах улсаа тунхагласан өдрийг сөр­гүүлж тавих гээд байгаа юм. Бүгд найрамдах улс гэж дэлхий нийтэд тун­хагласнаар тусгаар тогт­нолоо баталгаажуулж шинэ маягийн буюу одоо­гийн бүгд найрамдах зас­гийг тогтоож парламен­тат ёсны суурийг тавьсан. Түүхэн ач холбогдлын хувьд үүнийг сулруулж ярих нь эх оронч ухам­срыг зөв суулгахад сөрөг нөлөө үзүүлнэ. Монгол­чуудын тусгаар тогтнол маш эмзэг олдсон. 1911, 1921 оны хувьсгалын да­раа 1924 онд манай улсыг Хятадын нэг хэсэг гэж үзэж байсан ч үе бий. Тэр ч бүү хэл 1945 оны Ялтын гэ­рээ­ний дараагаас тухайн үеийн Хятадын удирдлага  Монголыг өөрийн нэг хэ­сэг болгохыг чармайж ир­сэн. Энэ түүхийг эдгээр үйл явдлууд сануулж бай­гаа юм. Тиймээс энэ өд­рийн ач холбогдлыг өн­дөрт тавьж үзэх ёстой юм. Гэтэл харамсалтай нь сая тэгсэнгүй.

Дэлхийн олон улс оронд хамгийн том баяруудын нэг нь Бүгд найрамдах улсаа тунхаг­ласны баяр байдаг. Мэ­дээж Чингис хааны төр­сөн өдөртэй холбоод ярь­чи­хаар энэ асуудал ний­цэх­гүй болоод явчихаж бай­гаа юм. Одоогийн эрх ба­ригчид арваннэгдүгээр сарын 26-ныг юу гэж ха­раад байгаа юм. Улс тө­рийн дүгнэлт хийж өөр нүдээр хараад байгаа юм уу. Хэрэв тийм бол түүхийг түүхчдийн хэлдэг байр сууринаас уу, эсвэл улстөрчдийн хандлагаар нь түүхийг бич гээд бичүүлж байна уу. Ер нь энэ бол намын сэдэв биш юм шүү. Энэ бол Монгол Улсын төрт ёсны оршихуйн гол үндэс болсон бүрэн эрхт, тус­гаар тогтносон байд­лаа бататгах тал дээр үзүүлсэн ач холбогдол нь алдаа дутагдлаасаа давж гарах зүйл юм шүү гэдгийг л хэлье.