Европт ажилгүйдэл өсч, Монголд буурав
Европын орнуудад ажилгүйдэл өдрөөс өдөрт эрчимжиж байна. Зөвхөн залуучуудын ажилгүйдэл гэхэд 2008 оны хямралаас хойш 50 хувь өссөн гэдэг мэдээллийг “The Guardian” дэлхий дахин түгээсэн. Европын комисс ч тэр нөхцөл байдлын хүлээн зөвшөөрчихөөд байгаа. Учир нь тэд аль хэдийнэ “Евро бүсийн залуусын 50 хувь нь ажилгүй байна” гэдэг дүгнэлтийг хийсэн юм. Гол нь Европын холбооны улс орнуудад ажилгүйдэл буурах бус харин жил бүр өсөх судалгааны дүн гараад байгаа. Харин манайд эсрэгээрээ. Испанид зөвхөн энэ оны гуравдугаар сард 40 мянган хүн ажилгүй болсон байхад Монголд зөвхөн он гарснаас хойш 70 мянган иргэн ажилтай болжээ.
Энэхүү бодит харьцуулалтын цаана аль орных нь эдийн засаг өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа нь тодорхой харагдана. Мөн иргэдийнх нь амьдралын өсч дэвжих боломж бололцоо нь ч бодитоор үнэлэгдэж буй. Нэг ёсны Монгол Улсын эдийн засгийн хурдацтай хөгжил дэлхийд тэргүүлж байгаачлан иргэн бүрийн амьдралд ахиц, дэвшил гарч байгаа нь бодит үнэн юм. Тоон үзүүлэлтийн тухайд 2009 онд 47.745, 2010 онд 53.620, 2011 онд 73.234 хүн ажилд орсон бол энэ онд өнөөдрийн байдлаар 70 мянган ажлын байр нэмэгдээд байгаа аж. Тодруулбал, жилдээ дунджаар 58,2 мянган ажлын байр шинээр нээгдэж байна гэсэн үг. Нийтдээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 240 мянган хүн шинэ ажилдаа оржээ.
Харин Европт эсрэгээрээ. Арга ч үгүй Европын орнуудад ядаж л манайх шиг шинэ барилга баригдахгүй байгаа. Мөн уул, уурхайн шинэ төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлэх нь ч ховор. Үйлчилгээний салбарыг нь цагаачдын арми эзэлчихсэн учраас евро бүсийн унаган иргэнд ажил олно гэдэг хүндхэн бэрхшээл байх нь гацаагүй. Монгол хүний тухайд өдөрт олон арван үйлчилгээний газар нээлтээ хийж, уул уурхайн томоохон төслөөд хэрэгжиж, барилгын салбар идэвхжиж ирсэн нь жинхэнэ утгаараа давуу тал. Иймээс ч ажил хийхийг хүссэн хүн бүрийн өмнө ажлын байр нээлттэй болж буй нь тодорхой юм. Харин голж шилээд эхэлбэл асуудал үүсэх нь ойлгомжтой.
Гол нь Засгийн газрын зүгээс ажилгүй иргэдийг шууд”Энэ чиний асуудал” гээд орхиогүйгээрээ давуу талтай. Зөвхөн малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт гэхэд бүх аймгийн 99 сумын 2600 гаруй иргэнийг хамруулсан. Мөн хөдөлмөрлөх хүсэлтэй, ажил олохгүй байгаа хүмүүст зориулан хөдөлмөрийн Төв бирж байгуулан ажилд зуучилж байгаа нь чамгүй үр дүнг авчирсан гэж болно. Ингэхдээ 2011 онд гэхэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг 2,6 дахин зузаатгаж, 30 тэрбумаар өсгөн давхардсан тоогоор 238 мянган хүнд хүрч үйлчилсэн удаатай. Энэхүү санаачилгынх нь үр дүнд ажилгүй иргэдийн тоо гуравхан жилийн дотор 240 мянгаар буурсан. Ямар ч байсан Засгийн газраас ажилгүйдлийг бууруулахын тулд мэргэжлийн сургалт явуулах, зуучлалын үйлчилгээ зохион байгуулах, чиг баримжаа, зөвлөгөө өгөх, жижиг зээл олгох, хууль, эрх зүйг нь шинэчлэх зэрэг олон талын санаачилга гаргаж, түүнийгээ хэрэгжүүлж чадлаа. Ажилгүйдэл 240 мянгаар буурлаа. Гэхдээ ажилгүйдлийг бууруулах зорилго нь маргааш ч дуусахгүй гэдэг нь ойлгомжтой.
Учир нь тэд Монгол Улсын насанд хүрсэн бүх иргэнийг ажилтай, орлоготой, ая тухтай амьдруулахын төлөө зорилгоо улам бүр тодруулж, зорилтоо улам бүр батжуулж байгаа нь энэ юм.
Европт арван хувиар өсөх ажилгүйдэл Монголд 300 мянгаар буурна
Ажилгүй иргэний сэтгэл зүйн дарамт дэлхий нийтийг “хаанчилж” байна. Европын орнуудад бүгсэн ажилгүйдэл Арабын орнуудыг ч тойрсонгүй. “Арабын хавар” нэрийн дор өрнүүлсэн хувьсгалт тэмцэл нь эдийн засгийн хөгжлөө татаж унагаажээ. Хэдийгээр зарим нэг оронд нь буун дуу зогсч, иргэд чөлөөтэй гарч орж болж байгаа унасан эдийн засгийг сэргээх нь амар ажил биш бололтой.
Нийт залуучуудынх нь 27 хувь нь ажлын байрны хомсдолд орчихож. Тэд буу үүрч, зэвсэглэн босохдоо ийм бэрхшээл үүсэхийг мартсан аж. Европын орнуудын хувьд зэвсэгт тэмцэлд босч ажлаа орхиогүй ч гэсэн шинээр байгуулж байгаа бүтээн байгуулалт, барилга байшин гээд байх зүйл үгүй учраас “Ажилгүйдэл эрчимжинэ” гэсэн ганцхан сонголт бий. Тийм ч учраас одоо 64,5 хувьтай байгаа ажилгүйдлийн хувь хэмжээ 2020 он гэхэд 75 хувьд хүрэх тооцоо гарсан байна. Тэгвэл Монгол Улсын хувьд эсрэгээрээ. Засгийн газар өнгөрсөн гурван жилийн хугацаанд 240 мянган ажлын байр шинээр бий болгож чадсан шигээ ирэх дөрвөн жилд 300 мянган монголчуудыг ажлын байртай, авдаг цалинтай болгох амлалт өгч байна. Энэ амлалт бол эрх баригч Ардын намын 2012-2016 онд хийж хэрэгжүүлэх ажлынх нь төлөвлөгөө. Ерөнхий сайд С.Батболдын ахалсан Засгийн газар “Гурван жилд 240 мянган хүнийг ажилтай болгож чадсан шигээ ирэх дөрвөн жилд 300 мянган хүнийг өлхөн гэгч нь ажлын байраар хангана” хэмээн амлаж байгаа нь энэ.
Үүнд мэдээж иргэн таны, сонгогч таны итгэл хэрэгтэй. Ардын намын УИХ-ын сонгуульд барьж орж буй “Миний Монголын хөтөлбөр”-ийнх нь “Хүн-Нийгмийн бодлого” гэсэн хэсгээ тэд “Тогтвортой орлоготой, тохиолог орон гэртэй, оюунлаг, эрүүл Монгол хүний төлөө” гэсэн бодит зорилго дор боловсруулсан юм билээ. Гол нь тэд тогтвортой орлоготой, тохиолог орон гэртэй, оюунлаг, эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэхийн тулд юун түрүүнд 300 мянган ажлын байр шинээр бий болгоно. Ингэхийн тулд Монгол орны үйлдвэржилтийн газрын зургийг шинэчилж, арван мянган үйлдвэр шинээр барих аж. Мөн өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор аж ахуй эрхлэх, хоршоо нөхөрлөл байгуулахад зориулсан зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ алслагдсан аймгуудад хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд бизнесийн илүү таатай нөхцөл бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх юм билээ. Ажилгүйдлийг бууруулах замаар ядуурлыг бууруулах амалт нь үүгээр дуусахгүй.
“Сум бүрт жижиг, дунд үйлдвэр, хоршоо, өрхийн аж ахуй үйл ажиллагаагаа явуулах барилгын байгууламжийг бий болгоно”, “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, сургалт сурталчилгаа, зөвлөн туслах үйлчилгээг орон нутагт нэвтрүүлнэ”, “Малжуулах сан” байгуулна” гэх мэтээр үргэлжилнэ. Түүнчлэн энэ дунд байгаа онцгой нэгэн зорилго нь “Залуучууд, 40-өөс дээш насныхан, шилжин суурьшигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ” гэсэн амлалт. Энэ нь Ардын нам ажилгүйдлийг хязгаарлах бодлогоо иргэн бүр рүү чиглүүлж буйнх нь нотолгоо. Хэн нэгнийг голж, гоочлох эрх ажил олгогчид олгохгүй гэдгийг баталгаа. Нэг ёсны Ерөнхий сайд С.Батболдын тэргүүлж буй Ардын нам ардыг алагчлахгүйгээр ажилгүйдлийг бууруулахын төлөө ажиллахаа ийн сонгогч таны өмнө амлаж байгаа нь энэ ажээ.