Эмнэлэгтэй сургууль өрхөө татаж үүдээ нээлээ
ЭМШИУС-ийн харьяа Нүүр, ам судлалын сургууль 50 жилийнхээ ойн босгон дээр хичээлийн шинэ байр, эмнэлэгтэй болов. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутагт орших 32-ын тойргийн дөнгөж баруун хойно барьсан ЭМШИУС-ийн хичээлийн III байр, шүд, эрүү, нүүрний эмнэлгийн байр өчигдөр ашиглалтад оров. Энэхүү цогцолборын нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, ЭМШИУС-ийн удирдлагууд болон Япон, Солонгос, Тайванийн их, дээд сургуулийн зочид төлөөлөгчид оролцсон юм. Шинэ байртай болсноор Нүүр, ам судлалын сургууль ЭМШИУС-иас өрх тусгаарлаж будаг нь ханхалсан шинэ танхимд хичээллэж, шүд, эрүү нүүрний мэргэжлийн 60 эмч, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан тоног төхөөрөмжөөр нийслэлийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа аж. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Монголчууд бид шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Шүд эрүүл бол таван цул эрхтэн нь эрүүл байдаг. Өнөөдөр таван хүн тутмын дөрөв нь шүдний өвчлөлтэй байна.
Ер нь, эрүүл байхын тулд амны хөндий эрүүл байх ёстой. Тиймээс ч Нүүр, ам судлалын сургуулийн барилгыг шинээр барьж, өнөөдөр ашиглалтад оруулж байна. Мэдээж энэхүү эмнэлэг сургуулийг нээхэд Засгийн газар нэлээд туслалцаа үзүүлсэн" гэлээ. Мөн тэрээр "Монгол Улсад эрүү, нүүр судлалын салбар үүсэж хөгжсөний 50 жилийн ойтой давхцан ЭМШИУС- ийн харьяа Нүүр, ам судлалын сургууль өөрийн гэсэн эмнэлгийн суурь баазтай болж байна. Энэ нь сургуулийн дэргэд эмнэлэг байгуулснаараа Монголын анагаах ухааны түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал" гэдгийг онцоллоо. Энэхүү сургууль, эмнэлгийн цогцолбор барилгыг өмнө нь барьж байгаад хөрөнгө мөнгөний бэрхшээлээс дутуу орхижээ. Бараг балгас болон мартагдах дөхөөд байсан барилгыг УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачилга дэмжлэгээр ЭМЯ-ны санхүүжилтээр ашиглалтад оруулсан юм байна. Тус сургуульд Япон, Солонгосоос оруулж ирсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий нүүр амны иж бүрэн эмчилгээ хийх 40 ширхэг төхөөрөмж суурилуулжээ. Мөн рентген аппаратаар шүдний оношилгоо хийлгэж болох аж.