2025.03.31

Ж.Алдаржавхлан: Оройтоогүй дээрээ төсвийн зардлаа бууруулж ЭЗ-аа тогтооё

УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар  Засгын газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

Сургууль орчмын гэмт хэрэг 1675-аар нэмэгдсэн нь сэтгэл зовнисон асуудал юм. Хүүхдүүд ямар гэмт хэрэг хийгээд байгааг судалж үзсэн үү гэж салбарын сайдаас асууя.

Монгол Улс Байгаль орчны индексээр дэлхийн 180 орноос 177-д буюу сүүлээсээ 3-р байранд оржээ. Ямар үзүүлэлт, дүгнэлтэд үндэслэн ийм үр дүн гарав?

Эрчим хүчний сайдаас асууя. Энэ ард түмэнд таалагдах, оноо авах зорилготой асуулт биш шүү. Ард түмэн эрчим хүчний үнийн нэмэгдлийг шүдээ зуугаад даваад гарсан. Гэтэл 5-р сарын 1-ээс дулааны үнэ нэмэгдэнэ. Үнийн нэмэгдлийн асуудал дээр нөлөөллийн судалгаа хийж үзсэн үү? Иргэд ямар байдалд орсон байна вэ? Дулааны үнийг зайлшгүй нэмэх шаардлага байна уу? Эрчим хүч, цахилгааныхаа үнийг арайхийн тэсч гарсан хүмүүс дараагийн цохилтод бэлэн болов уу?

Валютын нөөц, ханшийн асуудал хүндрээд байна. Төсвийн тодотголынхоо бэлтгэлийг хийж байгаа юу,? Төслийн зардлыг бууруулах чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байна уу? Оройтоогүй дээрээ зарлагаа багасгаж төсвийн тодотголоо хийх саналтай байна.

Түүний асуултад БСШУ-ны сайд П.Наранбаяр, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.