С.Ганбаатар: Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүс бүтэн нойртой хоноорой
Монгол Улсын Их Хурлын Гишүүн С.Ганбаатар.
2012.11.26

С.Ганбаатар: Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүс бүтэн нойртой хоноорой

МҮОНТВ-ээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний  талаар өнгөрөгч баасан гарагт УИХ-ын дэд дарга С.Баярцогттой халз мэтгэлцсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатараас цөөн асуултад хариулт авлаа

-Мэтгэлцээний дараахь уур амьсгал ямар байна вэ. Мэтгэлцээний үеэр та довтлогчийн бус хамгаалагчийн байр суурин дээр байсны учир юу вэ?

-Мэтгэлцээн сайн, маш сайн болсон, би маш өндөр сэтгэгдэлтэй байна. С.Баярцогт  гишүүн ч маш бэлтгэлтэй, сайн оролцсон. Оюутолгойн гэрээнд ард иргэдийн анхаарлыг хандуулж, гэрээний заалтууд дотор чухам юу юу байна вэ гэдгийг задалж ойлгуулах нь чухал байсан бөгөөд энэхүү зорилгодоо хүрч чадсан. Мэтгэлцээний үеэр С.Баярцогт гишүүнээс хариулт аваагүй 25 асуулт байна. Сэтгүүлчид та бүхэн дээрх асуултад УИХ-ын дэд С.Баярцогт,  Ерөнхий сайд асан С.Баяр, иргэн Д.Зоригт нараас  хариулт авч өгөөрэй гэж хүсье. Монголчууд бид цөөхүүлээ байж  хоорондоо муудалцаж, бие биедээ субъектив хандах бус объектив байж, гол нь ярилцаж буй асуудалдаа хандаж олон түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх нь чухал гэж ойлгосон.

-Өрсөлдөгч тань мэдлэггүй, мэдээлэлгүй байна гэж таныг их  шүүмжилсэн. Оюутолгойн гэрээ ашигтай эсэхийг ярихаасаа илүү хувь хүн рүү чиглэсэн дайралтууд их гарна лээ. Үүнд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-С.Баярцогт сандарсан, ярих зүйл багатай байсан учраас хувь хүн рүү  чиглэсэн шүүмжлэл их хэлсэн болов уу. Миний хувьд ийм зүйлийг тэвчиж өнгөрөөнө. Түүнээс ч илүү гүтгэлэг, доромжлол дунд явж ирсэн хүн би. Харин ч С.Баярцогт гишүүн ёсзүйтэй байсанд талархая.

-Мэтгэлцээний дараа Оюутолгойн гэрээ ашиггүй юу гэдэг асуулт үзэгчдэд хариултгүй үлдсэн гэж шүүмжлэх хүмүүс байна  л даа?

-Би асуултаа тавьсан. Тэр хүний асуултад хариулсан. Миний асуултад хариулаагүй явдлыг 100 хувь би хариуцах боломжгүй. Тэр том хүн сандарна гэж байхгүй байх. Би хариулт аваагүй  20 асуултаа сэтгүүлчдээр дамжуулж асууна. Мэтгэлцээнд  С.Баярцогтыг давлаа ч яалаа, давахгүй байлаа ч гээд  яахав. Гудамжны С.Ганбаатараараа л  үлдэнэ. УИХ-ын гишүүнээрээ үлдэнэ.  

Хамгийн чухал нь Оюутолгойн гэрээг бүх нийтийн анхаарлын төвд авчирсан  нь чухал юм шүү дээ.

 Уг нь  сонгодог мэтгэлцээн бол слайд  харахгүйгээр үгээр ярих урлаг. АНУ-ын Ерөнхийлөгчид нэг дэвшигчдийн мэтгэлцээнийг та бүхэн үзсэн байна. Мэтгэлцээний үеэр даруухан, ялагдал хүлээсэн хүн шиг би харагдсан байж болно. Нэр  хүндээ хамгаалаад чанга, чанга дуугарч болох байсан.  Энэ нь тухайн үедээ л нэр сүрээ бодсон явцуу л зүйл болох байлаа. Даруу байснаараа хүн буруудахгүй.

-Дашрамд асуухад, таныг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн мэдээлэл тарсан байна. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

Би Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүн. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн, сонгогчдоосоо асууна. Чинь үнэнийг хэлэхэд, би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн  сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүмүүс бүтэн нойртой хоноорой. Би  ирэх 2016 он хүртэл Дарханчууддаа төлөөлнө. Надад Ерөнхийлөгчид өрсөлдөх бодол огт байхгүй.