Төв аймгийн цагдан хорих төв хүн тамладаг газар биш
2012.04.18

Төв аймгийн цагдан хорих төв хүн тамладаг газар биш

Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төв байрны үйл ажиллагаатай манай сонины сурвалжлах баг танилцаад ирлээ.
Үүдэндээ “Цагдан хорих байр” гэсэн тодоос тод хаягтай хоёр давхар байшин цаанаа л нэг хүйтэн. Энэ байранд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийг хорьдог. Өнгөрөгч баасан гаригаас эхлэн Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг энд цагдан хорьж байгаа юм. Тиймээс ч харуул хамгаалалт чангарсан бололтой, бүсэд нь хүн ойртуулахгүй, алхам тутамд эргүүл ажиллаж байна. Биднийг очиход бичиг баримт шалгаж, богино холбоогоор мэдээлж дотогш нэвтрүүллээ. Аймгийн цагдаа, шүүхийн шийдвэрийнхэн сонор сэрэмжээ өндөрсгөжээ. Экс Ерөнхийлөгчийг тэнд хоригдсоноос хойш тус газрын ойр орчмоор эргэлдэж, ажиглалт хийж буй хүмүүс олширсон гэнэ.

Юун түрүүнд бид тус байрны орчин нөхцөлийг сонирхлоо. 1996 оноос өмнө тус аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байр сав хүн тогтоход тун хэцүү байсан гэдэг. Тухайн үед гэмт этгээдүүдийг цагдан хорьж байсан газар доорхи байрыг өнөөдөр агуулахын зориулалтаар ашиглаж байгаа аж. Цагдан хорих өрөө газар дор байрладгаас байгалийн гэрэл муу тусдаг, улмаар хоригдогсод чийг бам өвчинд өртөх нь хэвийн үзэгдэл байжээ. Харин 2002 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу бүтэц зохион байгуулалтыг нь өөрчилжээ. Улмаар цагдаагийн харьяанд байсан Цагдан хорих төв ШШГЕГ-ын мэдэлд ирсэн байна. Одоогийн байдлаар Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 36 албан хаагчтай бөгөөд захиргаа санхүү, цагдан хорих байр, шийдвэр гүйцэтгэл гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан шинэ байрны орчин нөхцөл ч сайжирчээ. Сэжигтэн, яллагдагчид хоёр давхарт хоригдож байлаа. 1-17 дугаар өрөөнүүд баруун талдаа, 18-25 дугаар өрөөнүүд зүүн жигүүрт байрладаг.

Энэ өрөөнүүдийн нэгд экс Ерөнхийлөгч хоригдож байгаа аж. Энгийн нүдээр харахад нийслэл дэх хэдэн эрүүлжүүлэх байрнаас хавьгүй дээр юм билээ. Тэнд янз бүрийн ааш авиртай, төрөл бүрийн давхаргын хүмүүс ирдэг учраас өрөө болгонд жижиг дэглэм байдаг л байх. Гэхдээ орох үүднээсээ эхлээд бүх хаалга, давхрууд төмөр сараалжин хамгаалалттайг эс тооцвол хүмүүсийн ярьдаг шиг айдас төрүүлмээр зүйл харагдсангүй. Байр нь байгалийн гэрэл, агаар салхи орох боломжтой бөгөөд дотроо бие засах газар, цэвэр усаар хангах угаалтууртай дөрвөн хүний ор бүхий 25 өрөөтэй юм байна. Мөн хоригдож буй сэжигтэн болон гэмт хэрэгтнүүдийг өдөрт хоёр удаа халуун хоолоор хангаж, өөрсдийнх нь хүсэлтээр ар гэрээс нь дансанд тодорхой хэмжээний мөнгө байршуулан ойр зуурын хэрэглээний зүйл авч өгч үйлчилдэг ажээ. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр өнөөдрийн байдлаар дөрвөн хүн байрлах өрөөнд ганцаараа байгаа бөгөөд өдөр бүр өмгөөлөгч болон АТГ-ын албан хаагчид ирж түүнтэй уулзаж байгаа гэнэ.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын биеийн байдлын талаар Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ц.Болдтой ярилцсанаа хүргэе.

-Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг эрүүдэн шүүх зорилготойгоор энд авчирсан гэх мэдээлэл ар араасаа гарсаар байна. Үүнд Та тайлбар өгөхгүй юу?
-Өөрийгөө хүний эрхийн хуульч гэдэг М.Ичинноров гэх эмэгтэй ийм мэдээлэл хийсэн байна. Түүнийг хэдэн оны үйл явдал яриад байгааг үнэндээ ойлгохгүй байна. Өнөөдөр Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орон. Мөн Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцид нэгдээд 12 жил болж байна. 2002 онд цагдан хорих байрыг цагдаагийн харьяаллаас гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай нэгтгэсэн. Улмаар засварт оруулж олон улсын стандартын дагуу шинэчилсэн. Манай байгууллага хоригдож байгаа хүний эрхийг дээдлэх талаар олон ажил санаачилж хэрэгжүүлсэн. Тийм ч учраас олон улсын жишигт нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн хорих байгууллага болсон. Олон улсын хүний эрхийн үндэсний комисс, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагууд манай үйл ажиллагаатай танилцаад дээрх дүгнэлтийг өгсөн юм. Өнөөдөр М.Ичинноров гэх хүний яриад байгаа шиг Төв аймгийн Цагдан хорих төв хэрэг хүлээдэггүй хүнийг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэдэг газар биш гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Манай байгууллагад хэргээ хүлээхгүй хүнийг тамлан зовоож зодсон асуудал нэг ч байхгүй.

-Ер нь нэг иймэрхүү яриа яваад байдаг л даа. Төв аймгийн Цагдан хорих төв аймаар гэж...?
-Түрүүн хэлсэн, энд хүнийг тамлан зовоодог газар биш. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Хуулиас гадуур нэг ч зүйл байхгүй. Зөвхөн хуульд заасныг биелүүлдэг. Төв аймгийн Цагдан хорих төвд хэрэг хүлээлгэх гэж эрүүдэн шүүдэг, аавын хүүгийн шүүсийг шахдаг гэх ам дамжсан яриа байдаг. Өмнө нь ямар байсныг мэдэхгүй. Өнөөдөр тийм зүйл байхгүй. Нэг хүн улстөрийн өнцгөөс хандаж төрийн үүргээ гүйцэтгэж байгаа байгууллагыг гүтгэж болохгүй. М.Ичинноров манай байгууллагыг ядаж ганц удаа ирж үзээсэй. Тэр хүн манай байгууллагын үйл ажиллагааг огт мэдэхгүй. Өмнө нь ирж байгаагүй. Өнөөдөр ч ирээгүй. Тийм атлаа мэддэг дүр эсгээд улстөр хийж хүний анхаарлыг өөртөө татах гэж оролдож байгаа нь утгагүй. Манай байгууллага хүний эрхийг дээдэлдэг гэдгийг энд ороод гарсан хүмүүс мэднэ.

-Хүний эрхийг дээдэлдэг гэлээ. Тухайлбал, энд нэг хүнд ногдох талбайн хэмжээ ямар байдаг вэ?
-Манайд хоригдож байгаа хүн хуулиар олгогдсон бүх эрхийг эдэлдэг. Энэ нь олон улсын жишигтэй ч нийцдэг. Нэг өрөө хоёр ам.метр зай талбайтай. 2007 онд байрандаа өргөтгөл хийж олон улсын жишигт нийцүүлсэн, өөрөөсөө байгалийн гэрэлтэй дотроо бие засах өрөөтэй. Мөн усны хангалтыг бүрэн шийдсэн.

-Үйл ажиллагаагаа хянуулдаг биз дээ?
-Манай үйл ажиллагаа прокурорын байнгын хяналтад байдаг. Хүний эрх зөрчсөн гэх гомдол ер нь гардаггүй.
-Экс Ерөнхийлөгчийг яг хэзээ танай хяналтад хүлээлгэж өгсөн бэ?
-Энэ сарын 13-ны 07.00 цаг өнгөрч байхад авчирсан.

-Түүнийг баривчлах үед гуталгүй явж байгаа харагдсан?
-Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хоригдсоны дараахан АТГ-ын байцаагч нар гутлыг нь авчирч өгсөн.

-Н.Энхбаяр хэдүүлээ хоригдож байгаа вэ?
-Тэр өрөөндөө ганцаараа байгаа. Төрийн тусгай хамгаалалтын газар, УЕПГ зөвшөөрсний дагуу телекамерийн хяналтад хоригдож байна.

-Яагаад хамгаалагчдыг буулгасан юм бэ?
-Хамгаалагчид ямар нэг гэмт хэрэгт сэжиглэгдээгүй. Тэднийг гэм буруугүй байтал хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнтэй хамт хориод байвал жинхэнэ хэлмэгдүүлэлт болно.

-Төрийн тусгай хамгаалалтад байсан хүнийг ийм, тийм нөхцөлд хорино гэсэн зохицуулалт танай байгууллагын тухай хуульд байдаг уу?
-Тийм эрхзүйн зохицуулалт байхгүй. Төрийн тусгай хамгаалалтад байсан хүн хэрэгт холбогдоод ороод ирвэл тийм нөхцөлд хорино гэсэн хуулийн ямар ч заалт байхгүй. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдгээр бусад хүний адил НӨХЦӨЛД хорьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн гээд бусдаас давуу эрх эдлэхгүй. Бид бүх хүний эрхийг дээдэлнэ. Цагдан хоригдож байгаа бүх хүнд ижил үйлчилнэ. Гэхдээ экс Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс ганцааранг нь хорьсон. Бусад сэжигтнүүд дөрөв дөрвөөрөө хоригдож байгаа.

-Н.Энхбаярыг авчирснаас хойш ар гэрийнхэн нь ирсэн үү?
-Ар гэрийнхэнтэйгээ уулзаагүй, ямар нэг эргэлт ирээгүй.

-Хэнтэй ч уулзаагүй хэрэг үү?
-Сэжигтэн, яллагдагч баривчлах, цагдан хорих тухай хуульд зааснаар хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр эргэлт, уулзалтыг оруулдаг. Бид бичиггүй хэнийг ч дотогш нэвтрүүлэхгүй.

-Өмгөөлөгч нь уулзсан уу?
-Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооны томилолттой өмгөөлөгч ирж байгаа. Ер нь өмгөөлөгч нь өдөр болгон ирж уулздаг. Өнөөдөр та нарын өмнөхөн ирээд явсан. Мөн түрүүхэн АТГ-ын ажилтнууд ирсэн.

-Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг цагдан хорих захирамж гаргасан байсан. Захирамж дээр хэд хоног хорино гэж заасан байгаа вэ?
-Сэжигтнээр цагдан хорих захирамж байсан. Ямар нэг хугацаа заагаагүй байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтнээр цагдан хорих хугацаа 14 хоног байдаг. Бид Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцдог хүмүүс биш. Зөвхөн цагдан хорих төвд хоригдож байгаа бүх хүний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Өнөөдөр шүүгч хорино гээд захирамж гаргасан бол бид түүнийг хорино. Цагийн дараа наад хүнээ гарга гэсэн захирамж гаргавал суллаад л явуулна. Түүнийг хэчнээн хугацаагаар хорихыг бид мэдэхгүй.

-Түүнийг ирсэн өдрөөсөө эхлэн өлсгөлөн зарласан гээд байсан ?
-Экс Ерөнхийлөгч өлсгөлөн зарлаагүй. Бидэнд ч өлсгөлөн зарлана гэж албан ёсоор хандаагүй. Энэ ташаа мэдээлэл байна. Тэр хоолоо идэж байгаа.

-Төрийн тэргүүн асан цагдан хорихоос өгч байгаа хоолыг идэж байгаа юу. Гадуур хоолонд нь хор найруулж өгөх гэж байна гэсэн мэдээлэл гараад байгаа?
-Н.Энхбаяр нийтийн хоол идэхгүй байгаа. Манай төлбөрт үйлчилгээгээр хэн ч үйлчлүүлж болно. Энэ журмын дагуу хоол захиалах эрхтэй. Н.Энхбаярын нэрийн дансанд мөнгө орж ирсэн. Тиймээс өөрөө хоолоо захиалж байгаа. Хоолны аюулгүй байдалд хоёр хоног тутамд Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьдаг.

-Эрүүл мэндийн хувьд ямар байгаа вэ?
-Манай Цагдан хорих төв нарийн мэргэжлийн эмчтэй. Сэжигтнийг авчрангуут эмчийн үзлэгт оруулсан. Ямар нэг өвчин илрээгүй. Түүний бие сайн байгаа. Уг хүн нь өөрөө их бие сайтай юм билээ. Сэтгэл санааны хувьд тайван байгаа.

-Иргэний хөдөлгөөний Г.Уянга түүнтэй уулзсан гэх мэдээлэл гарсан байсан?
-Энэ бас улстөржсөн худал мэдээлэл байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.