Сум бүрт цагдаагийн кобан барина
Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр Ж.Сүхбаатар, Д.Оюунхорол, Х.Тэмүүжин, Д.Тэрбишдагва нарын гишүүд алслагдсан сум суурин, нийслэлийн дүүрэг хороодод цагдаагийн кобан барьж байгуулахад зориулж 6 тэрбум төгрөгийг нэмж тусгах санал гаргаж, Байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 40 гаруй газар цагдаагийн кобан барьсан бөгөөд зарим нь төсөв хөрөнгө хүрэхгүйгээс барьж дуусаагүй байгаа талаар ХЗДХ-ийн сайд хэлж байсан. Сум бүрт нэг хэсгийн төлөөлөгч, нэг цагдаа байдаг. Ажиллахаар очиход амьдрах газар байхгүй, Засаг даргын Тамгын газрын байрны буланд ажлаа явуулдаг, ажлын нөхцөл хангалтгүй байдгийг харгалзан 2003 онд цагдаагийн кобаны үлгэрчилсэн зураг гарган, Төв аймгийн Баянчандмань суманд анх туршилтаар барьжээ. Хорооны кобан барихад 76 сая төгрөг, сумын цагдаагийн кобанг 46 сая төгрөгөөр босох тооцоо байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч цагдаагийн кобан барихаар тусгасан байна. Байнгын хорооны эрхлэх ажлын хүрээнд хамаарах асуудлуудад тусгахдаа нийт 40 кобаныг барихаар тусгасныг нэр бүхий гишүүдийн саналаар нэмж тусгахаар дэмжигдлээ.