С.Баярцогт: УИХ-ын гишүүдийн нэг тэрбумыг шингээсэн зүйл байхгүй
2011.10.19

С.Баярцогт: УИХ-ын гишүүдийн нэг тэрбумыг шингээсэн зүйл байхгүй

Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсон тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэлэлцэж байна. 2013 оноос хүчин төгөлдөр болох  төсвийн шинэчлэлээр ерөнхийлөн захирагчдын эрх үүргийг тодорхой болгож орон нутгийн эрх мэдэл нэмэгдэнэ гэж ярьж байна. Төсвийн шинэчлэлийн талаар Сангийн сайд С.Баярцогттой ярилцлаа.
-Төсөвт рефорумын томоохон шинэчлэл хийнэ гээд байгаа ч тодорхой ойлгомжтой тайлбарлаж өгөхгүй юу?

-Одоогоор төсвийг хоёр хуулиар зохицуулдаг. Төсвийн болон төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулиудын зарим заалт хоорондоо зөрчилдөөд таардаггүй. Тэгэхээр энэ хуулиудын нэг болгож байгаа. Мөн төсвийн одоогийн хуулиар төрөөс татаас эргүүлэн олгодог. Татан авсан хөрөнгөө эргээд татаасаар хуваарилдаг гэсэн үг. Шинэчилсэн хуулиар Орон нутгийг хөгжүүлэх сан гэж тусад нь гаргаад бүх аймаг, орон нутаг биеэ даах юм. Өөрөөр хэлбэл нэг аймаг өмнө нь өөрийн орлого болон улсын төсвөөр санхүүждэг байсан бол дор хаяж нэгээс  гурав орчим тэрбум төгрөгийг илүү санхүүжилтыг бүрдүүлэх боломжтой болж байна. Орон нутгийн чиг үүргийг тодорхой болгоод нэмэлт зүйл шаардлагатай болоход төсвийг нь дагалдуулах ёстой болж байна. Үүнийг дагаад  хариуцлагын томилгоог цуг шийдэх ёстой. Энэ хууль бидний өргөн барьснаар батлагдвал орон нутаг бүрэн биеэ даана. Хууль хэрэгжээд ирэхээр орон нутгийг биеийг нь даалгах нь зөв байж уу гэдэг нь харагдана. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай  хуулиар яаманд тендер зарлагдахгүй, орон нутаг өөрсдөө шийднэ. Харин томоохон улсын хэмжээний тендер яам, агентлаг дээр зарлана.

-Төсвийн хуулийн шинэчлэлээр шинэ агентлаг байгуулах болж байна. Хуулийн төсөлтэйгээ зэрэг  яригдах ёстой. Одоо ямар шатандаа явж байна?

-Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хэлэлцэх юм. /өнөөдрийн/ Дараа нь УИХ-аар хэлэлцүүлнэ.

-Ирэх жилээс Улаанбаатар хот улсын төсөвт татаас төлөхгүй биеэ даах болж байгаа гээд байгаа. 2012 оноос ингэж явахад бэлэн үү?

-Шинэчилсэн хуулиар нийслэлээс төсөвт хөрөнгө татан төвлөрүүлэхээ больж байгаа. 2011 оны төсвийн төгсгөлд эхлүүлээд 2012 оны төсөвт бүрэн шилжүүлэх юм. Энэ хууль Үндсэн хуулийн хэмжээний том хууль учраас маш их хэмжээний шилжилтийг шаардана.

-Төсвийн шинэчилсэн хууль 2013 оноос мөрдөж эхэлнэ гээд байгаа гэж үү?

-2012 оны долдугаар сараас хууль хүчин төгөлдөр болоод 2013 оны төсвийн жилээсээ бүрэн хэрэгжих юм.

-Төсвийн бодлогод иж бүрэн рефорум хийнэ гэж  байгаа. Энэ хууль батлагдсанаар  бүрэн шинэчлэл хийлээ гэж хэлж болох уу?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль буюу хамгийн том малгай хуулиа бид гаргачихсан. Үүнээс салбарлах нэгдсэн төсвийн хууль, худалдан авах хуулиуд байгаа. Ингэснээр сонгуулийн хуульд  оруулсан шиг бэлэн мөнгөний амлалтыг байхгүй болгож, бусад хуулиудад байгаа төсвийн зохицуулалтыг  нэгтгэж байна.

-Яагаад заавал 2013 оноос хэрэгжих гэж. Энэ жилээс төсөвт их хэмжээний мөнгө төвлөрсөн. Тиймээс 2012 оноос хэрэгжүүлж болдоггүй юм уу. Эсвэл сонгуулийн жилийн төсөв орж ирж байгаа болохоор уу?

-Засгийн газрын саналаар 2011 оны төсвөөс шинэчлэлийг  хэрэгжүүлэх байсан. Би түрүүн хэлсэн. Үндсэн хуулийн дараа орох хэмжээний зохицуулалттай томоохон хууль гэж. Тэгэхээр маш их хэмжээний ойлголцол, хэлэлцүүлэг, сайн муу олон туршлагыг ярих ёстой. Мөн орон нутгийн хэмжээнд бүсчилсэн уулзалт ярилцлага хийж байна. Хууль батлагдсаны дараа ч энэ ажил өрнөх хэрэгтэй. Энэ бүгдээс шалтгаалан хойшилж байна. Дээрээс нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гэсэн шинэ хууль  гаргаж энэ хуультайгаа уялдуулах юм. Энэ хуулийг Засгийн газраар хэлэлцэж эхэлсэн.

-2012 оны төсөв сонгуулийн амлалт барагдуулж байгаа мэт  харагдавч хувь хүнд хүртээлгүй, ажлын байр нэмэгдүүлэхгүй данхайлсан боллоо гэж иргэд, эдийн засагч нараас шүүмжлэл гараад байгаа. Шинэчлэл хэрэгжихгүй болохоор ирэх оны төсөв үрэлгэн байдлаар дуусах нь гэж ойлгож болох уу?

-Монгол Улсын төсөв ил тод байгаа. Цаашдаа улам ил тод болно. Төсвийн ил тод байгууллагын санаачлага гэсэн олон улсын байгууллагад нэгдсэн. Энэ  байгууллагын үзүүлэлтээр өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрсэн байгаа. 2012 орны төсөв батлагдсаны дараа төсвийн бүх байгууллага үүдэндээ хуваарилагдсан төсвийн орлого, зарлага, өөртөө хамааралтай худалдан авалт гээд бүгдийг ил тод зарладаг байх журам гарч байгаа. Мөн төсөв, худалдан авалттай  холбоотой цахим хуудас ажиллана. Тэгэхээр төсвийн бүхий л мэдээлэл энгийн, ил тод, хүртээмжтэй байх болно. 2012 оны төсөв нэлээд өсөлт авчирсан жилийнх болохоор том байгаа. Энэ хэрээр урсгал зардал нь нэмэгдэж байгаад тэтгэвэр тэтгэмж эзэлж байгаа. Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг дагаад 700 тэрбум төгрөгийн нэмэгдэл орж ирсэн. Цалинг нэмэхдээ хамгийн орлоготойд нь 2,5 дахин буюу 2008 оноос тооцон нэмэгдүүлэхээр болж байгаа. Хүний хөгжил сангаас иргэн бүрт оногдох 500 мянган төгрөг, тодорхой иргэдийн хувьд бэлэн бусаар олгох  мөнгийг бэлнээр олгох болсонтой холбогдуулаад 600 орчим тэрбум төгрөг нэмэгдэж байна. Үүнээс болж урсгал зардал нэлээд өссөн. Гэхдээ энэ бүхэн хүний төлөө, хүний орлогыг  нэмэгдүүлсэн төсөв болж байгаагаараа  өмнөх төсвүүдээс онцлоготой. Монгол Улс үнэхээр боломжтой болж байгаа бол хүнийхээ хөдөлмөрийн үнэлэмж, өрхийг орлогыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах юм.

-2012 оны төсвийг боловсруулахдаа УИХ-ын гишүүдээс санал авсан гэж байсан. УИХ-ын гишүүний нэг тэрбум төгрөг төсөвт өөр хэлбэрээр шингэж байна гэсэн хардлагыг дагуулж байна?

-Тийм зүйл болоогүй. Хуулиа өргөн барьсны дараа УИХ-ын гишүүдээс асуух, санал авах зүйл байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.