Эмнэлгүүдийн барилгын ажлын явц хангалтгүй байна
Засгийн газрын хуралдаанаар шалгалтын дүнтэй танилцаад 300 ортой төрөх эмнэлэг, 60 ортой Геронтологийн төв, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд багтаан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран дуусгахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгалаа.
Мөн дээрх барилга, байгууламжуудын дулаан, цахилгааны шугам сүлжээний асуудлыг ойрын хугацаанд судлан шийдвэрлэхийг сайд Н.Удвал, М.Сономпил болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт даалгасан байна.
Шалгалтын явцад багагүй зөрчил, дутагдал илэрсэн байна. Тухайлбал 300 ортой төрөх эмнэлэг, Геронтологийн төвийн барилгыг иж бүрэн инженерийн шугам сүлжээнд холбохоор төлөвлөсөн ч хангагч байгууллагаас техникийн нөхцөл аваагүй, шинээр барих шугам сүлжээ, дэд өртөөний хөрөнгийг улсын төсөвт тусгаагүй, гадна шугам сүлжээг шийдвэрлэх техникийн шийдэл, арга замыг өнөөг хүртэл сонгоогүй, шийдвэрлээгүй байхад тендер зарлан ажиллаж байгаа гэсэн нийтлэг зөрчил байна.
“Нийслэл өргөө”, “Пума констракшн” компанийн барьж байгаа төрөх эмнэлгийн барилгын цутгамал төмөр бетон бүтээцийн бетоны зуурмагаас сорьц, дээж аваагүй, бетоны бат бэх байдлыг мэргэжлийн итгэмжлэгдсэн лаборатороор шинжлүүлээгүй зэрэг дутагдал илэрчээ.
Геронтологийн төв болон Хавдар судлалын үндэсний төвийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Арвис интернейшнл”, “Суурь” компанийн барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулаагүй байна.
Дээрх гурван барилгын ажлын явц дунджаар 51 хувьтай байгаа хэрнээ 74 хувийн гүйцэтгэлийн мөнгийг бүрэн авсан тухай Ажлын хэсэг танилцууллаа.