Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна
2009.12.09

Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна

Улаанбаатар хот хамгийн их тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулах талаар гадаадын тусламжийн байгууллагатай хамтран ажиллаж, цогц бодлого боловсруулахаар боллоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд Японы олон улсын Жайка байгууллагатай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг.

Дотоод нөөц боломжоо ашиглан багагүй ажил зохиож байгаа ч гадаадын улс орон, тусламжийн байгуулагуудын туслалцааг ч авах шаардлагатай байгаа юм. Нийслэлийн агаарын бохирдлын 90 гаруй хувийг гэр хорооллын утаа эзэлдэг гэсэн судалгаа байдаг бөгөөд гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний галлагаа, зохицуулалтгүй шилжилт хөдөлгөөн, оршин суугчдын ядуурал нь гол шалтгаан болдог байна. Иймд Нийслэлээс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, түлшний бүтцийг өөрчлөх, нам даралтын уурын зуухнуудад технологийн шинэчлэл хийх, стардартаас өндөр хэмжээнд утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг арга хэмжээ авч байгаа. Гадаадын улс орнуудын туршлагаас харахад агаарын бохирдлоос салахад доод тал нь 5-10 жил шаардагддаг агаад Жайкатай хамтран ажиллаж, иж бүрэн судалгаа хийснээр Улаанбаатар хот ч гэсэн мөн ийм хугацааны дараа утааны асуудлаа шийдвэрлэсэн байх боломжтой гэж талууд үзэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.