Оюу толгойн бүтээгдэхүүн гурван сарын дараа зах зээлд гарна
Оюу Толгойн ордыг Канадын Туркойз Хилл Ресурс компани 2001 онд анх нээсэн.
2012.11.16

Оюу толгойн бүтээгдэхүүн гурван сарын дараа зах зээлд гарна

Дэлхийн таван том уурхайн нэг болох Оюу толгойн их бүтээн байгуулалт барианд ороход тун ойртжээ. Ил уурхайгаас баяжуулах үйлдвэр хүртэлх хоёр км орчим урт туузан дамжуулгаар хүдэр зөөх туршилт хэдийнээ эхэллээ.

290 тонны даацтай хүчирхэг “Комацу-930” өөрөө буулгагч машинаар хүдэр зөөж агуулахад нөөцөлж байна.

Хоногт 100 мянга, жилдээ 35 сая тонн хүдэр боловсруулах баяжуулах үйлдвэр ашиглалтад ороход  бэлэн болжээ. Энэ нь “Эрдэнэт”-ийнхээс даруй арван сая тонноор илүү юм. 

Үйлдвэр ашиглалтад орсноор цагт 88, жилдээ 700 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ.

Энэ бүхэн бол Оюу толгойг эрчим хүчтэй холбосны үр дүн юм. “Оюу толгой” компани энэ сарын 5-ны өдрөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймгаас эрчим хүчээ авч эхэлжээ.

Эхний ээлжинд хоногт 100 мВт эрчим хүч авах бөгөөд үйлдвэрлэл өсөхийн хэрээр  энэ хэмжээ нэмэгдэх юм. Оюу толгойн уурхай Монгол дахь автомат удирдлагатай цахилгаан эрчим хүчний анхны тохиолдол болж буйгаараа бүр ч онцлог. Уурхайг эрчим хүчээр бүрэн хангах туршилт долоон долоо хоног буюу барагцаалбал 50 хоногийн турш үргэлжлэх аж.

Энэ бүхний эцэст наад зах нь гурав, цаашилбал хагас жилийн дотор “Оюу толгой”-гоор овоглосон анхны бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд хөл тавих  боломжтой болох юм. Эрчим хүчний гэрээ хийх багийнхан Монгол улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчидтай идэвхтэй хамтран ажилласны дүнд Монгол улсад 6.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах боломж бүрдүүлсэн “Оюу толгой” төсөл бодит байдал болох таатай нөхцөл  бүрдэв. Манай орны эрчим хүчний төвийн сүлжээ Оюу толгойд шаардагдах эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй, ОХУ-аас эрчим хүч импортлох нь эдийн засгийн хувьд ашиггүй, түүнчлэн дэд бүтэц, үнэ өртөг зэрэг асуудлаас хамаарч, өмнөд хөршөөс эрчим хүчээ авахаар шийдвэрлэсэн нь энэ юм.

“Оюу толгой” ХХК-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “ Эрчим хүчний талаар гэрээ байгуулснаар Монголын эдийн засгийн хамгийн том хөрөнгө оруулалт болох энэхүү төсөлд шаардлагатай эрчим хүчний хангамжийг баталгаажууллаа. Энэ бол “Оюу толгой” төслийн төдийгүй Монгол улсын хувьд түүхэн чухал үйл явдал юм” гэж онцлон дурджээ.