2010.01.14
Зуун өрх утаагүй зуухтай боллоо
Баянгол дүүргийн 16-р хороон дээр өнөөдөр ӨМӨЗО-ны мэргэжилтнүүд, Байгаль орчныг хамгаалах холбооны мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн бүрэн шаталт бүхий LG-100/SC-MB төрлийн зуухны туршилтын төслийн ажлын нээлт боллоо.
Энэхүү нээлтийн ажиллагаанд БОАЖЯ-ны Л.Гансүх сайд “Дэлхийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгаруулалтаар Монгол улсын эзлэх хувь бага боловч бид хүлэмжийн хийг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хэрэгтэй байгаа юм. Иймд бид нэгэн шинэ төрлийн зуухыг хэрэглэж туршиж үзэхээр энд цуглаад байна” гэлээ.
Монголын ус цаг уурын нийгэмлэг, ӨМӨЗО-ны Байгаль орчныг хамгаалах холбоотой хамтран сүүлийн хоёр жилд явуулсан туршилтын ажилд БОАЖЯ байнга анхаарал хандуулан дэмжсээр ирсэн байна. Хятадын элчин сайдын яам, Нийслэлийн агаарын чанарын алба дэмжиж 16-р хороонд утаагүй зуухнуудыг туршиж байгаа юм байна.
Баянгол дүүргийн 16-р хорооны 11-13 дугаар гудамжинд энэ төслийг хэрэгжүүлж байна.
БОАЖЯ-ны сайд Л.Гансүхээс зуухны талаар дараах тодруулгыг авлаа.
-Яагаад заавал энэ зуухнуудыг Баянгол дүүргийн 16-р хороонд туршиж байгаа юм бэ?
-Баянгол дүүргийн 15 болон 16-р хороо нь өндөрлөг газар байрлаж, өндөрт утаа их байна. Иймд туршилтын зуухаа энэ хороонд хэрэглэхээр сонгосон юм.
-Энэ зуухнууд ямар үнэ өртөгөөр орж ирж байна вэ?
-Эдгээр зуун зуух ӨМӨЗО-ноос хандиваар орж ирсэн. Хэрэв энэ зуух туршилтаар үр дүнтэй нь нотлогдоод үр өгөөжөө өгвөл бид худалдаж авна.
-Зуух маань өмнөх зуухнуудаас юугаараа онцлог вэ?
-Байгальд ямар нэгэн хор хөнөөлгүй. Энэ зуухны утааны 80 хувь нь дотроо шатаад энерги болгож зарцуулдаг, бүрэн шаталттай гэдгээрээ онцлогтой. Энэ төрлийн зуухыг Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд өргөн хэрэглүүлснзэр агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Монголын ус цаг уурын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Байгаль орчны гавъяат ажилчин, доктор Т.Түвдэндорж “Манай зохион бүтээгчид утаагүй түлш, утаа багатай зуух зохион бүтээгээд арав гаруй жил болсон ч үр дүнд хүрээгүй л байна. Улаанбаатарын утаа ч багасаагүй байна. Харин ӨМӨЗО-ны байгаль орчныг хамгаалах мэргэжилтнүүдийн хийсэн энэхүү зуух нь манай мэргэжилтнүүдийн болоод гадаадын зуухнуудаас хийц зарчмын хувьд өөр байгаа” гэсэн юм.
Өмнө нь энэ төрлийн зуухнуудыг хоёр гурван төрлөөр нь Баянзүрх, Сүхбаатар дүүргийн айл өрхөд хэрэглэж туршиж үзсэн. Тэгэхдээ улам сайжруулж, энэ эцсийн хувилбар. Мөн энэ зуух нь ямар ч төрлийн түлшийг хэрэглэх боломжтойгоороо давуу талтай байгаа аж. Энд хүмүүст танилцуулах журмаар зургаан зуухыг галласан байв. Яндангаас нь ямар нэгэн утаа гарахгүй байгаа нь харагдсан юм.
БОАЖЯ-ны сайд Л.Гансүх Нийслэлийн агаарын чанарын албаныхан энэ ажилд туйлын хариуцлагатай хандаж, хяналт, мониторингийг тогтмол явуулах хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэсэн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.