Төсвөө батлаагүй аймгуудыг яах вэ?
Төсвийн шинэ хуулъ хэрэгжиж эхэлмэгцээ л зөрчигдөх боллоо.
2012.12.06

Төсвөө батлаагүй аймгуудыг яах вэ?

Төсвийн тухай шинэ хуулиар Аймаг, нийслэлийн Иргэдийн хурал арванхоёрдугаар сарын 5-ны дотор амжиж төсвөө батлах заалттай. Энэ хуулийн хугацаа өчигдөр дууссан ч бүх аймаг төсвөө баталж амжсан гэдэг нь тун эргэлзээтэй байна.

Нийслэл ч яахав, хэрүүлтэй уруултай шөнө дунд хүргэн байж хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх төсвийг баталж амжсан. Харин Засаг даргаа ч томилж чадаагүй байгаа аймгуудын хувьд төсвөө хугацаанд нь баталснаасаа чадаагүй нь олон бололтой.

Өчигдөр буюу хуулийн хугацаа дууссан өдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс энэ талаар тодруулахад "Нэгдсэн дүн арай ирээгүй байна. Гэхдээ ихэнх нь төсвөө амжиж баталсан гэсэн" гэсэн тойм төдий хариулт өгсөн юм.

Харин түүний хэлсэн ихэнх гэдэг тоо чухам хэд гэдэг нь бүрхэг байна.

Ялангуяа 21 аймаг Засаг даргын марафонд уралдаад төсөвтөө анхаарсан сураг лав ойрын өдрүүдэд дуулдаагүй.

Одоогоор ердөө таван аймгийн Засаг дарга тодроод байгаа. Тэгэхээр нэр нь ч тодроогүй Засаг дарга нар төсвөө өргөн барьж, батлуулсан гэдэг юу л бол.

Налайх дүүрэгт л гэхэд хоёр Засаг даргатай бужигналдаж байгаа сурагтай. Тэнд төсөвт биш засагт л анхаарсан хүмүүс олон байна. Ийнхүү Их хурлын гишүүдийн хэрүүлтэй уруултай баталж байсан Төсвийн шинэ хуулъ хэрэгжиж эхэлмэгцээ л зөрчигдөх боллоо.

Энэ жилийн хувьд орон нутаг төсвөө өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болсноор Орон нутгайн сонгууль Их хурлынхаас дутахгүй дуулиан дагуулж, намууд ч чамлахааргүй их хөрөнгө хаясан. Тэгвэл олон жилийн турш эрх мэдлээ өөрсдөө авна гэж булаацалдсан орон нутгийнхан шинэ хуулиа эхнээсээ зөрчих болсон нь тийм ч таатай жишиг болохгүй нь лавтай.

Орон нутаг төсвөө баталж амжихгүй байгааг аймаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгууль оройтож болсонтой холбон тайлбарлах хүн олон байна. Тиймээс ч энэ жиддээ хуулийн хугацаанд батлаагүй байсан ч нэг их хариуцалга ярих хэрэггүй гэж өмгөөлж буй юм. Үнэхээр ч өмнө нь намрын налгар цагаар болдог байсан Орон нутгийн сонгууль өвөлжилтийн бэлтгэлээс эхлээд орон нутгийн төсөвт хүртэл тушаа болж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ Орон нутгийн сонгууль оройтсон хэмээн нэг удаадаа толгойг нь илж болох ч цааш цаашдаа ийм жишиг тогтвол яах вэ гэдэг асуудал бас бий. Энэ байдлаараа энэ сарын 20-ны дотор сум, дүүргийн төсвийг баталж амжихааргүй ч байж болох нь. Тэгэхээр нэгэнт баталсан хуулиа хэрэгжиж эхэлмэщ нь зөрчөөд байдаг гаж тогтолцоо бий болчихвол цаашид төсвийг хугацаанд нь батлахаар шахах, батлаагүй байна гэж донгодох эрх Улсын Их хуралд ч, үгүй болох вий.