УИХ-ын гишүүд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав
- Тус эмнэлэгийн хувьд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай болсон болохыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар хэлж байв
Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат хэлэхдээ, УИХ-ын ээлжит хаврын чуулганаар Эрүүл мэндийн тухай хуулийг батлан гаргасан. Энэхүү хуулинд эмч нарын хариуцлагын асуудлыг тусгаж өгсөн бөгөөд мөн иргэдийн хувьд өвдсөн хойноо биш, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх арга замыг бий болгох бодлогыг хуулинд суулгаж өгсөн болохыг танилцуулав. Мөн удахгүй УИХ-аар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэх гэж байгаа бөгөөд энэхүү хуулийг батлахын тулд эмч, эмнэлэгийн ажилтнуудын санаа оноо чухал болохыг онцлов.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир нарын ажилласан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хувьд 1961 онд байгуулагдсан бөгөөд жилдээ дунджаар 12 мянган иргэн хэвтэн эмчлүүлдэг 512 ажиллагсадтай эмнэлэг юм. Тус эмнэлэгийн хувьд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай болсон болохыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар хэлж байв. Мөн тус эмнэлэгийн санхүүгийн гол эх үүсвэрийн 30 гаруй хувь төсвөөс, даатгалын сангаас 68,5 хувь нь, харин 1,8 хувийг төлбөрт үйлчилгээний орлогоос санхүүжилтээ олдог болохыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга С.Отгонгэрэл хэлж байв.
УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд төсвийн тодотгол яригдаж байгаа учраас УИХ-ын гишүүд ийнхүү тус эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлэгийн ажилтнуудын санаа бодлыг сонсож байгаа болохыг УИХ-ын гишүүд хэлж байв.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зүгээс маргааш Улсын клиникийн төв эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг болон гуравдугаар эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлэгийн ажилтнуудтай уулзахаар төлөвлөсөн болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.