УИХ-ын гишүүн, Монголын ардчилсан холбооны дарга Х.Баттулгын мэндчилгээ
2011.12.09

УИХ-ын гишүүн, Монголын ардчилсан холбооны дарга Х.Баттулгын мэндчилгээ

Ардчилсан Монгол Улсын иргэн танд болон 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалын баатрууд та бүхэндээ Ардчилсан хувьсгалын 22 жилийн   ойн баярын мэндийг дэвшүүлье.Он цаг улиран одохын хэрээр түүхийн хуудас шарлаж, хүмүүн бидний ой санамжаас олон учрал тохиол сарнин алга болдог. Дэлхий тэнхлэгээ тойрон эргэж амьдрал үргэлжилсээр хэдий ч хэзээ ч хуучрахгүй үйл явдал, замхран мартагдахгүй хүмүүс гэж байдаг. Чухамдаа Цагаан морин жил Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгал тийм л агуу их үйл хэрэг байлаа. Төв Азийн цээжин дэх жижиг буурай Монгол орон тайван замаар хувьсгал хийж нийгмийн системээ өөрчилсөн нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гайхам үйл явдал байлаа. Тэр үед та бидэнд гудамжинд гарч жагсаал цуглаан хийх байтугай нийгмээ өөрчлөх түүхэн их хувьсгалын талаар анхан шатны мэдлэг туршлага байгаагүй. Ард түмэн эвлэлдэн нэгдвэл ямар их хүч болдог талаар ч төдий л сайн ойлголт байсангүй. Харин бидний амьдарч байгаа нийгэм маань нэг л болж бүтэхгүй байна, өөрчлөн шинэчлэх хэрэгтэй гэсэн дэврүүхэн хүсэл, зангирсан их зориг хүч л байлаа. Ард түмэн гэдэг ямар агуу их хүч байдгийг та бидний хамтдаа туулсан хорин жил батлан харуулж байна.

Өнөөдөр та бид Ардчилсан чөлөөт Монгол эх орондоо хэнээс ч хараат бус амьдарч, эх орныхоо гэгээн маргаашийн төлөө хөдөлмөрлөж явна. Өнгөрсөн хорин жилд бидэнд алдаа байсан уу гэвэл байсан. Хамгийн гол нь, өнөөдөр та бид зорьж, зүтгэж байгуулсан Ардчилсан нийгмийнхээ үр шимийг хүртэн амьдарч байгаа нь л чухал юм.Энэ бол та бидний хамтдаа байгуулсан их ялалт юм.Ардчилсан хувьсгалын төлөө амь бие, ар гэрээ умартан тэмцсэн олон сайхан нөхөд маань өнөөдөр та бидний дунд байхгүй ч тэдний байгуулсан мөнхийн гавьяагаар Монгол орны маргааш улам гэрэлтэн туяарах болно. Ардчилсан хувьсгалын баатрууд, МоАХ-ны нийт гишүүд дэмжигч, Монголын ард түмэн та бүхэндээ баярын мэнд дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УИХ-ын гишүүн, Монголын Ардчилсан Холбооны дарга Х.Баттулга

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.