Д.Тэрбишдагва: Хагас сайны өглөө бүр шар будаатай борцтой цай чанадаг
0
2011.12.09

Д.Тэрбишдагва: Хагас сайны өглөө бүр шар будаатай борцтой цай чанадаг

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын ажлын өрөөнд танай сонины "Өрөөнд нь" булан зочиллоо. Түүний өрөө Төрийн ордны хоёрдугаар давхарт байрладаг. Ажил хэрэгч хүний албан өрөө ийм байх нь зохистой гэмээр тэрбээр өрөөгөө гоёж гоодож, элдэв зүйл өлгөж чимэглээгүй байх юм. 20 гаруй жил Германд амьдарсан түүний имиж яах аргагүй барууны соёлыг илтгэдэг. Тэрбээр цэмбэгэр гишүүдийн нэг. Мөн өөрийгөө, өрөөгөө ч энгийн хэт хэмжээнд байлгадаг, боловсон ухагдахууныг мэдрүүлдэг. "Ёс ёмбогор, төр төмбөгөр" гэдгээр эрхэм гишүүн аливаад ханддаг юм билээ. Түүнтэй ийн хуучиллаа.   
-Ихэнх гишүүд өрөөгөө гял цал болтол чимсэн байдаг. Гадаадад олон жил амьдарсан хүмүүсийн амьдралын хэв маяг нь монголчуудынхаас өөр юм шиг анзаарагддаг. Таны өрөөний тохижилтын талаар яриагаа эхлэх үү?
-Ажлын өрөөнд ажил  хийхийн тулд л байдаг болохоос гоёж гоодох нь зохимж муутай гэж боддог. Миний ширээн дээр ном цаас их бий. Мөн хоёр хүүхэд, эхнэрийнхээ зураг болон хамба лам Чойжамцтай авахуулсан зургаа байрлуулсан. Би гадныхантай олон жил нөхөрлөлөө. Ер нь ажлын өрөө гэж үзэсгэлэн шиг юм байдаггүй, маш энгийн бөгөөд юм унших, судлах боломжийг бүрдүүлсэн орчинтой байх ёстой гэж боддог.
-УИХ-ын гишүүд ухаанаа уралдуулан мэтгэлцэхэд олон цаг зарцуулдаг. Та өөртөө чөлөөт цаг хэр гаргаж байна. Юу хийхийг эрмэлздэг вэ?
-Өөртөө чөлөөт цаг гаргаж чаддаг байх ёстой. Харамсалтай нь миний амьдралд чөлөөт цаг харьцангуй бага байсан юм билээ. Оюутан байхад арай өөр байж. Харин ажил хийдэг байхад өглөө гараад орой гэртээ ордог байлаа. Би одоо ч бараг зурагт үзэж чаддаггүй шүү. Гэхдээ цагийн менежмент гэж юм бий. Цаг гарахгүй үед нь бага унтах ёстой.
Би өглөө эрт 05.30 цагт босоод уул хадаар 45 минут салхинд алхдаг.
Тэр нь өдрийн их ачаалалд дэм тус болдог юм. Харин орой унтахын өмнө ном уншвал сайхан амардаг. Мөн унтахдаа дэлхийн том гарамгай суутан, улстөрч, бизнесменүүдийн түүх, намтар, Германы Ерөнхийлөгчид болон Канцлеруудын ажил, амьдралын дурсамжуудыг уншдаг. Сүүлийн үед Далай лам, шашны сургаалын чиглэлийн ном уншиж байгаа. Системтэй судалж, уншихгүй бол гүн ухаанд ойлгохгүй зүйл гардаг юм билээ.
-Та ер нь ямар хоббитой вэ. Энэ талаараа өгүүлээч?
- Спортоор хичээллэх, хоол хийх дуртай. Угаасаа ч хүнсний технологич, инженер мэргэжилтэй л дээ. Монголын маш олон хиам, консеревийн технологи, стандартыг тухайн үеийн ажилтнуудтайгаа хамтран боловсруулсан нь өнөөдөр мөрдөгдсөн хэвээрээ байна. Залуудаа хоол их хийдэг байсан бол одоо намайг "ярьдаг л болж дээ" гэж гэрийнхэн маань явуулдаг. Харин хагас сайн өдрийн өглөө болгон шар будаатай борцтой цай чанадаг хэвээрээ шүү.
-Спортын ямар төрлөөр хичээллэдэг вэ. Таныг бас зэрэг, дэвтэй гэж ярьдаг?
-Оюутан байхад бүх урлаг, спортын төрлөөр оюутан, залуучуудын дунд зохиогддог тэмцээнд идэвхтэй оролцдог байлаа. Сагсан бөмбөг, гар бөмбөгт гайгүй. Зэрэгтэй байсан. Мөн ширээний теннис, шатраар хичээллэнэ. Хүүхэд байхдаа шатрын спортын зэрэг авсан. Зохиолын болон ардын дуугаар     урлагийн   үзлэгт оролцдог байлаа.
Одоо бол уул хадаар алхаж,  заримдаа теннис, caгс, гap бөмбөг тоглож   байгаа.
Гэхдээ байнга биш ээ. Гадны хүмүүстэй нийлсэн 20-иод хүнтэй клуб бий. Хагас сайн бүрт уулаар алхах бодолтой. Гол санаачлагч нь Германы Элчин сайд байсан Фишер. Би хааяа л оролцох юм. Мөн залуучууд нийлж, Монголын хууль,  хүчний  байгууллагуудын Пауэрлифтингийн холбоо байгуулж намайг ерөнхийлөгчөөр сонгосон. Монголын хүчит эрсийн холбоо гэх үү дээ. Олон сайхан залуучууд манай клубт хичээллэдэг.
-Та хүнсний ногоо тарьж тахиа тэжээдэг байсан. Одоо хэвээрээ юу, эсвэл больсон уу?
-Эрүүл агаарт аялах, алхах их дуртай. Манайх цөөхөн хэдэн тахиатай, хүнсний жижигхэн хүлэмжтэй. Эхнэр цэцэгний хоббитой учраас цэцэг их цуглуулж, тарьдаг. Хүнсний ногоогоо болохоор өдөр бүр арчилж чадахгүй юм. Зав чөлөөгөөрөө бага ч гэсэн тусалж услах, хогийн ургамлыг нь түүх жишээтэй.
-Танай эхнэр цэцгэнд дуртай гэлээ. Энэ гоёмсог организмыг та сонирхдог уу?
-Сонин юм билээ. Эрэгтэй хүн эхлээд сонирхдоггүй юм байна. Харин өдөр бүр эхнэрийнхээ цэцэгтэй яаж харьцаж байгааг хараад өөрийн эрхгүй татагддаг юм  билээ. Нар гарангуут  дэлбээлж, орой болохоор хумих  нь их сонин. Манай эхнэр энэ бүхний зургийг аваад байдаг юм. Цэцэг чинь дулаан уур амьсгалтай газар ургахаас биш, хэрүүлтэй уруултай газар ургадаггүй энергийн ургамал гэж сонссон. Манайд цэцэг сайн ургадаг. Одоо бол харин би гадарладаг, усалмаар, хараад баймаар болсон. Байгаль ямар уран гоё хийцтэй юм гэдгийг цэцэгнээс харж болох юм билээ.
-Та "ТБД Андууд" компанийн үүсгэн байгуулагч. Компанийнхаа ажилд хэр оролцдог вэ?
-Хүн хариуцсан ажлаа хийсэн шиг хийх ёстой, ажилдаа амжилт бүтээл, үр дүн гаргах ёстой гэсэн зарчим баримталдаг. Намайг улс орныхоо төлөө ажиллуулахаар ард түмэн сонгосон бол түүнийгээ сайн хийх хэрэгтэй л дээ. Тиймээс аливаа бизнесийн үйл ажиллагаанд хутгалдах нь улстөрч хүний хувьд ёс зүйгүй асуудал учраас 2000 оноос хойш компанийн ажлаа эхнэртээ өгсөн. Ер нь албаны болон хувийн ажлыг тун сайн ялгах учиртай. Тиймээс УИХ-д яригдаж байгаа бүх чиглэлийн асуудалд ашиг сонирхлын зөрчлөөр хандаж болохгүй гэж үздэг.
-Та ямар шашин шүтдэг вэ. Бурхны сургаалыг сонирхож байгаа гэсэн?
-Би бурхан, шашин тахин шүтдэг лам хүний гэрт өссөн. Миний аав лам хүн байлаа. Хүүхэд байхдаа уншиж, судалж байгаагүй ч шашны зан заншил, ахуй орчин, ёс суртахуун, философийн дунд өсч бойжсон. Социализмын үед онц сурлагатай сурагч, оюутан байсан учраас аавыгаа лам гэж хэлэхээс ичээд ажилчин гаралтай гэдэг байсан. Манай аав их сайхан бурхадтай байсан. Аав, ээж хоёр минь нэг жилд нас барсан юм. Түүнээс хойш бурхан тахилдаа буруу хандаж, залуу   пионер   бурхан   номоо хэлмэгдүүлсэн тохиолдол ч гарсан шүү. Харин одоо аавынхаа бурхан тахилыг дээдэлж, сахиусыг нь шүтэж явна.
-Багадаа тохиолдсон тэр хөгжилтэй бас гашуун дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Би Эрхүү хотод Улс ардын аж ахуйн дээд сургуульд сурсан. Аавыг таалал төгссөний дараа Геологи уул уурхайн яаманд ажилладаг байсан ахтайгаа хамт  бурхнуудыг нь угааж цэвэрлэлээ. Гэтэл үе залгамжлан ирсэн хуучны торго, даавуун бурхад нь сэмрээд бүр мяндсан утас шиг болчихсон. Тэгж маш том хэлмэгдүүлсэн.
Цэвэр цэмцгэр байх гэсэн социалист маягийн сэтгэлгээгээр хандах гэсэн юм уу даа янз нь.
Дараа нь ахмад буурлуудынхаа зөвлөмжөөр бурхан, шашинтай холбоотой бүх зүйлийг нь Гандантэгчилэн хийдэд өргөсөн. Том ах хоёр гурвыг нь авч үлдсэн. Хамгийн алдартай нь "Шар бурхан". Ванчин-Эрдэнээс анхдугаар Зая гэгээнтэн Лувсанпэрэнлэйг тодруулахад зориулж "Босоо шар" гэдэг Төвд бичгээр бичсэн зарлиг маягийн бурхан. Хуучин Төвд үсгээр бичсэн болохоор баргийн лам уншиж чаддаггүй тул Жадо ренбүүчи багшаар уншуулж монгол хэлнээ хөрвүүлүүлсэн. Утга учир гүнзгий агуулгатай, зарлиг зөвлөмжтэй тун хайрламаар эд.
-Та ах дүү олуулаа юу?
-Би долоон хүүхэдтэй айлын зургаа дахь нь. Багаасаа нэг дор өсч торнисон ах, эгч, дүү нар маань надад сэтгэлийн дэм өгч, аав ээжийг минь орлон үнэтэй сургаалаа хайрлан миний амьдралд түшиг болдог. Тэд маань намайг дэмжиж Германд боловсрол эзэмших боломжийг нээж өгсөн. Тэнд ханьтайгаа танилцсан.
-Таны хоёр хүүхэд хаана амьдарч байна. Одоо сурч байгаа юу, ажиллаж байна уу?
-Хүү Хонгконг, охин Японд сургууль төгссөн. Би их сайн, бас хатуу аав. Хүүхдүүдээ сургуульд явах үед хэдийгээр сайд, дэд сайдын албан тушаал хашиж байсан ч "Та нарыг улсын зардлаар сургахгүй. Бусдын л адил шалгалтаа өгөөд сурах ёстой. Өөрсдөө ажил хийж амьдрах ёстой" гээд явуулж байсан.
Хүрч ирээд Монгол Улсад ажиллах ёстой.
Амьдрал үз. Угсаа залгамжилсан хамжлагат ёс гэдэг шиг аав нь төрийн албан  тушаалтан тул хүү  нь төрийн албанд аль нэг яам, тамгын газар ор гэж хэлээгүй. Хэлтэй боловсролтой ч олон байгууллагад ажиллуулаагүй. Гэр бүлээрээ хамтран босгосон энэ компанидаа ажиллаж, ээжийнхээ ажилд тусал, компани ямар их хөдөлмөрөөр босдогийг үз гээд хамт ажиллуулж байгаа.
-Ан ав хэр сонирхож байна. Гишүүд өвөл, зунгүй л явах юм?
-Ан ав ерөөсөө хийдэггүй. Хааяа чоно агная гээд хүн дагаад явдаг. Амьтан агнах гэж байгаа хүн чинь маш нервтэй байдаг юм байна. Хэрвээ буудаад онохгүй бол огцом уурлаж, загнадаг юм билээ. Тиймээс аягүй бол буудаад онохгүй ангаа үргээчихэж магадгүй гээд хараад л байж байдаг. Монголчууд чоно авлаж хийморио сэргээдэг гэдэг учраас хааяа нэг найз нөхдөө дагаж явна уу гэхээс учиргүй дурлаж хөөцөлддөггүй. Харин ангийн хишигт дуртай. Тарвага, гөрөөс, зэрлэг гахайны маханд дуртай шүү.
-Тэгвэл амьтны цус уудаг уу. Хүмүүс элдэв өвчин хуучаа дардаг гээд амьтны халуун цус уудаг болж?
-Үгүй. Үүнд итгэдэггүй. Хүн өөрөө эрүүл байя гэвэл оюун санаагаа эрүүл байлгах хэрэгтэй. Өглөө босоод усанд орохдоо би байнга дуулдаг. Сайхан хүйтэн усанд ороод дуулаад явна гэдэг ямар их энергитэй байдаг гэж бодно. Есдүгээр сарын сүүлчээс арванхоёрдугаар сарын хооронд голын, харзны хүйтэн усанд ордог.
Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Хүнтэй нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг олон жил найзлах ёстой. Түүнээс биш улааныг харж урван, шарыг харж шарван, даргыг харж далдганаж явахгүй, өөрийн гэсэн байр суурь, ноён нуруутай байх ёстой гэж боддог. Хоёрдугаарт, хөдөлгөөн хүний амьдралд маш хэрэгтэй. Хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэсэн үг байдаг биз дээ. Болж өгвөл цэвэр агаарт алхах, болохгүй бол тодорхой хэмжээний хөдөлгөөн, дасгал хийх хэрэгтэй. Сүүлд нь хооллолтын зарчим байна. Амталж идэх юм бол ямар ч хоол амттай. Багын дурсамж санаанд орчихлоо. Би зургаа, долдугаар ангид байхдаа өглөө дөрвөн цагт босоод ангийнхаа хүүхдүүдтэй хамт хотын төвөөс Шарга морьт, цаашаа Бага баян, Их баян руу явдаг байлаа.
Тэнд нэрс, үхрийн нүд ургана.
Тийм эрт босоод нэг талдаа 30 км алхаж яг жимс ургадаг газрынхаа дэргэд оччихоод хээрийн хар цайн дотор хонины хуйхалж чанасан толгой, мах, хар талхтайгаа идчихнэ. Тэр үед хонины толгой 50 мөнгө, талх нэг төгрөг 40 мөнгөний үнэтэй байсан. Ингээд бодсон чинь одоо ч гэсэн миний шүлс гоожиж байна. Дэлхийн олон улс орноор явж үзэхдээ би тийм амттай хоол идэж үзээгүй. Арван литр жимс түүж ирчихээд нэг стаканыг нь нэг төгрөгөөр зарж дэвтэр номынхоо мөнгийг олдог л байсан. Тэр үед зарим нь наймаачин гэж шоолно, нөгөө хэсэг нь жимсийг булааж шоглоно гээд янз бүрийн л зүйл болно. Тэр бүгдийгээ би амьдралын тэмцэл гэж боддог. Алхаж явсан маань тэмцэл, буцаад алхсан, зарах гээд хичээж байсныгаа тэмцэл гэж боддог.
-Та морь хэр сонирхдог вэ. Хурдан морь уядаг уу?
-Удмаараа морь малтай ойр явсан, аав нь морь уядаг, өөрөө хурдан морь унадаг байсан уяачид, төрийн түшээ, сайд дарга нарыг бол хүндэтгэдэг. Түүнээс морь ч мэдэхгүй, зүгээр худалдаж аваад өөрийгөө уяач гээд байгааг нь ойлгодоггүй. Морь үнэтэй байгаа нь малчин түмэнд сайн л даа. Гэхдээ морийг уядаг хүн гэж тусдаа байна. Гэтэл наадмаар хүнээр уяуулчихаад түрүүлээд ирэхээр нь өөрөө мориныхоо хөлсийг хусч алхахдаа хүртэл амьсгаадаад байдаг нь сонин. Бараг морь унаж чадахгүй мөртлөө алдарт уяач болчихоод байгаа юм биш үү.
Би багадаа морь унаж өссөн.
Сайд бай үедээ хөдөө орон нутгаар явахад морь бэлэглэдэг л байсан. Тэр морийг нь"Сүрэгт нь үлдээе, уралдаад түрүүлвэл надад мэдэгдээрэй" гээд үлдээдэг. Заримдаа миний төрсөн нутгийнхан болон ах дүү найз нөхөд нутгиин түшээ гэдэг юм уу, хийморь лундааг нь боддог уу өөрөө ч мэдээгүй байхад миний нэр дээр морь уралдуулчихсан л байдаг юм. Морь уявал би хэнээс ч дутахгүй уях байх. Хэрвээ морь уявал тэтгэвэрт гарсныхаа дараа л болох байх даа. /инээв./
-Монголын нэр нөлөөтэй хүмүүс хувцасныхаа брэндээр их дэгжирхдэг болж. Та энэ тал дээр хэр анхаардаг вэ?
-Хүн соёлтой, цэвэрхэн хувцаслахыг эрхэмлэдэг байх хэрэгтэй. Багадаа ч тийм байсан. Жимс зарчихаад мөнгөөрөө ном авахаас гадна тэр үед 14-ийн даавуу гэж таагүй үнэртэй давуу байсан. Яагаад өмхий гэж байна гэхээр норгохоор үнэр гараад байдаг, тэгсэн мөртлөө индүүдлэг их сайн авна. Тэр даавуугаар найзуудтайгаа хамтраад өмд хийж өмсдөг байсан. Герман руу оюутан болохоор явах гэж байгаа өнөөх л багын найзуудтайгаа нийлж байгаад хилэн материалаар гутал хийж өмссөн. Би гэдэг хүн Герман оронд өөрөө хийсэн гутлаа өмсөөд очиж байлаа. Бас ч үгүй гэгээтэй шар өнгөтэй. Ингээд бодохоор тэр цагаас л хувцасны мэдрэмжтэй байжээ гэж боддог. Би хувцаслалтдаа анхаардаг. Гэхдээ учиргүй том брэнд гэхээс илүү нүүр царай, өнгө, моодыг дагаж өмсөнө. Үнэтэй гэхээсээ зохимжтой  хувцаслахыг л боддог. Эхнэр маань ч үүнд анхаардаг.
- Таны ширээн дээр байгаа энэ жижигхэн ном их сонирхол татаж байна. Энэ ямар учиртай ном бэ?
-ХБНГУ-ын Үндсэн хууль. ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Герман Монголын Парламентын бүлгийн орлогч дарга Уте Кумп гуай бэлэглэсэн юм. Монголд олон удаа ирж, Монгол Германы парламентын бүлгийн ажлыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж байгаа. Монголын төлөө гэс сэтгэлтэй хүн дээ.
-Таны амнаас Герман  гэдэг үг их унах юм аа. Олон жил тэнд амьдарч байсан  болохоор тэр байх даа?
-Амьдралынхаа 20 гар жилийг Германд өнгөрөөсөн.  Надад  Монгол найзын хэмжээнээс дутуугүй тооны  улстөр, бизнесийн нэг анги Герман найз байна. Тэдний дунд 80 хүрчихсэн ахмад буурал бий. Германд сурч, олон улсын залуучуудын байгууллагад; Бернау хотын захиргаанд, мөн сүүлд нь Монгол улсаас ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эр Элчин сайдаар ажиллаж байсан  болохоор аргагүй л ойрх байдаг юм. Нөгөөдөр Герман руу Бундестагийн урилгаар  явах гэж байгаа. Тус хотынх захиргаанд Л .Болд сайдтай ха rap бэлэглэе гэсэн бодолт байна. Л.Болд сайд тэр xoтод сурч байсан, харин би ажиллаж амьдарч байсан юм.
-Саяхан Германы Канцер  Ангела Меркель Монголд ирээд буцлаа. Энэ үеэр таны найз нар ирэв үү?
-Канцлерийг дагаж Бундестагийн таван намын төлөөлөл Монголд ирсэн. Бүгд сайн таньдаг хүмүүс байсан.  Заримтай нь олон жил найзалсан. Тухайлбал, Герман Монгол парламентын бүлгийн дарга нь Дагмар Энкелман гэж эмэгтэй бий.
Бид хоёр Германд Олон улсын залуучуудын дээд сургуульд хамт багшилж байсан.
1990 оноос хойш Бундестагын гшшүүн. Дагмарыг 1990-оны эхэн үед Зүүн Германы эмэгтэйчүүдийн асуудлаар өлсгөлөн зарлаад сууж байхад  нь би эргэж байсан. Сая ирэхдээ "Намайг өлсгөлөн зарлаад сууж  байхад хамгийн холоос эргэж ирж, жүүс, сок авчирч өгсөн  хүн" гээд хамт ирсэн хүмүүстээ ярьж, инээлгэж байсан. 1987 оноос хойш гэр бүлээрээ нөхөрлөж байгаадаа.
Нийтлэлч

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.