Г.Баярсайхан:Японд архи,тамхины бизнес эрхэлдэг хүн сонгуульд нэр дэвшдэггүй
2011.12.14

Г.Баярсайхан:Японд архи,тамхины бизнес эрхэлдэг хүн сонгуульд нэр дэвшдэггүй

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

Хууль батлагч нарын ашиг сонирхол, ёс зүйн асуудал сүүлийн үед нэлээн яригдах болов. Тэд биенээ элдвээр хэлж, гэмт хэрэг үйлдсэн ч гэх нь бий. Өнөөгийн хууль тогтоох байгууллагын гишүүд нэг иймэрхүү өнгө аясаар өөр хоорондоо харилцаж байна. Энэ тухай асуудлаар УИХ-ын гишүүн, парламентын Ёсзүйн дэд хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.

-Монгол улсад ардчилсан парламент үүсэж бий болсноос хойш 20 гаруй жил өнгөрлөө. Хууль тогтоогчдын ёс зүй буюу төлөвшил ямархуу хэм хэмжээнд яваа гэж та үздэг вэ?

-Төр болон улс төрийн хүчнүүдийн төлөвшил дунд зэрэг л байна гэсэн бодолтой явдаг. Ерөнхийдөө одоо л төлөвших шатандаа явж байна. Аль ч улс оронд төгс парламент, төрийн түшээд гэж байхгүй. Яахав олон жил ардчилсан зарчмаар явсан, парламентын засаглалтай байсан улсуудын түшээд нь алдаатай асуудалдаа илүү зарчимч ханддаг.Тодруулбал,тухайн орны парламентын гишүүд нь алдаа гаргахгүй байхыг хичээн, дутагдал гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, огцрох асуудлаа тавьдаг юм. Иймд ёс зүйн журмаа хэрхэн дагаж мөрдөн, хэрэгжүүлж буйгаар нь л төлөвшлийг нь харах ёстой биз. Үүнтэй адил манайд ч ийм журам гаргачихсан, хэрэгжүүлээд явж байгаа. Харин хэр хэрэгжүүлж буй, гишүүд нь ухамсартай эсэхийг түмэн олон хараад дүгнэх байх. Энэ бас хэвлэл мэдээлэлтэй ч холбоотой.

-Яагаад?

-Учир нь, гишүүний ёс зүйг хэвлэл мэдээлэлтэй холбож ярихгүйгээр дүгнэж хэлэх боломжгүй юм. Ардчилсан чөлөөт нийгэмд хэн нэгний алдаа, оноотой зүйлийг хэвлэн нийтлэх нь нээлттэй.

Гэхдээ эрх чөлөөгөө эдэлж байна гээд хаа хамаагүй баримтгүй мэдээллийг олон нийтэд цацаад байж болохгүй шүү дээ.

Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр улстөрчдийн болон хэвлэл мэдээллийн ёс зүйн асуудал нь нэг ойлголт. Аль аль нь бодит зүйл ярьж, нийтэлж байх нь чухал. Миний харж байгаагаар дөрөв дэх засаглал маань өнөөдөр сайн ажиллаж байгаа. Сонгуулийн ур дүнгээр олонх цөөнх болсон хоёр нам хамтарч засаглаж буй өнөө үед хяналтын ажлыг хэвлэл, мэдээллийнхэн л хэрэгжүүлж анхаарал тавьж байна.

-Хэвлэл мэдээллийнхэн гэж чичлэхээс илүү гишүүдийн ёс зүйн талаар ярих хэрэгтэй болсон мэт. Чуулган, Байнгын хороодын хурал дээр биенээ янз бүрээр хэлэх нь бий шүү дээ?

-Тийм. Ер нь, тухайн хүний авир араншин, төлөвшил, ухамсартай холбоотой зүйл. Ингэж хэлэхээс өөр арга байхгүй. Мөн улс төрийн хариуцлагын асуудал бий. Хувь гишүүн ямар нэгэн асуудал үүсгэчихээд нам намайг аваад гарчихна гээд л сууж байдаг. Ийм ойлголттой байгаа нь гишүүдийг ёс зүйгүй байдал руу түлхэж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр аль ч намын гишүүн бай хамаагүй дээрх байдлаар бүх зүйлд хандаж байгаа болохоор хариуцлага алга болж, бүр орхигдчихсон яваа юм. Өнөөдөр айж эмээх булчирхай ч үгүй болжээ. Нэг алдаатай зүйл нь хамтарсан засаг бий болсон явдал хэмээн зарим хүмүүс хэлсэн. Би үүнтэй санал нэгддэг. Хамтраад хийж бүтээсэн зүйл нь их ч сөрөг тал нь хариуцлагагүй л болж хувирсан. Хүн бүхэн л харж байгаа. Ийм нөхцөл үүсчихээр юу ч хэлж байсан хамаагүй гээд биенээ элдвээр хараан  зүхэж,  ёс зүйгүй үйлдэл гаргасаар байна даа.

-Таны бодлоор ямар арга хэмжээ авбал парламентын ёс зүй, хариуцлага өндөр болох вэ?

-Цаашид улс төрөө цэвэр, хариуцлагатай байлгахын тулд намууд нь Үндсэн хуульд зааснаар буюу парламентын сонгуулиар олж авсан квотынхоо дагуу ажиллах ёстой. Ингэж чадвал улс төр тунгалаг байж, ёс зүйн асуудал, хариуцлага ч өндөр болж өгөх юм.

-Ёс зүйн асуудлаасболж хариуцлагагүйн гамшиг нүүрлэлээ. Дээр нь, ашиг сонирхлын зөрчил ч гарах болж гэсэн шүүмжлэл байгаа?

-Байнга энэ талаар ярьж, анхааруулдаг гишүүдийн нэг нь би. Ардчилсан хувьсгал ялж, парламентын засаглал руу шилжиж, намууд үүсэж бий болж байх үед зөвхөн үзэл санаа, баримтлал дээр нэгддэг байлаа. Харин өнөөдөр дээрх асуудлаа хоёрт тавиад эдийн засгийн нэгдэл, бүлэглэл бий болж байх шиг. Улс төрөө хоёрт л авч үзэж байна. Энержи ресурс бол үүний бодит жишээ. Улс төрийн намуудын төлөөллийн ашиг сонирхол тус компанид бий. Учир нь, бүгд эдийн засгийн ашиг сонирхлоор нэгдчихсэн. Төрд ямар   ч  донсолгоо   үүсэж шуурга дэгдсэн бай тухайн компанийн ашиг сонирхол  оршин тогтносоор л байх болно. Яагаад гэвэл бүх улс төрийн хүчний төлөөлөл ашиг сонирхол тэнд гүйж зангидагдсан.

-Сонирхлын зөрчлийнтухай хууль батлах талааряригдажбайсан. Гэвч төсөлСонгуулийн хууль гээд дарагдчихлаа?

-Энэ хууль зайлшгүй батлагдах ёстой. Гишүүдийн хэм хэмжээний талаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ёс зүйн  зүйн дүрэмд ч тодорхой заая өгсөн. Өөрт хамаатай, ашиг сонирхол нь илэрхийлэгдэг асуудал хэлэлцэж байх үед санал өгөхгүй байх талаар юм. Үүнийгээ дэд хороонд мэдэгдэх ёстой. Гэхдээ зайлшгүй гэж оруулаагүй болохоор тунхаглалын шинж чанартай. Иймээс тусгайлсан хууль байх ёстой гэж үзээд байгаа хэрэг. Энд нэг зүйл хэлэх хэрэгтэй. Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн батлах гэж дуншиж байна. Уг хуульд архи тамхины бизнес эрхэлдэг хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх талаар сайд Баттулга санал оруулах гэж байгаа.

Миний хувьд үүнийг дэмжиж байгаа.

Нийгэмд хор хөнөөлтэй, иргэдийн эрүүл мэндийг хордуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмждэг, энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүс парламентад байх ёсгүй. Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд тавдугаарт бичигдэж байна. 2.7-хон сая хүн амтай монголчуудад 20 сая хүний хэрэгцээтэй тэнцэх хэмжээний согтууруулах ундааг импортлон оруулан ирж, үйлдвэрлэж байгаа. Ер нь, гамшгийн хэмжээнд хүрч, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх хэмжээнд хүрчихлээ.

-Бусад улс, оронд ийм зүйл бий юу. Та хэр судалсан бол?

-Арлын Японд архи, тамхины бизнес эрхэлдэг хүн улс төрд нь байхгүй. Хэрэв иймэрхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн нэр дэвшиж парламент руу орохыг хүсвэл өөрийнхөө бизнесээс татгалзан, олсон ашгаа нийгмийн сайн сайхны төлөө хандивлаж, нэр төрөө цэвэрлэдэг юм билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.