Д.Зоригт: Ажлын гүйцэтгэлд шалгалт хийхэд зүрх өвдмөөр зөрчил илэрсэн
УИХ-ын Эдийн засаг, Хууль зүйн байнгын хороо өчигдөр хамтран хуралдаж, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хаалттай хэлэлцсэн юм. Дараа нь Эдийн засгийн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, УИХ-ын гишүүн П.Алтангэрэлээс Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг сонссон юм.
Манай улсад урьдчилсан тооцоогоор 1.5 тэрбум баррель нефтийн нөөц бий гэсэн судалгаа байдаг аж. Дорнод аймгийн Матад сумын Тамсагбулагийн 19, 22 дугаар талбайд 200 сая баррель нефтийн нөөц тогтоогдсон байна. Харин 26 талбайгаас 25-д нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ, Нийт гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн 37 .сувь нь Хятадын хөрөнгө оруулалттай, 37 хувь Монгол, үлдсэн нь Канад, Швейцарийн компаниуд гэнэ. Газрын тосны газрын дарга Д.Амарсайханы хэлж буйгаар Матадад "Дайчин Тамсаг Монгол" компани 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж. бүтээгдэхүүн хуваах гэрээг ,993 онд байгуулж, одоо 19, 21, 22 дугаар талбайд хайгуул хийж байгаа гэнэ. Харин 22 дугаар талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээ нь дуусгавар болсон байна.
Харин нутгийн иргэдийг дунд хятад иргэдийн хэдэн зуугаар нь ажиллуулж, тооцоолсноос их хэмжээний бүтээгдэхүүн гаргадаг гэсэн хардлага байдаг аж. Тэрээр энэ талаар хэлэхдээ "Засгийн газар хятад ажилчдын асуудлыг хэлэлцэн 3900 болгон бууруулсан. Түүхий нефтийн дээжийг ачих, гаргах зэрэгт мэргэжлийн хүмүүс хяналт тавьдаг" гэв.
Харин энэ онд нутгийн 860 иргэнийг гэрээгээр ажиллуулж байгаа аж. Гэвч тэдний цалингийн дээд хэмжээ 280 мянган төгрөг. Учир нь зуучлагч компаниуд зуучилсны хөлс авдагаас ийн бага цалин авдаг ажээ.
Энэ үеэр гишүүдийн зүгээс дотооддоо нефьт боловсруулах үйлдвэр барих санал гарч байсан. Чойр, Дархан-Уул аймагт жилд арван сая баррель нефть боловсруулах үйлдвэр барихаар ярьж байгаа ч тухайн компанидаа ашиггүй гэдгийг албаны хүн дуулгав. Харин гишүүдээс заавал том гэлгүй дунд зэргийн хүчин чадалтай үйлдвэрийг олборлох нөөцийн хэмжээндээ тохируулан байгуулж, зүүн бүсийн шатахууны хэрэглээг хангая гэсэн санал гарч байв.
Мөн өдрийн хуралдаанаар Дорнод аймгийн Матад суманд нар салхи хосолсон цахилгаан эх үүсвэр байгуулах ажлын талаарх асуулгын хариуг сонсов. Тус сумын нутагт байгуулах, иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор 2007 оны аравдугаар сард 890 сая төгрөгийн өртөгтэй ажил эхэлсэн байна.
Дээрх ажил 2008 оны гуравдугаар сард дуусах байсан ч өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа аж. Мөн суурилуулсан тоног төхөөрөмж нь ашиглалтад ороогүй байхдаа эвдэрсэн аж.
Ийм төрлийн цахилгаан үүсгүүр бий болгох ажлыг ганцхан Матад суманд бус Баянхонгор, Хэнтий зэрэг аймгийн 12 суманд байгуулахаар 70 тэрбум төгрөг төсвөөс гаргасан байна. Гэвч өнөөдөр нэг нь ч 100 хувь ажилладаггүй, улсын комисс ч хүлээн авдаггүй гэнэ.
Төсвийн мөнгийг салхин цахилгаан станц байгуулах ажилд хийсгэсэн талаар салбар хариуцсан сайд Д.Зоригт хүлээн зөвшөөрч байв. Засгийн газрын 2007 оны 50 дугаар тогтоолоор эрчим хүчний төслүүдийг холбогдох хуулийн заалтыг үндэслэн шууд гэрээ хийх аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна. Тухайн үед Түлш эрчим хүчний сайдаар ажиллаж байсан эрх мэдэлтэн тушаал гарган "Баян констракшн' компанитай НСЦС-07/05 дугаартай түлхүүр гардуулах гэрээний нөхцлөөр Дорнод аймгийн Матад суманд 120 квт-ын хүчин чадалтай нар, салхи хосолсон станц барих эрх олгожээ. Нийт төсөвт өртөг нь 890 сая төгрөг. Станцыг хүлээн авахаар 2008 онд улсын комисс хоёр удаа очсон ч шаардлага хангаагүй гэнэ.
Энэ үеэр салбар хариуцсан сайд "Дорнод аймгийн Матад суманд 790 гаруй сая төгрөгөөр нар, салхины станц барих ажлыг "Баян констракшн" компанид шууд гэрээгээр өгсөн байдаг. Мэргэжлийн биш барилгын компанид эрх олгосон. Байгуулсан станц нь ашиглалтад ороо ч үгүй байж том зөрчил илэрсэн. Уг ажилд хариуцлагагүй хандсан төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэг өгсөн ч хариу ирээгүй байна. Энэ оны гуравдугаар сараас эхэлж тендерээр хийгдсэн ажлын гүйцэтгэлд шалгалт хийхэд зүрх өвдмөөр зөрчил илэрсэн. Ирэх онд эдгээр компанийг шүүхэд шилжүүлэн төсвийн мөнгийг буцаан авах арга хэмжээ авна" гэв.
Харин тус яамны газрын дарга Т.Цэвээнпүрэвийн хэлж буйгаар сэргээгдэх эрчим хүчээр хангах 20 гаруй сум байгаа. Мөн Матад суманд нар, салхины цахилгаан станц байгуулсан "Баян констракшн "компани сэргээгдэх эрчим хүчний зөвшөөрөлгүй. Шөнийн дотор 70 тэрбум төгрөгийн шууд гэрээ байгуулсан аж. Тухайн үед Б.Эрдэнэбат сайдад шууд гэрээ байгуулах нь учир дутагдалтай. Төсвийн мөнгийг үрэн таран хийх боломж олгоно. Буух эзэнгүй болно гэдгийг сануулсан ч тэрээр ул тоожээ.