2012.06.12
Ажилгүйдлийн түвшин буурав
Английн Төв банкны удирдлагууд 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр сүүлийн 7 сарын турш үргэлжлүүлээд байсан бонд худалдан авах үйл ажиллагаагааны 2 дугаар үе шатаа зогсоох шийдвэр гаргажээ.
Их Британий эдийн засаг хүндхэн нөхцөлд байгаа энэ үед мөнгөний бодлогоо хумих чиглэл рүү ийнхүү шилжиж байгааг судлаачид инфляцийн түвшин нэмэгдэх аюултай холбон тайлбарлаж байна. Английн Төв банк нь 2009 оны 3 дугаар сараас хойш хоёр үе шатлалтайгаар нийт 325 тэрбум фунт стерлинг (525 тэрбум ам.доллар)-тэй тэнцэх хэмжээний активыг худалдан авч эдийн засгаа дэмжих бодлогыг явуулж байснаа ийнхүү өндөрлөлөө.
Харин бодлогын хүүгээ тус банкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ удаад түүхэн доод түвшин болох жилийн 0.5 хувийн түвшинд хэвээр үлдээжээ. Эдийн засгийн өсөлт зогсонги байдалд ороод байгаа энэ үед мөнгөний тэлэх бодлогын гурав дахь үе шатыг үгүйсгэх аргагүй гэж үзэж буйгаа Confederation of British Industry хэмээх Их Британий нийт 200,000 гаруй бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн лоббигоос илэрхийлсэн. Их Британий инфляци 2012 оны 3 дугаар сарын байдлаар жилийн 3.5 хувьд хүрээд байгаа билээ. 2012 оны 4 дүгээр сарын байдлаар Их Британи улсад ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өмнөх сараас 13,700-аар буурч нийт 1.59 саяд хүрсэн нь сүүлийн нэг жилийн турш байгаагүй доод түвшин байсан тухай мэдээллийг 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Лондон дахь Статистикийн албанаас өглөө.
Блумберг агентлагийн түүвэр судалгаанаас харахад, судлаачид энэхүү үзүүлэлтийг буурах биш харин ч 5,000-аар нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байжээ. Хөдөлмөр эрхлэлтийн хувьд 2012 оны эхний улиралд 105,000-аар буюу мөн л сүүлийн нэг жилийн турш байгаагүй ихээр нэмэгдсэн билээ. Ийнхүү Их Британий хөдөлмөрийн зах дээрх байдал бага зэрэг сайжирснаар тус улсын ажилгүйдлийн түвшин 2012 оны 2 дугаар сараар дууссан гурван сарын хугацаанд 8.3 хувь байснаас буурч 2012 оны эхний улиралд 8.2 хувьд хүрчээ.
Гэсэн хэдий ч судлаачид болгоомжилсон хэвээр байна. Capital Economics Ltd. судалгааны байгууллагын эдийн засагч Vicky Redwood хэлэхдээ: “Цаашид эдгээр үзүүлэлтүүд буурна. Эдийн засгийн хямрал болох аюул бизнес эрхлэгчдийн итгэлийн түвшинд сөргөөр нөлөөлж улмаар ажлын байрны цомхотголд хүргэнэ. Одоогийн байдлаар хувийн секторт ажил олголт нэмэгдэж байгаа ч хөдөлмөрийн захыг бүхэлд нь харахад байдал өөр байгаа” гэж хэллээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.