Г.Баярсайхан: Хотод хөрөнгө оруулах асуудал ус агаар мэт дутагдаж байна.
2011.10.20

Г.Баярсайхан: Хотод хөрөнгө оруулах асуудал ус агаар мэт дутагдаж байна.

УИХ-ын гишүүд төсвийн тодотгол хийх нь зөв буруу гэж маргасаар байгаа. Зарим нэг нь он дуусах гэж байхад тодотгол хийх нь улсын мөнгийг үр ашиггүй зарцуулна гэж үзэж байгаа бол зарим нь зайлшгүй хийх хэрэгтэй гэж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Нэлээн хожуу тодотголоо хэлэлцэж байна гэсэн яриа байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Төсвөө тодотгох асуудал оройтож байна гэсэн шүүмжлэл гарч байгаа л даа. Гэхдээ өмнөх парламент, Засгийн газрын үед төсөвтөө тодотгол хийх асуудлыг арван сард оруулж л байсан. Тиймээс ямар нэгэн байдлаар буруутгах гээд байх шаардлагагүй гэж бодож байна. Ерөнхийдөө зайлшгүй тодотгох шаардлагатай.
-Яагаад?
-Хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн нийслэл хотод тулгамдсан асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатай. Энэ утгаараа эргэн төлөх нөхцөлтэйгөөр олон ажил эхлүүлсэн, бас гүйцэтгэсэн байгаа. Ядаж төлбөрийг нь өгөх хэрэгтэй болно. Тодруулбал, зам барилга, гүүр гээд олон ажил хийчихсэн. Хамгийн гол нь, үүгээр бүх асуудал шийдэгдэхгүй. Цаашид хийж, хэрэгжүүлэх олон ажил бий. Гэтэл хөрөнгө оруулалт, төсөв нь маш бага байна.
-Тусгаж буй хөрөнгө мөнгө нь чамлалттай байна гэсэн үг үү?
-Тийм. Сая гаруй хүн амтай хотоос илүү хөдөө орон нутаг руу анхаарал хандуулаад байна. Улаанбаатар хотын асуудлыг шийдэж, хөгжүүлэх асуудалд чиглэсэн бодлого гарган хөрөнгө мөнгийг нь шийдэх тал дээр хойрго байна даа.
Төсөв нь хүрэлцдэггүй болохоор нийслэлээс сонгогдсон гишүүд хотын мэртэй уулзаж, тойрогт зарцуулах тэрбум төгрөгөө ч өгөх уриалга гаргасан.

Нэг иймэрхүү байдлаар явж байна. Ер нь, төсвийн хөрөнгийн ихэнх хувийг бүрдүүлдэг нийслэлд яагаад багахан хэсэг нь ногдох ёстой юм бэ. Дусал дуслаар амсуулж байгаа болохоор өнөөдөр хотын асуудал огт шийдэгдэхгүй явна.
-Энэ удаагийн тодотголоор хэр хэмжээний хөрөнгө тусгахаар оруулсан бол?
-21 аймагт л их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байна. Ганц аймгийн дайнд хүрэхтэй үгүйтэй нь хотод. Ийм байж болохгүй шүү дээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.