2012.05.02

Намууд мөрийн хөтөлбөрөө аудитаар хянуулах сүүлийн өдөр

УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу сонгуульд оролцох нам хүчнүүд өнөөдөр Улсын Аудитын ерөнхий газарт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулан бүртгүүлэх ёстой.

Үндэсний Аудитын газраас улс төрийн намуудад энэ талаар үүрэг болгосон байна. Өнөөдрийн байдлаар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн хөтөлбөр намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байгаа ажээ.

УИХ-ын сонгууль товлогдсон өдрөөс 50 хоногийн өмнө буюу энэ сарын найман гэхэд улс төрийн намууд СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ гаргасан байх ёстой. Үүний өмнө Үндэсний Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө танилцуулан, дүгнэлт гаргуулсан байх шаардлагатай юм.

"Үндэсний Аудитын газар нь намуудын мөрийн хөтөлбөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 34.3, 34.4 заалтуудыг зөрчсөн эсэхийг нягтлан дүгнэлт гаргах ёстой" юм.

Мөрийн хөтөлбөрийг хүлээж авах хугацаа тавдугаар сарын 2 боловч аудиторууд дүгнэлт гаргах хугацаа найман хүртэл үргэлжилнэ. Товчхондоо сонгуульд бэлэн мөнгө, мөнгөний хүчин зүйлээр сонгогчдын санаа бодолд нөлөөлөх, саналыг худалдан авахыг хуулиар хориглосон бөгөөд мөрийн хөтөлбөрт хуультай зөрчилдөх зүйл байгаа эсэхийг аудиторууд нягтлах юм.

Уржигдар Ардчилсан намын ҮЗХ хуралдаж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн ч олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулахаас татгалзан нууцалсан. Харин өчигдөр МАН-ын Бага хурлаа хуралдуулан мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж батлаад өнөөдөр тус газарт хянуулахаар болжээ.
Эх сурвалж
"Нийслэл Таймс" сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.