“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн төсөл удахгүй бэлэн болно
2010.03.02

“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн төсөл удахгүй бэлэн болно

Улаанбаатар хотын агаарыг цэвэрлэх цогц арга хэмжээний “Утаагүй Улаанбаатар” Үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн хуралдаан боллоо. Ерөнхий сайдын  захирамжаар байгуулагдсан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхээр ахлуулсан Ажлын хэсэг “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн төслийг боловсруулсан тухайгаа Ерөнхий сайдад танилцуулав.
Ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дараах шалтгаанаас үүдэлтэй хэмээн дүгнэсэн байна. Үүнд:

  • Түүхий нүүрсийг их хэмжээгээр хэрэглэдэг,
  • Автомашины утаа тортог  их,
  • Хотод тоосонцор ихтэй,
  • Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3-6 дахин бага болсон,
  • Хог хаягдал ихтэй байгаа зэрэг шалтгааны улмаас хамгийн бохир нийслэлийн нэгд тооцогдох болжээ.

Иймээс гэрийн зуух, нам даралтын зуухыг шинэчлэх, тээврийн хэрэгслийн талаар тусгай бодлого боловсруулах, орон сууцжуулах, шилжилт  хөдөлгөөнийг сааруулах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, “100 сумын шинэ төв” бодлогыг хэрэгжүүлж, хот руу чиглэсэн нүүдлийг зогсоох, шинээр зам, гүүр барих зэрэг цогц арга хэмжээ авахаар тусгасан байна.

“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хотын агаарын бохирдлыг 2010-2012 онд 30 хувь, 2013-2016 онд 50 хувиар бууруулахаар тооцоолжээ.

Үүнд нийтдээ 18.8 их наяд төгрөг шаардагдах тооцоо гарсан байна.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт түүхий нүүрсний хэрэглээг багасгах, боловсон түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, цаашдаа түүхий нүүрсний хэрэглээг халах, сайжруулсан загварын зуух хэрэглэх, цэвэр түлшний ахуйн хэрэглээг нэмэгдүүлэх, цэвэр түлшний нөөцийн сүлжээ бий болгох, түүний үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, 2-р цахилгаан станцыг түшиглэн коксжих нүүрсний үйлдвэр байгуулах төсөл хөтөлбөрөө танилцуулав. Дараа нь  ажлын дэд хэсгийн ахлагч нар чиглэсэн асуудлаараа танилцуулга хийж, ажлын хэсгийн гишүүд санал бодлоо илэрхийлэв.

Ерөнхий сайд Ажлын хэсгийнхэнд хандаж үүрэг өглөө. Тэрбээр “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах нь нийт Монголчуудын хамтын хүчээр шийдвэрлэх асуудал бөгөөд энэ ажилд  Засгийн газар манлайлах үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Агаарын бохирдлыг бууруулах талаар олон жил ярилаа. Олон ч арга хэмжээ авсан. Гэвч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Агаарын бохирдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Одоо холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулж цогц байдлаар ажиллах хэрэгтэй. Ажлын хэсэг тодорхой, алсыг харсан, олон талаас нь хандсан төсөл боловсруулсан байна. Энэ бол сайн хэрэг. Харин үүнийг цаасан дээр үлдээчихэж болохгүй. Ажил болгох ёстой. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим нь тодорхой байж шинжлэх ухааны үндэстэй судалгаа, тооцоотой хандаарай. Эдийн засаг болон захиргааны хөшүүрэг хэрэглэхдээ урамшуулал, хариуцлагын хэлбэрийг хамтад нь авч үзэх хэрэгтэй юм. Түүнчлэн шинэ Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гадны туршлага, технологийг ашиглах шаардлагатайг мартаж болохгүй. Хөтөлбөрөө эргэн сайн харж нягтлан үзээд тооцоо судалгаагаа нарийн гаргаад ойрын үед Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх хэрэгтэй. Дөрөвдүгээр сард багтаж УИХ-д оруулан хэлэлцүүлэхээр тооцон ажлаа амжуулаарай хэмээн үүрэг өгөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.