2011.08.31
Д.Очирбат: Оюутолгойд нүдэнд харагдахуйц ажил алга
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбаттай ярилцлаа.
-УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэн Оюутолгойн гэрээг сайжруулах шаардлагыг УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад хүргүүлэх нь. Тодорхой хугацаа тавьж Засгийн газрыг огцруулах хүртэл шаардах бололтой. Нэр бүхий гишүүдийн дунд Монгол Ардын Намын гишүүд ч байна. Үүнийг Та дэмжиж байгаа юу?
-Зөв л дөө. Ер нь УИХ гаргасан шийдвэртээ хяналт тавьж ажиллах ёстой. Сүүлийн үед УИХ-аас баталсан шийдвэрийг Засгийн газар биелүүлэхгүй байгаагаас болж УИХ-ын нэр хүнд унаж байгаа. Тогтоолын биелэлтийг хангуулах гэж шаардлага тавьж байгаа нь гишүүдийн бүрэн эрхийн асуудал.
-Шаардлагад тухайлан тавьж байгаа үндэслэлүүдийн тухайд юу хэлэх вэ. Засгийн газрын үйл ажиллагаа 57 дугаар тогтоолын эсрэг бүхэлдээ чиглэж байна гэж хатуухан шүүмжлэх нэгэн ч байна.
-Засгийн газар ажил хийж байгаа юм бол түүнийхээ талаар нэг бүрчлэн мэдээлэл өгдөггүй. Ер нь том толгойлж байгаа хэрэг л дээ. Гэхдээ Засгийн газрыг огцруулах тухай юу юугүй яригдахгүй байх гэж бодож байна.
-Оюутолгой төслийн үйл явцыг бүхэлд нь дүгнэвэл?
-Би төслийг дэмжиж байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар 57 дугаар тогтоолын хэрэгжилт, хөрөнгө оруулагчдын эзэмших хувь хэмжээ, гадны хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт, монгол ажилчдыг төсөлд хамруулж байгаа байдал, тэдний нийгмийн баталгаа болон байгаль орчны нөхөн сэргээлтийн байдал зэрэгт нүдэнд харагдахуйц ажил үндсэндээ алга.
-Харин Тавантолгойн тухайд юу хэлэх вэ?
-Энэ асуудлыг УИХ ойрын хугацаанд хэлэлцэж, батлах ёстой. Харамсалтай нь гар дээр төсөл ирээгүй байна. Тийм учраас тэр, энэ гэж цээжээрээ ярих утгагүй юм.
-Ойрын хугацаанд гэхээр ээлжит бус чуулган зарлах ёстой юу?
-Хэрэггүй биз. Намрын ээлжит чуулган эхлэнгүүт төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой. Эрүүл мэнд, боловсролын салбар төдийгүй өвлийн бэлтгэлээс шалтгаалан төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага байгаа. Удаалаад Тавантолгой, УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Мөн манай байнгын хорооноос гэхэд л Эрүүл мэндийн даатгалын тухай болон Эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
-Эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг санаачлагч нь Та. "Алдарт эх"-ийн одонтой зэрэгцээд бас л хавтгайрсан мөнгө тараах нь гэсэн яриа гарч байна. Нөгөөталаас энэ хуулийн зорилго нь эхчүүдийн саналыг худалдаж авах гэж шүүмжилж байгаа нь нууц биш юм.
-Олон хүүхэдтэй эхчүүдэд урамшуулал олгох асуудал нь манай намаас баримталж буй нийгмийн хамгааллын бодлогын нэгээхэн хэсэг. Монгол Ардын Нам зүүний чиглэлийн үзэл баримтлалтай.Тиймээс ч энэ төслийг санаачилсан. Нөгөө талаас төрөлтийн тоо эрс багассан нь эх, хүүхдийг дэмжсэн бодлого оновчгүй байгаатай холбоотой. Монгол Улсын хүн ам өсөх ёстой. Үүнтэй холбоотойгоор улс орны хөгжил ч харьцангуй бага төвшинд байна.
Ганц жишээ хэлэхэд, 2006 онд Эх, хүүхдэд тэтгэмж олгох, Гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх хуулийг баталсны дараа 1986-2002 онд буурсан үзүүлэлттэй байсан хүн амын дундаж өсөлт эрс нэмэгдсэн.
2009 онд эх, хүүхдийг дэмжсэн дээрх зохицуулалтыг хүчингүй болгосноор одоо эхэд жирэмсний таван сартайгаас 12 сарын хугацаанд сар бүр 24 мянган төгрөг л олгож байна. "Хүний хөгжил" сангаас сард иргэн бүрт 21 мянган төгрөг олгож байгаа ч эх, хүүхдэд хангалтгүй байна. Хүүхэд төрүүлж, өсгөж байгаа эхийн нөр их хөдөлмөрийг үнэлэхгүй байна. Энэ бол Монгол Улсад иргэн төрүүлж өгснийх нь төлөөх урамшуулал байх ёстой. Иймэрхүү байдлаар мөнгө олгох ажлыг зөвхөн монголчууд л хийгээд байгаа юм биш. Харин ч үүнийг эх оронч санаачилга бүхий хууль гэж хэлж болно. Монгол Ардын Намын гишүүн Д.Очирбат санаачилсанд хэргийн учир байгаа юм биш.
-Урамшууллын хэмжээ ямар байхаар тусгасан бэ?
-Урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уяж байгаа. Гурав ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд энэ хууль хамаатай. Гурван хүүхэдтэй эхэд 72200, дөрвөн хүүхэдтэй бол 108300, тав дахь хүүхдээ төрүүлсэн эхэд 144400, зургаа дахь хүүхдээ төрүүлсэн бол 175500, долоон хүүхэдтэй бол 210 мянга, найм ба түүнээс дээш хүүхэдтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоо тооцоолсон. Хүүхдийг 16 нас хүртэл урамшууллыг олгоно.
-Жилд хэчнээн хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?
-Мал, ноос ноолуурт хэчнээн тэрбумаар нь зарцуулдаг хэрнээ Монголын үрсийг олон болгохын төлөө жилд 30 тэрбум төгрөг яагаад гаргаж болохгүй гэж. Энэ бол төсөвт хүндрэл учруулах хэмжээний тоо биш.
-Эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгын суурь өөрчлөлт юунд оршиж байгаа вэ?
-Энэ салбарын цогц шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй хамгийн эхний алхам нь салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэх явдал байсан. Энэхүү хуулиар томоохон шинэчлэлийн эхлэлийг тавьсан. Шинэчлэгдсэн Эрүүл мэндийн тухай хуулиар хүн өвдөхгүй байх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж чаддаг байх суурь бүтцийг бий болгохоор зорьсон. Тиймээс ч эрүүл мэндийн байгууллагад хүндрэл учруулалгүй, өвчин эмгэг тусалгүй явж ирсэн иргэнд даатгалд хуримтлагдсан мөнгөнийх нь тодорхой хувийг буцааж олгохоор болж байгаа. Мөн Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд иж бүрэн хамрагдахаар болж байгаа. Дүүрэг, аймаг, сум дундын эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Тэнд долоогоос доошгүй нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг үзүүлэхээр болсон. Харин том эмнэлгүүд эрдэм шинжилгээний ажилд анхаарал хандуулахаар болж байгаа юм.
-Эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулга нэлээд хэл ам дагуулсан. Эсэргүүцээд байсан хүмүүстэй хэл амаа ололцсон уу?
-Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд эсэргүүцсэн. Салбарынхны цалин нь бага байхад хариуцлагын тогтолцоог хэтэрхий өндөр болголоо гэсэн. Үнэхээр ч хариуцлагын арга хэмжээг 10-20 дахин нэмсэн зүйл бий. Миний бие олон эмч нартай уулзаж байхад хариуцлагын тогтолцоог өндөржүүлснийг сайшааж байсан. Эрүүл мэндийн салбарт их, бага алдаа гэж байх учиргүй. Тэгээд ч энэ салбарт хариуцлагыг өндөржүүлэх бодит шаардлага үүсээд байна. Өнөөдөр эмч нарыг авлигач, цагаан нөмрөгтэй алуурчин гэхчлэн элдвээр хэлж байна шүү дээ. Дараагийн ээлжид бид цалингийн тогтолцоог өндөрсгөх хэрэгтэй. Хариуцлагатайгаа уялдаад цалин хангамжийг нь нэмэх ёстой. Хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлж, эмч нарыгаа уриалснаар Монгол Улсын хэмжээнд шат шатандаа хариуцлагын тогтолцоо нэмэгдэх учиртай.