Х.Баттулга:Шаардлагатай цаг ирвэл бид амиа өгч байгаад хамаагүй үндэстнийхээ тусгаар тогтнолыг баталгаажуулах чин зоригтой хүмүүс
Монголын Ардчилсан Холбооны Дарга Х.Баттулгын илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Журмын олон нөхдөө,
монголын ардчилагчдаа,
Хүндэт зочдоо,
Та бүхэнд Ардчилсан хувьсгалын 22 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлье
12 сарын 10-ны өдөр бол бидний баяр, та бүхний баяр, Ардчиллын гэгээг авчирсан бүх хүнд хүндэтгэл үзүүлж, тэдний түүхэн гавъяаг дурсан санах, тэмдэглэх сайхнаас сайхан өдөр!
Энэ өдөр бид өнгөрсөн он жилүүдийг дурсан санахаас дутуугүйгээр ирэх жилүүдэд Ардчиллын өнгө, дүр төрх ямархан байх, та бид цаашдаа юу хийх, юунд зорихоо тоймлон хэлцдэг. Энэ бол бидний ажил хэрэгч уламжлал. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн үеэр бид юуг зорьж, юуг төлөвлөж байснаа нэхэн санацгаая!
20 жилийн ойн өдрүүдэд бид хийж амжаагүй зүйлс хийснээс минь дутахгүй үлдсэнийг өөрсдөдөө болон монголын олон нийтэд сануулжээ. Өнөөдрийг хүртэл Ардчиллаа эдийн засгийн ололтоор батжуулж, бэхжүүлж чадаагүй явааг цохон тэмдэглэж байжээ. Өвгөдөөс үлдээсэн асар их баялаг монгол хүн бүрийг хангалуун амьдруулахад хүрэлцэхүйц байхад өнөөдөр "хүн амын 37 хувь нь нэн ядуу гэсэн бүлэгт хамаардаг" гэсэн статистикийн үзүүлэлттэй, баялгийн тэгш бус хуваарилалт гаарсан байдалтай сууж байгаагаа тодорхойлжээ. Эдгээрийг Монголын ардчилал бүрэн бэхжээгүй, хөл дээрээ бат зогсоогүй байгаагийн илрэл хэмээн дүгнэж байжээ. Монгол хүн ядуу дорой байна, Монгол улс эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсоогүй байна гэсэн товчхон дүгнэлтийг гаргаж чинээлэг иргэдтэй, хөгжилтэй улс байгуулах гэсэн 20 жилийн өмнөх зорилтоо. гүйцээхийг шаардаж байжээ. Тэгээд МоАХ- ны анхны дарга, Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн тунхагласан "Ардчилсан хувьсгалын хоёр дахь шатыг үйлдвэржүүлэлт болгох" уриалгыг ажил хэрэг болгох, Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой амгалан амьдралтай байх үндсэн нөхцөлийг хангахын тулд Үйлдвэржилтийн төлөө тэмцэх ёстой хэмээн уриалж байжээ. Өнөөдөр энэ бүхэн ямархуу төвшинд ажил хэрэг болж байгааг тайлагнах, дүгнэх ёстой гэж бодлоо. Өнгөрсөн хоёр жилд бид 20 жилийн ойгоор дэвшүүлсэн зорилтуудыг ажил хэрэг болгохын төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийх, хэрэгжүүлэхээр чармайж ирлээ. Үйлдвэржилтийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд Сайншандад Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах үзэл санааг тунхаглаж, эхний судалгаа, техник эдийн засгийн төсөөллийг гарган Засгийн газарт санал болгосноор энэ ажил бодит биеллээ олох алхмууд хийгдлээ. Одоогоор Техник Эдийн. Засгийн үндэслэл нь боловсрогдож, ямар үйлдвэрүүдийг ямар дарааллаар хэдий хугацаанд барьж босго төлөвлөгөө, санхүүжилтийн хуваарь гарч байна. "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад нийт 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Үүнд Барилгын материалын үйлдвэр, Коксын үйлдвэр, Хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, Нүүрс хийжүүлэх үйлдвэр, Зэс хайлуулах үйлдвэр, мөн түүнчлэн төмөр зам, хот байгуулалт, ус хангамж, ариутгах татуургын төслүүд багтаж байна. Төсөл бүрийн техник-эдийн засгийн судалгааг хийгдсэний дараа хэрэгжүүлэх дарааллыг эцэслэн сонгох болно. Урьдчилсан байдлаар Үйлдвэрүүдийг үе шаттайгаар, тухайлбал Коксын үйлдвэрийг Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замын барилгын ажил дуусах үе ашиглалтад оруулах, Газрын тос боловсруулах үйлдвэрийг Тавантолгой-Чойбалсан чиглэлийн төмөр замын барилгын ажил дуусах үе шаттай цаг хугацаа, үйл ажиллагааны хувьд харилцан уялдаатай байхаар төлөвлөсөн байна. Уул уурхайн ордуудаас гарч байгаа ашигт малтмалыг тогтвортой урт хугацаанд үр ашигтай борлуулах, нэмүү өртөг шингээх, баялгийн үр шим монголчуудад илүү ихээр хүртэгдэх гэсэн зорилтуудыг ханган биелүүлэхэд дэд бүтэц, ялангуяа төмөр зам стратегийн ач холбогдолтой гэж үзэн Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулж, шинэ төмөр замыг Үндэсний аюулгүй байдалд нийцсэн стандартаар тавьж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгуулсан. Энэ ажил эхэлж Техник, эдийн засгийн ундэслэл, трасс батлагдсан. Чиглэлийн дагуух байр зүй, геологийн ажил дууссан. Гэвч УИХ-аас эрх олгож, үүрэг өгсөөр байхад энэ ажлыг санаатай, санамсаргүй байдлаар уяж, санхүүжилт бүрдүүлэх, хөрөнгө олох тал дээр эрх бүхий хүмүүс санаачилга гаргахгүй, эс үйлдэл хийсээр хоёр жил болж байна. Ажлыг урагшлуулахын тулд хэдий санхүүжилт олгогдохгүй байгаа ч үндэсний компаниудын дэмжлэгээр газар шорооны ажлыг эхлүүлсэн.
Төмөр зам бол аливаа улсын аюулгүй байдлын баталгаа, хөгжлийн түлхүүр гэдэг үүднээс энэ ажлыг хурдлуулахгүй байх, болж өгвөл нураах, бүтэлгүй болгох эрмэлзэл гадаад талдаа бодитоор оршиж байгаа. Харамсалтай гадаадын гар хөл бологсод үндэсний эрх ашгийг умартан шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг үл ойшоох, саармагжуулах зорилгод нь үйлчлээд байгаа шинж тэмдгүүд илэрхий ажиглагдсаар байна. Монголын баялгийг түүхийгээр нь хамгийн хямдаар богино хугацаанд зөөж дуусгах, цөлмөх гэсэн гадны сонирхолд үйлчилж байгаа этгээдүүдэд хандаж хэлэхэд МоАХ ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө чадах бүхнээ хийж ирсэн. Шаардлагатай цаг ирвэл бид амиа өгч байгаад хамаагүй үндэстнийхээ тусгаар тогтнолыг баталгаажуулах, язгуур эрх ашгийг хамгаалах чин зоригтой хүмүүс гэдгийг хатуу сануулахыг хүсэж байна. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор дэвшүүлж байсан монгол хүний сайн сайхан амьдралын төлөөх зорилтуудыг ханган биелүүлэхийн төлөө Шинэ Улаанбаатар хөтөлбөрийг дэвшүүлсэн маань Шинэ бүтээн байгуулалт болон нэрээ өөрчлөөд хэрэгжих шатандаа ороод байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын орон сууцыг нийслэл болон аймгийн төвүүдэд барьж байгуулна. Томоохон төв суурин газруудыг хатуу хучилттай замаар холбох ажлыг мөн хөтөлбөрт багтаан хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. Сумын төвийн зохион байгуулалтыг сайжруулах, тэнд
амьдарч байгаа иргэдийн ая тухтай байдлыг дээшлүүлэх зорилготой төсөл Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн дотор бий.
Эхний загвар сумын төвийн бүтээн байгуулалт эхлэх гэж байгаа. Гэх мэтээр тавьсан зорилтуудаа бага багаар хэрэгжүүлж байна. Энэ нь нийгмийн хөгжлийн өнөөгийн хурд, шаардлагыг бүрэн дүүрэн хангахгүй гүйцэхгүй байна. Хэдийгээр бүрэн дүүрэн биелүүлэх боломж, бололцоо бүхий л утгаараа байсан ч санасан зоргоор ажлыг явуулахгүй, урагшлуулахгүй, сааруулах хүчин зүйлс гарч байна. Шалтгаан нь улс төр, шийдвэр гаргах төвшинд шургалсан гадны эрх ашиг, сонирхлыг хамгаалагч бүлгийнхний хориг, эс үйлдэл, ил далд эсэргүүцэл юм. Биднийг үсрэнгүй хөгжчих вий, ядуурлаас ангижирч, эдийн засгийн хувьд хөл дээрээ тогтчих бий гэхээс сүнсээ зайтал айж, сандрагсад бодитоор оршин байгааг энэ байдал харуулж байна. Бид эдийн засгийн хувьд чадваржчихвал, хямд түүхий эдийн бааз байхаа болино. Иргэд маань чинээлэг болчихвол архи, тамхи тараах төдийгөөр саналаа өгөхөө болино гэдгээс илэрхий айж байгаа хүчин бий. Тэд өнөөдөртөө хүчтэй, нөлөөтэй байж, монголын төрийг хүссэнээрээ хөдөлгөж чадаж байна. Ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол маань хэврэг хэвээр байна. Мьнмар, Киргизэд ганц нэг хүн Монголын ардчиллыг бахдсан гэдгээр бид гул барих, хөөрцөглөх шаардлагагүй. Тэд монголын нийгмийн дотоод байдлын талаар мэдээлэлгүйдээ элдвийг төсөөлж, мөрөөдсөн байж болно. Дотогшоо нь өнгийж харсан бол бахархан дуурйах юмаар маруухан байгааг олж харах болно. Хэрвээ тэд анзаарч, тогтож харах юм бол монголд:
Үндсэн хуулиараа "Бүх ард түмнийх" гэж тунхагласан байгалийн баялгийг нь цөөхөн хүмүүс гадныхантай нийлж, сорчлон яаран сандран залгиж байгааг харах болно. Баян хоосны ялгаа хоёр тийшээ холдож, монголчуудын жилдээ бүтээж буй баялгийн 99 хувийг нийт хүн амын ганцхан хувь болсон цөөхөн уул уурхайн компани, тэдний удирдлагыг зусардагч цөөхөн улс төрч эзэмшдэгийг мэдэх болно. Үлдсэн 99 хувь болох ард түмэнд баялгаас тун өчүүхэн хувь нь ногддогийг хачирхан гайхах болно. Баялгийн шударга бус хуваарилалт нь ирээдүйд үүсэх гүнзгий зөрчлийнх нь эх сурвалж болж байгааг мэдээд айн түгших болно. Улс төрд нь гадны эрх ашгийг үндэснийхээ ашиг сонирхлоос дээгүүр тавигчид олноор шургалсныг мэдээд жигшин зэвүүцэх болно Улс төрчдийг уургалж авсан ганц нэг компани улсынхаа хамаг ашигтай, орлоготой бизнесийг хамж хийдгийг мэдээд "биднээс ялгаагүй юм байна" хэмээн дорд үзэн инээх болно Үр дүнд нь монголын Ардчилалд гайхаж бишрэхээр зүйл хомсхон байгааг мэдэж, зам болгон дагах тухай ярихаа болих байх аа. Ийм гутамшигт үзэгдлүүд биднийг дагалдаж, бид яаж ч чадахгүй харж суугаадаа дүгнэлт хийх
ёстой. Энэ бүхний эрх өөрчилж, улс орныг үсрэнгүй хөгжлийн зам дээр гаргахын тулд Монголын Ардчиллын ууган хүчин, ард түмнийхээ эрх чөлөө сайн сайхны төлөө тууштай , эрчтэй тэмцэж чадах тулхтай хүчин Монголын Ардчилсан Холбоо босох цаг ирлээ. Бидэнд алгуурлаж суух цаг үлдсэнгүй.
Ирэх сонгуулийг алдах юм бол монгол орон гадаадынхны хүсэл зоригийг гүйцэлдүүлэхийн төлөө яахаас буцахгүй хүмүүсийн гарт орох нь. "Хонхны дуугаа" дуулъя! Хожмын сайн сайхны төлөө сэрцгээе! Монголын Ардчилсан Холбоо хаа байна аа? Гэж тавлангуй асууж, басамжилж байгаа хүмүүст энэ ард түмнийг өмөөрөх, өмгөөлөх, тэдний төлөө бүхнээ зориулах хүчин байгааг мэдрүүлье. Бид 22 жилийнхээ өмнөх шиг жагсаал цуглаан хийж, туг далбаа намируулж, уриа лоозон хашгираахаасаа илүүтэй бодлого хөтөлбөр боловсруулж, олон түмэнд ойлгуулж, тэдний дэмжлэгийг авч тэмцмээр байна. Ард түмэн бидэнд итгэнэ ээ. Монголын Ардчилсан Холбоо ард түмнийхээ итгэлийг дааж үсрэнгүй хөгжилд улсаа хөтөлж чадна. Бид ойрын 4 жилийн дотор монгол морины харайлтаар хөгжишгүй ертөнцийг гүйцэж "Монголын гайхамшиг"-ийн тухай шагшин ярихаар эрчимтэй ажиллаж чадна. Бидэнд тийм бололцоо, чадвар бий. Бид "Дотоодын нийт бүтээгдэхүүн төдөн хувиар өслөө" гэсэн хоосон тооны төлөө бус нийгмийн баялаг ард түмэнд тэдний хөлс хүчээр дамжин бодитой хуваарилагдах, монгол хүний хөгжил эрүүл мэнд, боловсрол, орлого гээд бүхий л үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт бичигдэх тэр цагийг хурдлуулахын төлөө бүх хүч чадлаараа ажиллах болно.
Эрчимтэй, өрнүүн хөгжлийн зам дээр улс орноо гаргаж, ард түмнээ ажилтай, орлоготой, амгалан амьдралтай болгохын төлөө нэгдэн нягтарцгаая!
Ардчилагчдаа, журмын нөхдөө!
Ирмүүн хөгжлийг авчрах их
тулаанд эрслэн орцгооё, Мориндоо!
Монголыг Хөх тэнгэр, эзэн
Чингис хааны сур сулд
байна. Бидэндухрах хойш суух эрх
байхгүй. Мориндоо!