III Ким өөрчлөлтийг санал болгов
2012.01.25

III Ким өөрчлөлтийг санал болгов

Умард Солонгосын нэгэн өндөр албан тушаалтан «Шинэ удирдагч Ким Чен Ун Хятад улсын загвараар эх орондоо эдийн засгийн өөрчлөлт хийхээр амласан» хэмээн мэдэгдэж, дэлхий даяар шуугиан тарилаа.

«Агуу удирдагч» нас барснаас хэдхэн долоо хоногийн дараа БНАСАУ-ын шинэ тэргүүн Ким Чен Ун өөрийн шадар хүнээр дамжуулан, өөрчлөлтийн талаар мэдэгдэл хийсэн нь үнэхээр олны анхаарлыг татав. Гэхдээ зарим шинжээч «Энэ бол Умард Солонгос АНУ-аас хүнсний тусламж авах гэсэн бас нэгэн арга» хэмээн сэжиглэж байна. Учир ньУмард Солонгос нэлээд удаан хугацааны турш гадаадын орнуудаас хамааралтай байгаа бөгөөд холбоотон Хятад төдийгүй хөрш Өмнөд Солонгос, Япон, мөн АНУ-аас байнга хүнсний тусламж авч ярсэн.

Өмнө нь Кимүүд энэ зорилгоор цөмийн зэвсэг, пуужингаа ашиглан шантаажилдаг байсан юм. Гэтэл одоо ийнхүү өөрчлөлт хийх амлалт өгчээ. Түүх сөхөхөд түүний эцэг Ким Чен Ир 1994 онд засгийн эрхийг гартаа авмагцаа Хятадын загвараар эдийн засгийн өөрчлөлт хийхийг оролдсон юм. Гэвч бүтэлгүйтэж, ардын аж ахуйд дампуурах аюул нүүрлэсэн учраас энэ шийдвэрээсээ ухарсан байна.

Ким Чен Ир ямар нэг өөрчлөлт хийх ёстой талаар хүүдээ зөвлөсөн байх талтай. Швейцарьт сурсан III Ким үүнийг бусдаас илүү ойлгож байгаа бололтой. Хэрэв эдийн засгаа ул үндсээр нь өөрчилж чадвал ирээдүйд төрийн эрхэнд байна гэдгээ тэр мэдэрсэн. Энэ өөрчлөлт эцсийн дүнд Солонгосын хойгийн цөмийн асуудлыг нааштай шийдэх магадлалтай.

Ямартай ч Умард Солонгос энэ чиглэлд жижиг алхам хийсэн. Дэлхийн хам-гийн хаалттай орон болох Умард Солонгосын нийслэлд өнгөрсөн долоо хоногт Америкийн «Аssociated Press» мэдээллийн агентлаг хаалгаа нээсэн билээ. Тэд маргааш нь дээрх чухал мэдээг дэлхий дахинд цацсан юм.

Гадаадын агентлагийг нээх шийдвэрийг эцэг Ким гаргасан юм байна. Иймээс III Ким эцгийнхээ захиасаар эх орноо «Америкийн империалистууд»-д нээж өгөн, улмаар тус улсын элитүүдэд өөрийн санааг хүргэхийг зорьсон бололтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.