2011.09.28

Төрсөн эхэд авч байгаа цалинг нь бүтнээр нь олговол жинхэнэ дэмжлэг болно

Төрөлтийг төрөөс дэмжье, хүн амаа олон болгоё сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр манай редакцид боллоо. Энэ удаагийн нээлттэй хэлэлцүүлэгт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Д.Очирбат, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийгмийн хамгааллын дэд сайд Д.Нямхүү, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн ам зүйн тэнхимийн эрхлэгч Б.Энхцэцэг нар оролцсон юм.

-Манай сонин Монголын хүн амыг олон болж байж хөгжинө. олуулаа болъё. Ингэхийн тулд төрөлтийг төрөөс дэмжихийг уриалж энэ сэдвийг анх хөндсөн. Харин та бүхнийг санаачилсан эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл сонирхолтой санагдлаа. Төслийн гол агуулга нь юу вэ?

1000000--3

Д.Очирбат-Монголын хүн ам маш цөөхөн байна. Урд хөрш маань 1,З тэрбум, хойд хөрш маань 143 сая хүн амтай. Дунд нь байгаа монголчууд бид 2,7-хон сая хүн амтай. Тэгэхээр бидэнд төрөлтийг нэмэгдүүлэх, Монголынхоо үрсийг яаж маш олон болгох вэ гэдэг асуудал тулгарч байгаа юм. Хүн амыг нэмэгдүүлэхээс бүх юм шалтгаална. Улс орны хөгжил, эдийн засаг, үндэсний аюулгүй байдал энэ бүхэн уялдаа холбоотой. Эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг Цэнгэл гишүүн бид хоёр санаачлан боловсруулж, УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Энэ хууль маань ерөөсөө эхчүүдэд урамшуулал олгоё. Хүүхдээ төрүүлж, хүн амаа олон болгож байгаа эхийн ариун нандин хөдөлмөрийг үнэлье л гэж байгаа юм. Жишээлбэл, 0-16 насны гурван хүүхэд төрүүлсэн эхэд сар болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан урамшуулах олгож байхаар төслийг боловсруулсан. Эхчүүд хүүхдээ тээнэ, төрүүлнэ, өсгөнө энэ их хөдөлмөрийг бид ердөө үнэлж ирээгүй юм байна. Тиймээс эхчүүдийг урамшуулах хуулийн төслийг өргөн бариад байгаа. Өнөөдөр 1.3 тэрбум хүн амтай Хятад улсад гурван сар хүрэхгүй хугацаанд хоёр сая 500 мянган иргэн төрж байна. Залуучууд олон хүүхэд төрүүлж болж байна гэдэг. Гагцхүү төрсөн хүүхдэд хоол нь, хүнс нь байна уу. Тэжээж чадах уу гэдэг асуудал үүсдэг. Залуу гэр бүл амьдралын төвшин ямраасаа шалтгаалаад хүүхэд төрүүлж чадахгүй байна шүү дээ. Тиймээс тэдэнд төрийн дэмжлэг яг одоо хэрэгтэй байна. Жишээлбэл, АНУ-д сардаа эх бүрт 300 ам. долларын хүнсний тэтгэлэг олгож байна. Танай сонинд гарсан нийтлэлд ОХУ-ын өмнөх Ерөнхийлөгч В.Путин таван хүүхэд төрүүлсэн орос гэр бүлдээ таван өрөө байраар шагнаж урамшууллаа гэсэн байсан. 143 сая хүн амтай орны Ерөнхийлөгч хүн амаа өсгөхийн тулд тийм санаачилга гаргаж байна. Тэгвэл өнөөдөр бидний энэ хууль гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдэд өгөөжөө өгөх юм.

-Яагаад заавал гурван хүүхэдтэй гэж. Нэг, хоёр хүүхэдтэй эхчүүдийг ялгаварлаж байгаа юм биш үү. Тэд ч мөн эх хүн шүү дээ?

-Бид үүнийг яриагүй биш ярьсан. Хуулийн төслийг танилцуулаад, иргэд-тэй уулзаад явж байхад нэг, хоёр хүүхэдтэй эхэд урамшуулал өгч болдоггүй юм уу гэж олон хүн асууж байсан. Тэднийг ялгаварлаагүй. Харин ч хоёр хүүхэдтэй эх гурав дахь хүүхдээ гаргаад урамшуулал авах боломжтой. Нэг хүүхэдтэй нь хоёр, хоёр нь гурван хүүхэдтэй болохыг хүснэ. Эхчүүд ийм тэмүүлэлтэй болох ёстой.

-Тухайлбал, гурван хүүхэдтэй эх сард хэчнээн төгрөгийг гар дээрээ авах юм бэ?

-Гурван хүүхэд төрүүлсэн эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгөний 50 хувьтай тэнцэх буюу 70200, дөрвөн хүүхэд төрүүлсэн бол 105 мянган төгрөг, таван хүүхэд төрүүлсэн бол 140400 төгрөгийг сар бүрт бэлнээр олгож байхаар гаргасан юм. Хүүхдийн тоо өсөх тутам мөнгөний дүн мөн өснө гэсэн үг. Жишээлбэл, найм буюу түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх буюу 280800 төгрөгийг олгож байх ийм л хуулийн төсөл өргөн бариад байна.

-Та бүхний энэ төсөл батлагдаад хэрэгжүүлж эхэллээ гэхэд ойрын таван жилдээ Монголын хүн ам төдөн хувиар өснө гэсэн тооцоо бий юү?

Ц.Цэнгэл-Бид энэ чигээрээ явбал 2015 онд Монголын хүн ам нэг хувь буурах тооцоо байгаа. Тиймээс бидний боловсруулсан хуулийн төслийг дэмжсэнээр өрх гэрийн орлого тодорхой хэмжээгээр өсөж, эхийн төрөлт нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Эх хүн мөнгөтэй болсноор эрүүл хүнсээр хүүхдээ хангана, эрүүл чийрэг өв тэгш хүмүүжүүлнэ. Бид энэ хуулийн төслийг зүгээр нэг суугаад хийчихээгүй. Гаднын улсын туршлагыг судалж, өөрийн улсын эрдэмтэн судлаачидтай зөвлөлдөж, олон талаас нь үзсэн. Япон улс гэхэд л хүүхдээ төрүүлэнгүүт нь тэтгэмж өгдөг. Швед 18 сая хүн амтай. Тэд төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд эхчүүдэд сар бүрт 300 евро өгч байна. Тиймээс энэ хуулийн төсөл цаг үеэ олсон гэж бодож байгаа. Бид чинь идээний дээж  сархадаа өргөсөн ч "Монголын үрс маш олон болтугай " гэж ерөөл тавьдаг хүмүүс шүү дээ. Тиймээс гишүүдээс татгалзах хүн гарахгүй болов уу гэж найдаж байгаа.

-Манай улс төрөлтийг нэмэгдүүлэх, хүн амаа өсгөх тал дээр ямар бодлого барьж байна вэ. Ялангуяа Эрүүл мэндийн салбарт энэ нь хамаатай асуудал болоод байна?

С.Ламбаа -Редакцын уулзалтын сэдвийг анх сонсоод чухал сэдэв хөнджээ гэж их олзуурхсан. Манай улсын хувьд энэ асуудлыг хөндөх цаг нь болсон. Бид хоёр талдаа асар олон хүн амтай хөрштэй. Хятад хүн амаа сааруулах бодлого барьж байхад манайх хүн амын төрөлтийг нэмэгдүүлэх, өсгөх гэсэн ерөнхий бодлого барьж байдаг. Энэ дагуу хүн амаа өсгөх болоод төрөлтийг дэмжсэн бодлогууд явж ирсэн. Эх хүүхдэд гурван сартайгаас нь шууд мөнгөн тэтгэлэг өгдөг тогтолцоонд шилжүүл-сэн, шинээр гэр бүл болоход мөнгө өгч эхэлсэн, хүүхэд төрөнгүүт нь 100 мянгыг өгдөг болсон. Төрсөн бүх хүүхдэд 10 мянгыг өгч эхэлсэн. Энэ бүхэнтэй уялдаад 2004-2011 он хүртэлх хугацаанд хүүхдийн тоо тасралтгүй өссөн байдаг. Хүүхдийн мөнгийг олгохдоо УИХ гурван зарчим барим-талсан. Нэгд, хүүхэд гэртээ хүмүүж-сэн байх ёстой. Вакцинжуулалтад мөн сургуульд хамрагдсан байх ёстой гэсэн. Вакцинжуулалтад хамрагдана гэдэг эрүүл мэндийг нь хамгаалж байгаа хэрэг. Боловсролтой болгох ёстой гэдэг үүднээс сургуульд заавал хамрагдах, гуравт, гудамжинд гараад байгаа хүүхдүүдийг багасгах үүднээс хүүхдийн мөнгө авах бол хүүхэд заавал гэртээ байх ёстой гэдэг зарчмыг хийж өгсөн. Мөнгөө авахын тулд хүмүүс хүүхдээ тэвэрч авчраад хатгуулдаг болсон гэж эмч нар ярьдаг юм. Энэ нь хүн ам зүйн талаасаа хүүхдийн төрөлтийг дэмжсэн бодлого гэж хувьдаа үзэж байгаа. Ер нь төрөлтийг аваад үзэхэд 1990 онд зах зээлд шилжсэнээс хойш маш эрчимтэй буурсан байдаг. Өөрөөр хэлбэл, төрөлтийг дэмжсэн нийгмийн бодлогууд саарсан. Социализмын үед төрөлтийн хэмжээ 70 мянгад хүрч байсан бол 2004 онд 44 мянга болтлоо буурсан байдаг.

Д.Нямхүү-С.Ламбаа сайдынх дээр нэмээд хэлэхэд, үнэхээр хүүхдийн мөнгө төрөлтийг огцом нэмэгдүүлсэн. Ер нь төрөлтөд маш том үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэнэмэл хүүхдийн тоо асар их нэмэгдсэн байсан. Үүнийг бууруулахад хүүхдийн мөнгө асар их үүрэг гүйцэтгэсэн. Түүнээс гадна хүүхдүүд гэр бүлийн-хээ орчинд өсөж байж зөв хүмүүждэг. Тухайн гэр бүл тогтвортой байдаг гээд хүүхдийн мөнгө олон сайн зүйл дагуулсан байдаг. Харин шинэ гэр бүлд мөнгө өгснөөр олон асуудал гарч ирсэн. 2005 онд 14993 гэр бүл шинээр бүртгүүлсэн бол мөнгө олгож эхэлснээс хойш 48600 болж огцом нэмэгдсэн. Энэ мөнгө гэр бүлийг баталгаажуулахад сайн ч гэсэн нөгөө талдаа хиймэл гэр бүлийг олноор бий болгосон. Сэтгэцийн өвчтэй, биеэ авч явах чадваргүй хүмүүс гэрлэх үзэгдэл их гарсан. Хиймэл бүртгэл их бий болж оюутнууд нэг хүнтэй олон дамжин гэрлэх гээд сөрөг зүйл их гарсан л даа. Одоо бидний хувьд гэр бүл, ялангуяа залуу гэр бүлийг бэхжүүлэхэд юу хийж болох вэ гэдэг бодлогоо боловсруулж байна. Залуу гэр бүл хамгийн түрүүнд орон байртай байх ёстой. Залуучуудад эрүүл мэнд гэхээсээ гадна орлогын маш баталгаатай эх үүсвэр байх ёстой. Энэ нь ажлын байр гэсэн үг юм. Энэ хоёр гол асуудлыг шийдчихвэл залуу гэр бүлд хамгийн том дэмжлэг болно. Өнөөдөр 1 -2 хүүхэдтэй гэр бүл нийт гэр бүлийн 80 хувийг эзэлж байна.

-Таван хүүхэдтэй залуу гэр бүлд төрөөс нэг өрөө байр өгчихдөг ч юм уу. Ийм бодит дэмжлэг байж болохгүй юу. Манайд ийм боломж бий юү?

-Бид халамжийг болъё гэж бодож байгаа. Хэн нэгэнд үнэгүй юм өгнө гэдэг тэр хүнийг ямар ч амбийцгүй болгоно, ямар ч ирээдүй, зорилгогүй болгоно. Ерөөсөө л сул өгөх зүйл бол хэрэггүй юм. Хөдөлмөрлөж байж хаана ч хүрч болох тэр замыг л хэрэгтэй юм.

-Бид хаа хаанаа халамжид дасчхаад үүнийгээ нэхээд суух болсон. Тэгвэл энэ байдлыг хэрхэн халах вэ?

-Манай яамнаас хэд хэдэн санал боловсруулж, одоогоор хэлэлцэх шатандаа явж байна. Тухайлбал, төрсөн эхчүүдийн амаржсаны тэтгэмжийг нэмж, хугацааг нь уртасгаж өгсөн. Одоо 0-2 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд бүрэн хэмжээнийх нь цалинг өгвөл яах вэ гэсэн санал оруулж байгаа. Мөн хүүхдээ асарсан хугацааных нь тэтгэмжийг ажилласан жилээр болон авч байсан цалингаар нь тооцож олгож байвал ямар вэ гэсэн асуудлыг тавьж, хэлэлцэх шатандаа явж байна.

-Одоогоор нийт хэчнээн эх энэ тэтгэмжийг авахаар урьдчилсан тооцоо гарав. Энэ нь улсын төсөвт дарамт учруулахгүй юү?

Д.Очирбат-24700 эх хамрагдах тооцоо гарсан. Магадгүй бид цаашдаа найман хүүхэд төрүүлсэн эхэд гурван өрөө, таван өрөө байр өгч болно шүү дээ. Эхнийхийг шийдээд явбал дараагийн удаад энэ асуудлыг ч тавьж болно. Хамгийн харамсалтай нь, бид Засгийн газарт санал авах гэж төслөө өгсөн ч татгалзсан хариу өгсөн. Үүнд их харамсаж байгаа. Бид мэдээж эдийн засгийн нарийн тооцоо гаргасан.

Сардаа 2,5 тэрбум, жилдээ 30 тэрбумыг эхчүүдэд зарцуулах тооцоо гарч байгаа. Өнөөдөр улс орны эдийн засаг өсөн нэмэгдэж, уул уурхайн баялаг орж ирж байгаа. Энэ төвшинтэй харьцуулж үзэхэд улсын төсөвт тэгж их дарамт болохоор мөнгө биш гэж ойлгож байгаа.

Ингэхэд С.Ламбаа сайд аа та, Засгийн газрын хуралдаанд бидний энэ төслийг дэмжсэн юм уу, үгүй юу?

С.Ламбаа-Дэмжихийн хувьд дэмжсэн. Засгийн газар нарийвчилсан тооцоо хийх ёстой гэсэн үндэслэлээр буцаасан байгаа. Ерөнхийдөө олон хүүхэд төрүүлэхээсээ илүүтэйгээр төрөх гэж байгаа хүний эрүүл мэнд чухал байгаа юм. Өнөөдөр хоолны болон калорийн дутагдалтай ердөө 2,5 кг хүүхэд олноор төрж байна шүү дээ.

Д.Очирбат-Ер нь бид тэр нь, энэ нь хүндрэлтэй гээд байвал их зүйлийг ярих хэрэгтэй болно. Ерөөсөө л хамтраад энэ бүхнийг хийе. ЭМЯ эрүүл хүүхэд төрүүлэх, эхчүүдээ эрүүлжүүлэх юмаа хариуц, Нийгмийн хамгааллын яам хамгааллын зүйлээ хариуцах гээд хамтдаа хийцгээе л дээ.

-Б.Энхцэцэг багшаас судлаач хүнийх нь хувьд васууя. Бидний ярьж байгаа энэ тоо хэр бодитой вэ?

Б.Энхцэцэг-Эхлээд би саналаа хэлье. Хүн ам зүйчид тоогоор ярьдаггүй. Угаасаа олон хүн амтай Хятадад жилд арван сая хүүхэд төрөх, Монголд 60 мянган хүүхэд төрөх тэс ондоо. Харин хувиар авч үзвэл төрөлтийн төвшин Хятадтай харьцуулбал өндөр байгаа. Оростой харьцуулбал бүр өндөр. Эргэн нөхөгдөх төвшин гэж бий л дээ. Нэг өрх ядаж хоёр хүүхэдтэй бол эхнэр нөхөр ирээдүйд өөрсдийгөө нөхөж байна гэсэн үг. Тиймээс хоёр, түүнээс дээш хүүхэдтэй байж тухайн улсын хүн ам ирээдүйд нөхөгдөнө. Монголын хүн ам 2005 онд эргэн нөхөгдөх төвшнөөс доогуур орж 1.95 болсон. Ихэнх айл хоёр хүрэх үү, үгүй юү хүүхэдтэй байсан гэсэн үг. Яг энэ үед азаар хүүхдийн мөнгө гарч ирсэн. Гэхдээ хүүхдийн мөнгө төрөлтийг дэмжих бодлого байсан уу үгүй юү гэдгийг хэлж мэдэхгүй юм. Одоо бол төрөлтийн төвшин 2.6 орчим байгаа. Өөрөөр хэлбэл нэг эмэгтэй 2-3 хүүхэд төрүүлж байна. Хүүхдийн мөнгө өгч байсан үеийн нөхөн үржихүйн судалгааны дүнг харж байхад хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн 10 хувь нь хүүхэд төрүүлэхэд хүүхдийн мөнгө нөлөөлсөн гэж хариулсан байгаа юм. Үүнийг бид задалж авч үзэх ёстой. Ямар орлоготой, боловсролтой хүмүүс олон хүүхэд төрүүлэв гэхээр бас сөрөг үр дүн гарсан.

-Хүн амаа өсгөх манай улсын бодлого ер нь ямар байсан, одоо ямар байгаа вэ?

Б.Энхцэцэг-Хүн ам руу чиглэсэн анхны бодлогод хүн амын өсөлтийг 1.8 хувиас бууруулахгүй гэж тусгасан байсан. 2000 оны хүн ам орон сууцны тооллогоор 1.4 болж үүнээсээ доошоо орсон юм. Тэгэнгүүт заалтаа одоогийнхоо хүн амын өсөлтийн төвшинг тогтвортойгоор хадгалья гэж өөрчилсөн байдаг. Бидний хувьд хүн амаа тогтвортой төвшинд хадгалья гэдэгт анхаарах ёстой. Онолын дагуу авч үзвэл төрөл-тийн төвшин буураад л байна, хэзээ ч нэмэгддэггүй. Ямар ч улс орон, ямар ч зөв бодлого баримтлаад нэгэнт доогуур орсон төрөлтийн төвшингөө өсгөж чаддаггүй. Орон сууцны бодлого, нийгмийн халамжийг дээд зэргээр үзүүлж байгаа Сингапур улсыг нэрлэж болж байна. Гуравдахь хүүхдээс нь орон сууцаар хангаж байна. Швед, Япон улс хэчнээн бодлого баримтлаад эхчүүд нэг л хүүхэд төрүүлж байгаа. Яагаад өндөр хөгжилтэй орнууд цөөхөн хүүхэдтэй, буурай хөгжилтэй нь олон хүүхэдтэй байгаа юм бэ. Бид мөнгөгүй учраас хүүхэд гаргахгүй гээд байна уу, өөр хүчин зүйл байна уу. Би өнөөдөр ажлаа хийхгүй бол алдана. Ийм өрсөлдөөнтэй зах зээл дээр бид ажиллаж байна. Нийгмийн ийм их өөрчлөлт байгаа болохоор үүнийг дагаад төрөлтийн төвшин буурна. Бүх улс орнуудад буурч байгаа, буурсаар ч байна. Онолын дагуу бол манай улсад төрөлтийн төвшин ирээдүйд бууна.

-Таны бодлоор төрөлтийг ямар бодлогоор дэмжвэл үр дүнтэй байх вэ?

Б.Энхцэцэг-Гуравдахь хүүхэд гэдэг зөв. Манайх хавтгайруулаад нэг, хоёрдахь хүүхдэд мөнгө өгдөг. Гурав-дахь, эсвэл дөрөвдэх хүүхдэд өгвөл илүү оновчтой. Манайх хүн амаа өсгөх бодлогоо улс орныхоо илүү онцлог зүйлийг харж байж тодорхойлбол дээр байх.

-Ирээдүйд хэдэн хүүхэдтэй болох вэ гэдэг ч юм уу, иргэдийн сэтгэл зүйг тандсан судалгаа байдаг болов уу?

Б.Энхцэцэг-Айл гэр хэдэн хүүхэдтэй байвал зохимжтой вэ гэсэн асуултад 3.8 гэдэг тоо гараад байгаа. Уг нь 3-4 хүүхэдтэй байвал зохимжтой гээд байгаа мөртлөө эмэгтэйчүүд хоёр хүүхэд гаргаж байна. Бид үүн дээр нь харин яаж хөшүүрэг болж, дэмжих чадах вэ гэдэг байна.

Ц.Цэнгэл-Аргагүй л судалсан хүн ярьж байна. Гэхдээ 2000 онд 35 мянган эх төрж байсан. Мөнгө өгдөг болонгуут хоёр дахин нэмэгдсэн нь бодит амьдрал шүү дээ. Таны энэ судалгаа зөрж байна. Тэгэхээр та бодит амьдрал руу илүү ор. Таны хэлж байгаа ирээдүйн хүн амын тооцоо онолын хувьд зөв байх. Гэхдээ таны энэ судалгаа тэнгэр газар хоёр шиг зөрж болохгүй. Ердөө 10 жилийн доторх зүйлийг харахгүй ингэж ярьж болохгүй шүү дээ.

Д.Очирбат-Энхцэцэг ээ мэд-лэг боловсролтой, орлоготой, чадалтай баян хүмүүс нь цөөхөн хүүхэд төрүүлээд ядуучууд нь олон хүүхэд төрүүлээд байна гэж та шууд хэлж болохгүй.

Б.Энхцэцэг-Угаасаа судалгаагаар ийм дүн гарч байгаа шүү дээ. Олон улсад ч тэр, Монголд ч тэр.

-Эхэд төрөхөөс өмнөх болон төрсний дараах зургаан сард сар бүр 24 мянган төгрөг халамж гээд олгож байгаа. Энэ хэр хангалттай санагдаж байна вэ?

Ц.Цэнгэл-НҮБ-ын 105 дугаар тогтоолд улс орнууд эх хүний төрөх нөхцөл бололцоог нь хангаж, төрсний дараа хүүхэд бойжиход нь анхаарах ёстой гэж байдаг. Үүнийг манай улс 25 мянган төгрөгөөр хангаж байна гэвэл учир дутагдалтай. Арай л бага мөнгө олгож байгаа.

С.Ламбаа-Анх тогтоохдоо барьсан суурь үзүүлэлт нь амьжир-гааны баталгаажих доод төвшин. Амьжиргааны баталгаажих доод төвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэсэн хоёр тоон үзүүлэлт бий. 1998 онд амьжиргааны баталгааны баталгаажих доод төвшинтэй харь-цуулаад тогтоосон. Энэ 24 мянган төгрөг амьдрахад юу ч болохгүй. Нэг хүнд ногдож байгаа орлого талыг нь бодоод үүн дээр суурилсан учраас ийм тоо гарч байгаа юм. Үнэн хэрэг-тээ огт юм байхгүйг бодвол гурван сартайд нь хяналтад авч мөнгө олго-дог тогтолцоог бүрдүүлсэн нь эдийн засгийн агуулгаараа зөв. Эхэд сар бүр олгож байгаа мөнгө амьжиргааны баталгаажих доод төвшинтэй уялдаж байгаа. Нөгөө талаас Б.Энхцэцэг багшийн яриад байгаа судалгаанд төрөлт нэмэгдүүлэх хоёр талын асуудлын нөгөө талыг авч үзэх ёстой. Жишээлбэл өнөөдөр төрсөн хүнтэй тэнцэхүйц хэмжээний хүн үр хөндүүлж байгаа. Үр хөндөлтийг хорино  Гэхээр эхийн эндэгдэл өснө, үр дагавар нь муу гэж эрүүл мэндийн салбарынхан эсэргүүцээд байна. Энэ мэтчилэн нөлөөллийн зүйлсийг авч үзэж жинхэнэ бодит байдлыг гаргах хэрэгтэй.

Д.Очирбат-Үр хөндөлт манай нийгэмд тулгараад байгаа хамгийн хүнд асуудал болсон. Хуучин бол эмнэлэг өөрийн орлого нэртэйгээр үр хөндөлт хийж төсөвтөө тусгадаг байсан. Тийм биз, сайд аа.

С.Ламбаа-Одоо больсон. Амаржих газрууд дутуу төсөв төсөвлөөд үлдсэнийг нь өөрийн чадлаараа ол гэдэг байсан. Энэ нь үр хөндөлт л байхгүй юу.

Д.Очирбат-Үүнийг хоёр жилийн өмнө С.Ламбаа сайд зогсоосон нь маш зөв ажил болсон. Одоо үр хөндөлтийг тодорхой хэмжээнд хориглох ёстой. Хавар баталсан Эрүүл мэндийн тухай хуульд үр хөндөлтийг мэргэжлийн орчинд, мэргэжлийн төвшинд хийнэ гэж хязгаарлаж өгсөн. Гэхдээ энэ хангалтгүй байна. Өдөрт, сард, жилд хэчнээн залуу эх үр хөндүүлж байна гэдэг нарийн тоо тооцоо хаана ч алга.

С.Ламбаа-Бүртгэлд байгаа нь бол 8000. Энэ улсын эмнэлгүүдэд үр хөндөлт хийлгэсэн тоо.

Д.Очирбат-С.Ламбаа сайд аа үр хөндөлтийг хориглоё. Гэхдээ яах аргагүй генийн өөрчлөлттэй, гажигтай гэсэн заалттайг нь үлдээе. Үр хөндөлт хийдэг эмнэлгүүдийн тоог нь хязгаар-лаад, жирэмслэлтээс хамгаалдаг, урьдчилан сэргийлдэг, эрүүл ахуй, гэр бүл төлөвлөлтийн сургалтыг сургуульд заадаг болгохын тулд мөнгө тавьж өгмөөр байна.

С.Ламбаа-Эмч нар үр хөндөлтийг зогсоовол 60 мянган эмэгтэй төрдөг байсан бол 120 мянга болох шахуу юм ярих гээд байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ хүсээгүй жирэмслэлт гэдэг хамгийн аюултай зүйл болоод байна. Сая НҮБ-ын чуулганаар хэлэлцэхэд Монгол Улсын эм хэрэгслийн хангалт 53 хувьтай гэж гарсан. Өөрөөр хэлбэл, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн хангалт 53 хувьд хүрсэн. Гэтэл улс орнууд 13, 14 хувьтай гэж ярьж байна. Эцсийн эцэст жирэмслэлтээс хамгаалах аргыг хэрэглэж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээд л өөрийгөө гэмтээгээд, янз бүрийн сөрөг үр дагавар гараад байна. Жишээ нь, үргүйдэл олон гэр бүлд тохиолдож байгаа асуудал боллоо.

Д.Нямхүү-Гурваас дээш хүүхэдтэй өрхийн 75.8 хувь нь хөдөө амьдарч байна. Хөдөөнийхөн бүдүүлэг болохоороо төрөөд байгаа юм уу гэсэн асуудал гарна. Гэтэл үгүй юм. Монголын уламжлалт соёлыг хамгийн сайн авч үлдсэн газар гэвэл хөдөө. Хөдөөгийнхөн харин нэг хүүхэдтэй бол хүүхэдгүй, хоёр хүүхэдтэй бол нэг хүүхэдтэй, гурван хүүхэдтэй бол хоёр хүүхэдтэй гэж бодоорой гэж хорогдлоо тооцож ярьдаг. Уламжлалаа өвлөж авсан ард түмэн хүүхдээ гаргаад байдаг. Ганцхан тэдэнд эдийн засгийн дэмжлэг байхгүй болохоор ядууралд өртөх магадлал өндөр. Бид судалгаа хийхээр ядуурлын хамгийн өндөр үзүүлэлт нь олон хүүхэдтэй өрх байдаг. Тэгэнгүүт халамж дээр хамгийн түрүүнд өрхийн тэтгэмж гээд хүүхдүүдэд мөнгө зоож эхэлдэг. Гишүүдийн өргөн барьж байгаа хуулийн төслийн гол санаа нь хүүхдээ төрүүлэхийг дэмжье гэвэл хамгийн гол нь эдийн засгийнх нь баталгааг хийж өг гэж байгаа юм. Энэ бол хүүхдээ дага-сан зөв шийдвэр л дээ. Тэгэхгүйгээр одонтой эхчүүд гээд аль хэдийнэ хүүхдүүд нь том болоод ач зээгээ үзсэн хүмүүст мөнгө өгнө гэдэг төрөлтийг дэмжсэн асуудал биш, шал өөр зүйл болно.

С.Ламбаа-Д.Очирбат, Ц.Цэнгэл гишүүний хуулийн төсөл дээр ингэж болох тал бий. Өмнө нь хүүхдийн мөнгө ярьж байхад бас ярьж л байсан. Хүүхэд бүрт мөнгө егье. Гэхдээ нэг хүүхэд төрвөл төд, хоёр, гурав төрвөл төд гээд өгсүүлж явъя гэж. Яагаад гэхээр нэг хүүхэд төрүүлье ч гэсэн амьдралын баталгаагүй хүн байгаа л байхгүй юу. Нэг хүүхэд төрүүлсэн хүн ч авдгаа аваг л дээ. Хоёр төрүүлэх юм бол авах мөнгийг нь 50 хувиар, гуравдахь нь гарвал 100 хувь, дөрөвдэхийг төрүүлбэл 200 хувь нэмээд явбал илүү үр ашигтай ч байж магадгүй. Миний бодлоор ийм байна. Д.Очир-бат гишүүний хэлж байгаа хувилбар бол хүүхэд төрүүлэх сэтгэлгээний тэмүүллийг бий болгож байгаа юм.

Д.Очирбат-Заавал тэмүүлэлтэй байх ёстой.

С.Ламбаа-Тэмүүлэлтэй байх нь зөв. Гэхдээ нэгийг ч гэсэн дэмжээд, хоёрыгоо өсгөөд явах юм бол нэг хүүхэд чинь хамгаалагдана шүү дээ.

Д.Очирбат-Сая бид одонтой эхчүүдийн хууль гаргасан. Магадгүй хоёр хүүхэдтэй гэр бүл байг. Төрүүлж байгаа эх нь дахиад хүүхэд төрүүлж чадахгүй байж болно шүү дээ. Ийм тохиолдолд Одонтой эхчүүдийн хуулийн дагуу 0-9 сартай хүүхдийг өргөж авбал энэ хуульд орно. Түрүүн хүсээгүй жирэмслэлт гэж ярилаа. Энэ хүүхдийг хүсээгүй, асрамжийн газар өгье гэдэг сэтгэхүйтэй байсан бол одоо бопомжтой үр хүүхэд хүссэн айл авдаг болъё л доо. Үүнийг бас дэмж-сэн. Нэг хүүхэд бол байх, хоёр биш, гурав, магадгүй дөрөв дэхээс нь эхлээд урамшууллын хэмжээг нэмдэг байж болох юм. Д.Нямхүү сайдын хэлдгээр гурван хүүхэд гэдэг монголчуудын нийтлэг тоо. Аавууд хүүхдүүд-дээ чи ядаж гурван хүүхэдтэй бол гэж захидаг ерөнхий логик байна. Хоёр хүүхэдтэй айл гуравдахь хүүхдээ төрүүлэх эрмэлзлэл төрүүлэх ёстой. Эдийн засгийнх нь хувьд ч гэсэн.

С.Ламбаа-УИХ дээр энэ хуулийн төслийг хэлэлцэх явцад нэгд ч, хоёрд ч өгөөд гуравдахь хүүхдээс өгөх мөнгөний тоо өсөх байх гэж ойлгож байгаа. Хүмүүсийн сэтгэлгээ иймэрхүү байна лээ. Миний хувьд ч гэсэн нэг, хоёртоо өгмөөр байгаа юм.

Д.Очирбат-"Үндэсний шуудан" сонины хэлдэг санаа шиг таван хүүхэдтэй айлд хоёр өрөө байр ч юм уу, найман хүүхэдтэй айлд гурван өрөө байр өгч болно шүү дээ.

Д.Нямхүү-Бусад улсад олон хүүхэдтэй өрхөд аж ахуйн хөнгөлөлттэй зээл өгдөг жишиг байна. Хүүхдийнх нь тоо дөрөвт хүрэх юм бол зээлийнх нь 30 хувийг хасдагч  байна.

СЛамбаа-Орос бол дэмжлэгээ нэг хүүхдээс эхэлдэг юм. Таван хүүхэдтэй болоод орон сууц ав гэвэл хүмүүс зүтгэнэ шүү.

Д.Очирбат-Мөнгө олгоно гэдэг хүүхдээ эрүүл бойжуулж, шим тэжээлтэй хоолоор хангаж, ангир уургаа хөхүүлэх боломжийг нь бодолцсон урамшуулал байхгүй юу.

-Халамж хавтгайруулж өглөө гэсэн шүүмжлэл гардаг. Хавтгайруулж өгсөн халамжийг зөв зүйлд зарцуулж байна уу гэсэн асуудал бас босдог?

Д.Очирбат-Эх хүн урамшууллын тэтгэлэгт хамрагдчихлаа, энэ сарынхаасаа шил архи авчихъя гэж ямар ч гэсэн хэлэхгүй байх.

С.Ламбаа-Надад бас нэг санал байна. Б.Энхцэцэг багш хүүхдээс болж ажлаас хөндийрөх, ажилтай байх, ажлын байраа хадгалах тухай ярилаа. Үүнийг дэлхийн улс орнууд яаж шийдэж байгааг харъя. Хуучин тогтолцооны үед ясли, цэцэрлэг гэж хоёр өөр газар байлаа. Өлгийтэй хүүхдийг авч өсгөдөг байсан. Өнөөдөр хүүхэд төрүүлчхээд ажлаа хийнэ гэж байгаа хүмүүсийн хүүхдийг хүмүүжүүлж байдаг цэцэрлэгийн тогтолцоог маш өндөр төвшинд хүргэж байж төрөлтийн бодлоор явна.

-Манайд ядахнаа залуу гэр бүлдээ урьдчилгаа төлбөргүй орон сууцны зээл өгдөг болбол төрөлт мэдэгдэхүйц нэмэгдэнэ дээ?

Ц.Цэнгэл-Залуу гэр бүлийн урьдчилгаа төлбөргүй орон сууцны зээл гэдэг их боломжийн юм шүү.

Д.Очирбат-Гурван хүүхэдтэй өрхийг урьдчилгаа төлбөргүй орон сууцны зээлд хамруулна ч гэдэг юм уу дэмжлэг үзүүлэх юм их л байна. Ц.Цэнгэл гишүүн бид хоёрын санаачилга анхных цаашид илүү боломжтой  зүйлсийг оруулна.

Д.Нямхүү-Төрөлтийн тоогоор мөнгө өгдөг систем хамаагүй хүчтэй юм билээ. Зарим оронд гурав, дөрөв-дэх хүүхэд нь төрөхөөр өгөх мөнгөний хэмжээ 18 дахин нэмэгдээд явдаг. Бид хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд тэгш өгсөн. Нэгдэхээсээ хоёрдахь нь өсөөд явдаг шатлал хамаагүй тэмүүлэлтэй болно.

Ц.Цэнгэл-Би сая найман сумын 34 багаар ороод ирлээ. Эхчүүдэд урамшуулал олгодог болъё гэхэд иргэд ялангуяа эрчүүд олноор дэмжиж байна лээ.

С.Ламбаа-Эцэст нь хэлэхэд Монгол Улсын нийгмийн хүрээнд судалгаа хийгээд үзэхээр хүн амын амьдралын төвшин гэдэг гол юм шүү дээ. Тэр бүү хэл төдөөс, төдөн насандаа хүүхэд төрүүлсэн байх ёстой энэ бол хамгийн эрүүл төрөлтийн үе гээд тогтоож өгөөд, үүнийг нь урамшууллын тогтолцоондоо харгалзаж үздэг улс орон хүртэл байгаа. Бид ингээд хөндөж ярьж байгаа нь чухал. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд хүн амын өсөлт таван сая хүрэхэд эдийн засгийн эргэлт дөнгөж эхэлнэ, 10 сая хүн амтай болоход эдийн засгийн эргэлт хоёр дахин нэмэгддэг гэж байгаа юм. Цагаан самраар тооцсон тооцоо байдаг шүү дээ. 10 чингэлэг цагаан самрыг монголчууд жил иднэ гэж байхад хятадад нэг секундэд дуусгана гэж байгаа юм. Тэгэхээр хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого яах аргагүй байх ёстой.

-Ямар ч гэсэн төрөлтийг мөнгөөр дэмжихийг хоёр сайд дэмжлээ. Цаашид ямар шалгуураар орох бол?

Д.Очирбат-Намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийг боловсруулахад Ц.Цэнгэл гишүүн бид хоёр янз бүрийн хүнээс санаа оноо авсан. Танай сонин гэр бүлийн төлөвлөлт, хүн ам зүйн бодлого, үр хөндөлтийг хориглох талаар асуудал хөндөж тавьж байгаад бид талархалтай байна. Хамгийн сүүлд танай сонинд гарсан үр хөндөлтийг хориглож, Монголын үрсээ маш олон болгоё гэсэн нийтлэлээс санаа авмаар олон зүйл байсан. Залуу гэр бүл, эхчүүдийг дэмжих тал дээр олон сайхан нийтлэл гаргаж байгаарай гэж хүсье. Үр хөндөлтийн уршгийг хүмүүст таниулж, гэр бүл, үр хүүхэдтэй болох эрмэлзлэлийг төрүүлж, хүүхдээсээ татгалзах гэж байгаа нэг ч гэсэн бүсгүйг хүүхдээс нь биш бодлоос нь татгалзуулж байвал та бүгдийн амжилт.

С.Ламбаа-Монголын үрс маш олон болтугай гэсэн ерөөлөөр төгсгөе дөө.

Эх сурвалж: Үндэсний шуудан