Оюутолгойн гэрээг өөрчлөх ажлын хэсэг байгуулна
2012.10.15

Оюутолгойн гэрээг өөрчлөх ажлын хэсэг байгуулна

УИХ-ын хэсэг гишүүд Оюутолгойн гэрээг өөрчлөх Ажлын хэсэг байгуулах хуулийн төсөл өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.  Оюутолгойн гэрээг өөрчлөхөөр 27 гишүүн гарын үсэг зурж, энэ гэрээг өөрчлөх, анх гэрээ хийсэн сайдуудтай халз мэтгэлцээнд орох хүсэлт илгээгээд байгаа аж.

Аравдугаар сарын 18-нд “Оюутолгой” компани байгаль орчин, нийгмийн нөлөөллөө олон нийтэд ил болгох ёстой. Энэ үеэр өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хийсэн байгаль орчны нөхөн сэргээлт, нийгмийн салбарт хийж бүтээсэн тайлангаа тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Харин дээрх нэр бүхий 27 гишүүн энэхүү хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг Засгийн газарт хүргүүлээд байгаа аж. Тэдний зүгээс өнгөрсөн хугацаанд Оюутолгойд хийсэн нөхөн сэргээлт, нийгмийн салбарын бүтээн байгуулалтын тайланг УИХ-ын гишүүд, Монгол Улсын нэг ч иргэн үзэж байгаагүй, энэ талаар ямар нэг мэдээлэл байхгүй гэж үзэж буй тул тайлантай танилцах боломж гаргах үүднээс хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан гэлээ.

Түүнчлэн “Оюутолгой” компани анх 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн, үүний 34 хувийг Монгол Улс гаргах ёстой байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулсан  дүнгээр 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Оюутолгой” компани босч байгаа гэсэн тайлан гаргаж өгсөн байна. Энэ нь анх хийгдсэн Техник, эдийн засгийн үндэслэлийг өөрчлөхөд хүргэж байгаа учраас Оюутолгойн гэрээг өөрчлөхөөс аргагүйд хүрч байгааг дээрх гишүүд санууллаа.  Мөн “Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүд тус компанийн үйл ажиллагаанд идэвхтэй нөлөөлж чадахгүй байгаа учраас ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж буйгаа дуулгав.

Оюутолгойн гэрээг өөрчлөх хүсэлтэй 27 гишүүнээс 19 гишүүн нь дээр дурдсан Ажлын хэсэгт орж ажиллах бөгөөд бүх нам, эвслийн төлөөлөл оролцохоор болсон гэнэ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.