2013 онд төсвийн орлого 7,473.0 тэрбум төгрөг болно
2012.05.23

2013 онд төсвийн орлого 7,473.0 тэрбум төгрөг болно

Улсын их хурлын чуулганы тавдугаар сарын 22-ны Мягмар гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувийн саналаар баталлаа.


Дунд хугацаанд төсвийн орлогын төсөөллийг боловсруулахдаа төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг дайчилж, өнөөгийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин, УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хүрээнд, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг 2013 онд 7,473.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 39.2 хувь, 2014 онд 8,864.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.7 хувь, 2015 онд 10,219.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.1 хувь байхаар тооцсон байна.“Монгол Улс түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийг хүлээн авагч тул уул уурхайн салбарын орлого нь дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс шууд хамааралтай бөгөөд энэ байдал ойрын жилүүдэд үргэлжилсээр байна. Ирэх онд уул уурхайн салбарын өсөлт, уг салбарын бусад салбаруудад нөлөөлөх нөлөөлөл, шинээр бий болох ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл байдал, цаг уурын нааштай байдлаас үүссэн мал аж ахуйн салбарын өсөлт зэрэг шалтгаануудаас эдийн засгийн өсөлтийг 15.2 хувьтай байхаар тооцооллоо.

Уг өсөлтөд уул уурхайн салбарын өсөлт 24.8 хувь, уул уурхайн бус салбарын өсөлт 13.3 хувиар байхаар байна. Манай улсын эдийн засгийн өсөлт хөрш орнуудын аж үйлдвэрлэлийн хэмжээ, импортлогдох инфляцийн түвшин, болон газрын тосны нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байгаа бөгөөд ирэх онуудад ч үргэлжилэхээр байна. БНХАУ-ын эдийн засагчдын үнэлгээгээр, уг орны эдийн засаг ирэх онд 7.5 хувиар өсөхөөр байгаа бөгөөд энэ нь манай улсын экспортоор дамжин нөлөөлнө. Харин 2013-2015 онуудад эдийн засгийн өсөлт 11.2-19.0 хувьтай байхаар байгаа бөгөөд “Оюу толгой” ХХК-ийн зэс, алт, мөнгөний үйлдвэрлэл 2013 оноос эхлэхээр тооцоолсон” гэж 2014-2015 оны таамаглалд дурджээ.Дээрх хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүддээ баяр хүргээд “Та бүхний дөрвөн жилийн ажлын эцсийн үр дүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 7,4 тэрбум төгрөг болж, ДНБ-ий бодит өсөлт 19 хувьд хүрнэ гэдэг ийм том зорилтыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Эдгээр тоо баримт бол урьд хожид байгаагүй үзүүлэлт юм” хэмээн тэмдэглэлээ.Үдээс өмнөх хуралдаанаар нийт таван хууль, хоёр тогтоолын төсөл баталсны нэг нь олон сараар үргэлжлэн сунжирсан Инновацийн тухай хууль юм. Уг хуулийг болловсруулахдаа УИХ-ын гишүүн Н.Ганбямба нарын нэр бүхий гишүүдээс 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай болон дагалдах бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Инновацийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 төслийг нэгтгэж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Инновацийн тухай хуулийн төслийг суурь болгосон байна.

Инновацийн тухай хуулийн төсөл батлагдан гарснаар шинэ мэдлэг, технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн ашиглах замаар нийгмийн баялаг бүтээх үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, зохицуулах эрх зүйн орчин бүрдэж, манай улсын эдийн засаг, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт эерэг үр дагавруудыг авчирна гэж үзэж байгаа аж.Үүний дараа шүүхийн шинэчлэлийн чиглэлээр боловсруулж буй багц хуулийн хүрээнд Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай 3 хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа. Мөн "Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл болон "Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг тус тус батлав.

Нэгдсэн хуралдаанаар бас УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нараас өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Батбаяр нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсон хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.